Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0353

 

 

 

 

“А” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч: “А” ХХК

          Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагч Г.О

          Гуравдагч этгээд: Ж.А

          Гомдлын шаардлага: “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн 2602000056 дугаартай шийтгэлийн хуудас №0103914-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай  

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0347 дугаар

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

          Хариуцагч Г.О

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

          Хэргийн индекс: 128/2026/0242/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “А” ХХК нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагч Г.Од холбогдуулан "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн 2602000056 дугаартай шийтгэлийн хуудас №0103914-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай гомдлын шаардлага гаргажээ.            

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0347 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч "А" ХХК-иас гаргасан "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн 2602000056 дугаартай шийтгэлийн хуудас №0103914-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баас гаргасан давж заалдах гомдлын агуулга:   

              3.1 "А" ХХК-ний ажилтан Ж.А Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасныг улсын байцаагч гомдлыг хянаад нэхэмжлэгч “А" ХХК -ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсгээр 5.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулан Ж. Ат 2025 оны 8,9,10 дугаар сарын цалин хөлс, ээлжийн амралтын цалин болон алданги тооцон нийт 8,558,119.22 төгрөгийг Нөхөн төлөөлүүлэхээр даалгасныг эс зөвшөөрөн шүүхэд хандсан.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д зааснаар хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч, гэрч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтаар Ж. Аийн өөрийнх нь компаниас их хэмжээний хохирол учруулснаа хүлээсэн баримт, цагдаагийн байгууллагын гомдол хүлээн авсан талаарх баримтыг шүүх үнэлэлт өгч бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасангүй. Гомдол гаргагч “А" ХХК-иас Ж.Ат хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаагүй, Цагдаагийн байгууллага гэм бурууг тогтоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажил үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн тул хариуцагчийн тогтоосон зөрчлийн актыг үндэстэй гэж шүүх дүгнэсэн. Ажил олгогч “А" ХХК нь ажилтан Ж.Аийг компанид их хэмжээний хохирол учруулсан, хохирлоо барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг харгалзан цагдаагийн байгууллагад өгөлгүй цалин хөлсийг түр түдгэлзүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцолгүй зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Хариуцагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яамны улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэр ажиллагаа нь зөвхөн нэг талыг барьсан нотлох баримтыг дутуу үнэлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, хэргийг шалгах ажиллагаа явагдаж байгаа байдлыг харгалзан үзэлгүй компанид 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэсгүй акт гаргасан.

Иймээс “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10 өдрийн 128/ШШ2026/0347 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн 2602000056 № 0103914 дугаартай шийтгэлийн хуудас ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.     

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0347 дугаар шийдвэрээрээ Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч "А" ХХК-иас гаргасан "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн 2602000056 дугаартай шийтгэлийн хуудас №0103914-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            3. Маргааны үйл баримтын товч агуулга:

3.1 “А" ХХК болон гуравдагч этгээд Ж.А нар нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус компанид няравын албан тушаалд ажиллах Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

3.2 “А” ХХК-иас компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/131 дугаар тушаал гаргаж Ж.Аийг компанийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн байгууллага тогтоох хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг үндэслэн ажил үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар эрх бүхий байгууллагын шийдвэр гартал олгогдоогүй 2025 оны 08, 09 дүгээр сарууд болон 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх цалинг олгохыг зогсоожээ.

3.3 Улмаар гуравдагч этгээд Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аээс 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газарт "... Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Русский центрийн 2 давхарт 201 тоотод үйл ажиллагаа явуулдаг "А" ХХК нь ажилтан Ж.Аийн 2025 оны 08, 09, 10 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс болон 2025 оны ээлжийн амралтын цалинг хугацаанд нь олгоогүй..." гэх гомдлыг гаргажээ.

3.4. Дээрх гомдлын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05-07/03 дугаартай "А” ХХК-нд "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, хяналт шалгалтыг хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О хийсэн байна.

3.5 2026 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103914 дугаартай шийтгэлийн хуудсаар “А" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн нь оролцогчдын мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 8,558,119.22 төгрөгийг төлөхийг даалгасан.

3.6 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үеэр буюу 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-иас Ж.Аийг шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан байх бөгөөд энэ талаараа зөрчлийн хэрэг материал танилцуулсан 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгджээ.

4. Ж.Аийн 3 сард олгох нийт цалин 4,455,028.73 төгрөг, алданги 2,549,175.73 төгрөг,тухайн жилд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 1,553,915.00 төгрөг бөгөөд олговол зохих цалин хөлс 8,558,119.22 төгрөг гэж тооцоолсон байна.[1] Энэ мөнгөн дүнд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болоод шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргадаггүй. Талууд зөвхөн шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй эсэхэд маргадаг.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/2725 дугаартай албан бичгээр Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс “... Жын А /РД:НТ74082207/-т холбогдуулан гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх, Ж.Ат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх талаарх баримтууд”-ыг ирүүлнэ үү гэх тоотыг хүргүүлжээ.

6. Дээрх албан бичгийн хариуд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30ё2-2/3060 тоот албан бичгээр[2] “Тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 250804276 дугаартай хэрэгт Д.Оыг холбогдуулан шалгаж байна. "А” ХХК-с гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт Жын А (НТ74082207)-ээс сэжигтнээр мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өөрөөр Ж.Ат холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.” гэх хариуг ирүүлсэн байна.

7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сараас Ж.А нь компанид үлэмж их хэмжээний хохирол учруулсан тогтоогдож эхэлсэн бөгөөд үүнийгээ цалингаасаа төлж барагдуулна гэсэн учраас үргэлжлүүлэн ажиллуулсан боловч сүүлдээ ажилдаа ирэхээ больсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл “Ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх” гээд 55.1-д “Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно.” гэж заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэхийг нь түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон гэж тайлбарладаг.

7.1 Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг ажил олгогч бус эрх бүхий албан тушаалтан гарахаар хуульд зохицуулсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн ажил олгогчоос ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоохоор байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30ё2-2/3060 тоот албан бичгээр “... Ж.Ат холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй” гэх хариуг ирүүлснээс үзвэл “А” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/131 тоот “Ажил үүргийг түр түдгэлзүүлэх тухай” тушаал нь эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

7.2 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд “Цалин хөлс олгох” гээд  104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.” гэж зааснаар ажил олгогч нь цалин хөлсийг сар бүрийн тогтсон өдрүүдэд нь олгох үүрэгтэй бөгөөд ингэж олгоогүй тохиолдолд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно.” гэж заасны дагуу алданги тооцох зохицуулалттай.

7.3 Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн зүгээс өөрийн байгууллагад учруулсан гэх хохирлыг төлүүлэхдээ түүний ажилласан хугацаанд олговол зохих цалин хөлсийг хуулийн дагуу олгож, олгосон цалин хөлснөөсөө зохих хуваарийн дагуу суутгал, шимтгэлийг хийвэл хуульд нийцэх байсан бөгөөд огт цалин хөлс олгохгүйгээр ажиллуулсан нь үндэслэлгүй байна.

8. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй... бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад "Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авсан нь хуульд нийцнэ.

9. Анхан шатны шүүхээс “... Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, эрх зүйн үндэслэлгүй тушаалыг үндэслэн гуравдагч этгээд Ж.Ат олговол зохих 2025 оны 8, 9, 2025 оны 10 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан"-нд хамаарахгүй байх тул хариуцагчаас "А" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй" зөрчил үйлдсэн гэж дүгнэж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь зөв болжээ.

10. Нөгөөтээгүүр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бын “... нэхэмжлэгч, гэрч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтаар Ж.Аийн өөрийнх нь компаниас их хэмжээний хохирол учруулснаас хүлээсэн баримт, цагдаагийн байгууллагын гомдол хүлээн авсан талаарх баримтыг шүүх үнэлэлт өгч бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасангүй” гэж гомдож буй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байна.

11. Мөн гуравдагч этгээдийн зүгээс компанид учруулсан хохирол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлэгчид эрүүгийн журмаар төлж барагдуулах хохирлын дүнгээс гуравдагч этгээдэд олговол зохих цалин хөлс болох 8,558,119.22 төгрөгийг суутган тооцоход энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                          С.МӨНХЖАРГАЛ  

 

                                  ШҮҮГЧ                                          А.САРАНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 135 дугаар тал