Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01971

 

 

 

 

 

 

 

 

 

2020           06             17                                                 102/ШШ2020/01971 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД, 00 дугаар хороо, Ү 0 ХД, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, И м овогтой Д-гийн Д /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, 0 хороолол, Х гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Д Н овогтой Г-ын С /РД: АА00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,253,960 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, К.Отгонцэцэг, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д 2017 оны 2 сард Г.Стэй танилцсан бөгөөд энэ хугацаанд Г.С БНХАУ, Шанхай явж ажил хөөцөлдөх зэргээр хамт явж, итгэлийг бүрэн олсон байсан тул элдэв муу зүйл саналгүй хариуцагчид итгэж мөнгө зээлдүүлж, зээлсэн мөнгөө буцаагаад өгнө гэж найдсаар ирсэн. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хариуцагчийн зүгээс надад хандан мөнгө түр зээлээч гэх мэтээр гуйж эхэлсэн. Эхэн үедээ авсан мөнгөө буцааж шилжүүлж байсан нь дансны хуулгаас харагдана.

Г.С нь удаа дараа мөнгө зээлж байсан тухайд, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг түр өгөөч 7 хоногийн дараа түц барьж босгоод ашигтай зараад ашгийг нь хамт хувааж авая, авах хүн нь бэлэн байна хэмээн зээлсэн.

Түүнчлэн, 2018 оны 3 сард Гуанжу явж мотоциклын сэлбэг тоноглол бусад бараа материал хямд экспортолж зарна, дахиад 4,000,000 төгрөг олоод өгөөч гэж удаа дараа гуйхаар нь 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь Гуанжу явж ирээд “Эрээн дээр байна бүх мөнгөө шавхсан зардалгүй болчихлоо, ачаагаа авах гэсэн юм ачааны мөнгө өөр бусад жижиг сажиг зардлын мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлсэн. Г.С 2018 оны 4 сарын 15 өдөр 600,000 төгрөг, мөн оны 4 сарын 17-ны өдөр 400,000 төгрөг тус тус буцааж шижүүлсэн байдаг.

Үүнээс гадна, мотоцикл эвдэрчихлээ, машин хөдөө явж байгаад эвдэрчихлээ, утас хаагдах гээд байна утасны мөнгө хурдан төлөөд өгөөч, удаа дараа гуйж гувшин 2017 оны 3 сараас 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл бэлэн мөнгө, эд бараа, дансаар зээлж авсаар нийт 30,000,000 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөнгөө нэхэх бүрт зохицуулж өгнө санаа зоволтгүй, удахгүй гэж хэлсээр өдийг хүрсэн. Үүнээс хойш, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “манай нэг хятадын жолооны үнэмлэхийг гаргуулахад яаралтай мөнгөний хэрэг болчихлоо 2,000,000 төгрөг түр 7 хоногийн хугацаатай зээлүүлээч” гэж удаа дараа утасдаад, дараа 7 хоногт буцааж өгнө шүү гээд 2,000,000 төгрөг шилжүүлсэн, 12 сарын 6-ны өдөр буюу маргааш нь дахиад 500,000 төгрөг өгөөч яаралтай хэрэг болчихлоо, цалингаа авангуутаа нөгөө мөнгөтэй хамт өгье, туслаач гээд нэмж авсан. Улмаар 12 сарын 9-ний өдөр буцааж 600,000 төгрөг шилжүүлж өгсөн. Хариуцагч нь үлдсэн мөнгийг Чингис шилжүүлнэ би авч өгнө гэж хэлсэн. 12 сарын 16-ны өдөр дахин 500,000 төгрөг хэрэг болчихлоо удахгүй бүгдийг нь нөгөө мөнгөнүүдтэй хятадуудаас аваад өгнө, би хүртэл олон сарын цалингаа аваагүй баларч байгаа гээд авсан байна. 12 сарын 17 болон 26-ны өдрүүдэд маш хямд бенз байна, таньдаг ах маань мөнгөний хэрэг гараад хямд зарж байна, энийг нь аваад буцааж зарахад дор хаяж 6,000,000 төгрөг хүрнэ гээд авч ирж үзүүлээд 2,500,000 төгрөг авсан. Дараахан нь бензний түлхүүрийг нь хаясан, түлхүүр байхгүй бол асахгүй байна гэсэн шалтгаанаар одоог хүртэл мөнгө ч өгөөгүй сүүлдээ машин ч байхгүй болсон.

2019 оны 12 сарын 25-ны өдөр хариуцагчийн ажлын хүн Чингис надруу 1,300,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг Г.С авсан өөрөө төлөх ёстой гээд Г.Сөөс нэхэхээр Чингис өгөх ёстой гэх байдлаар бие бие рүүгээ түлхэж хэн нь авсан хэн өгөх ёстой учир нь олдохоо байсан. Мөн 2020 оны 1 сарын 10-ны өдөр Дарханд шүүх хуралд оролцоод торгууль 500,000 төгрөг төлчихвөл хурдан салчих гээд байна гээд утасдаж гуйсаар нэмж 500,000 төгрөг шилжүүлж авсан, торгуулиа төлөөд хурдан салсан гээд маргааш нь буюу 1 сарын 11-ний өдөр буцааж 350,000 төгрөг шилжүүлсэн, үлдсэнийг нь өдөр ажил дээрээ очиж шилжүүлнэ гээд таг болсон байдаг. 2020 оны 1 сарын 13-ны өдөр согтуу явж байгаад эрхээ хасуулчихлаа машинаа журамлуулчихлаа, энэ удаа надад туслаад миний машиныг гаргаад өг хятадуудын мөнгө нь удахгүй орж ирэхээр чамд өгөх ёстой бүх өрөө төлнө гээд дахин мөнгө авсан байна. Энэ мэтээр Г.С нь янз бүрийн шалтаг хэлж надаас мөнгө зээлсээр өнөөдрийн байдлаар нийт 34,253,960 төгрөг болсон. Миний бие хариуцагчийн Хаан банкин дахь 5023101950 дансруу мөнгө шилжүүлдэг байсан ба энэ нь тус банкны хуулгаар нотлогдоно.

Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс хариуцагч Г.Сийн зүгээс надаас зээлсэн мөнгө, эд зүйлийн төлбөрт нийт 34,253,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С миний бие Д.Дгаас ажилд ортлоо хэрэглээний бага сага мөнгө авч байсан, Д.Д өөрөө ч надад өгдөг байсан. Би тэр мөнгийг нь зээлж байна гэж бодоогүй. Мөн дараа нь би түүнээс мөнгө авч хувийн бизнес эрхлээд амжилтгүй болж дампуурсан. Тэрээр “чи надтай хамт байх юм бол би чамд гоё гоё юм их үзүүлж зөндөө юм авч өгнө” гэж байсан. Тухайн үед би залуу хүн болохоор гоё санагдаж бүх юм сонирхол татаж сайхан мэт байсан боловч төд удалгүй эхнэр маань бие давхар болж үүнийгээ Д.Дд хэлж дотно харилцаагаа зогсоож түүнээс холдсон боловч хуурамч фэйсбүүк нээж намайг дарамталж, эхнэр хүүхэд рүү маань янз бүрийн мэссеж бичих болсон. Дараа нь би Д.Дтай уулзаж “яагаад ингээд байгаа юм бэ” гэхэд “би чамаас салмааргүй байна, чи намайг хохироож байна, буцаж нийлэхгүй бол эхнэр, хүүхэд рүү чинь мэссеж бичнэ” гэх зэргээр дарамт шахалт удаа дараа үзүүлсээр байгаад буцаж нийлж шөнө болгон “хурдан ир, би чамайг хүлээж байна” гэж утасддаг болсон.

Би түүнээс хөндийрөхөөр хөдөө явж ажилласан. Хөдөө миний утас сүлжээ байхгүй холбогдохгүй болохоор залилангийн чанартай өргөдөл бичиж цагдаагаар дуудуулсан. Мөрдөн байцаагчид би бүх үнэнгээ хэлэхэд “чи Д.Дтай уулзаад учираа олоод хүрээд ир” гээд явуулсан. Тэгээд би түүнтэй уулзаж “яг одоо чамд өгөх мөнгө байхгүй гэдгийг чи мэдэж байгаа, би чиний тэр хүнээс авч чадахгүй байгаа мөнгийг дахин гэрээ хийж олж өгье, харин энэ надаас нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийг ажлын хөлсөндөө суутгаад авчье” гэхэд Д.Д өргөдлөө буцааж авсан.

Би буцаж хөдөө ажил руугаа яваад 2019.11.15-нд уурхайгаас буцаж хотод ирсэн. Энэ хугацаанд би түүнд “хотод өөрөө байгаа болохоор хурдан ажлыг чинь амьжуулаад өгье, мөнгө авах хүмүүсийнхээ нэрсийг өгчих” гэж удаа дараа хэлсэн боловч “за одоохон өгнө” гээд өгөөгүй. Намайг хотод байгааг мэдсэн болохоор дахин шөнө болгон утасдаж дуудахаар нь би очиж ярилцсан. Манай эхнэр одоо дахин бие давхар болсон гэж учирлан тайлбарлахад шөнө болгон залгаж ир гээд өдийг хүрч байна. Одоо манай эцэг, эх рүү өөрөө болон өмгөөлөгчөөрөө залгуулж “ ... миний мөнгийг өг” гэж дарамталдаг болсон.

Бид хоёрын харилцаанд эцэг, эх, эхнэр, 2 хүүхэд маань ямарч холбоогүй. Сүүлд би Д.Дгаас мөнгө зээлж аваад өгөөгүй 3,500,000 төгрөг дутуу байгаа нь үнэн. Хамт ажилладаг уурхайн хөрөнгө оруулагч Хятадууд миний цалинг өнгөнгүүт шууд Д.Дд өгөх болно. Миний бие түүнд өдий хүртэл өөрийнхөө чадлаар тусалж дэмждэг байсан болохоос биш дарамталж, дээрэлхэж, хуурч залилан мэхэлж мөнгө авч байгаагүй. Би зээлж авсан мөнгөө бүгдийг нь өгч чадаагүй ч тодорхой хэмжээний мөнгө өгсөн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,253,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

           

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Г.С нь мотоцикл авах, засвар үйлчилгээ хийх, эмнэлэгт үзүүлэх, утасны төлбөр төлөх зэргээр мөнгө хэрэгтэй боллоо гээд 2017.03.28-ны өдөр 200,000 төгрөг, 2017.03.30-ны өдөр 400,000 төгрөг, 2017.05.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017.05.19-ны өдөр 3,500,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 100,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 150,000 төгрөг, 2017.05.26-ны өдөр 150,000 төгрөг, 2017.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.06.18-ны өдөр 240,000 төгрөг, 2017.06.22-ны өдөр 300,000 төгрөг, 2017.07.01-ний өдөр 5,500,000 төгрөг, 2017.08.12-ны өдөр 40,000 төгрөг, 2017.08.16-ны өдөр 100,000 төгрөг, 2017.08.16-ны өдөр 60,000 төгрөг, 2017.09.01-ний өдөр 200,000 төгрөг, 2017.09.07-ны өдөр 300,000 төгрөг, 2017.09.11-ний өдөр 600,000 төгрөг, 2017.09.16-ны өдөр 150,000 төгрөг, 2017.09.28-ны өдөр 40,000 төгрөг, 2017.09.29-ний өдөр 50,000 төгрөг, 2017.10.14-ний өдөр 100,000 төгрөг, 2017.10.15-ны өдөр 70,000 төгрөг, 2017.10.18-ны өдөр 850,000 төгрөг, 2017.10.22-ны өдөр 80,000 төгрөг, 2017.11.02-ны өдөр 250,000 төгрөг, 2018.02.06-ны өдөр 500,000 төгрөг, 2018.03.05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.03.14-ний өдөр 390,000 төгрөг, 2018.03.22-ны өдөр 250,000 төгрөг, 2018.03.23-ны өдөр 30,000 төгрөг, 2018.03.26-ны өдөр 150,000 төгрөг, 2018.03.31-ний өдөр 80,000 төгрөг, 2018.04.05-ны өдөр 100,000 төгрөг, 2018.04.26-ны өдөр 400,000 төгрөг, 2018.05.01-ний өдөр 70,000 төгрөг, 2018.05.07-ны өдөр 280,000 төгрөг, 2018.05.08-ны өдөр 500,000 төгрөг, 2018.05.13-ны өдөр 3,000 төгрөг, 2018.05.23-ны өдөр 200,000 төгрөг, 2018.05.26-ны өдөр 450,000 төгрөг, 2018.07.09-ний өдөр 50,000 төгрөг, 2018.07.12-ны өдөр 200,000 төгрөг, 2018.07.14-ний өдөр 150,000 төгрөг, 2018.07.21-ний өдөр 100,000 төгрөг, 2018.07.23-ны өдөр 400,000 төгрөг, 2018.07.25-ны өдөр 370,000 төгрөг, 2018.08.17-ны өдөр 350,000 төгрөг, 2018.08.28-ны өдөр 682,600 төгрөг, 2018.08.30-ны өдөр 100,000 төгрөг, 2018.09.18-ны өдөр 210,000 төгрөг, 2018.09.21-ний өдөр 100,000 төгрөг, 2018.09.22-ны өдөр 100,000 төгрөг, 2018.10.06-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018.10.22-ны өдөр 900,000 төгрөг, 2018.10.31-ний өдөр 60,000 төгрөг, 2018.11.05-ны өдөр 200,000 төгрөг, 2019.01.04-ний өдөр 125,000 төгрөг, 2018.10.21-ний өдөр 56,000 төгрөг, 2017.06.12-ны өдөр 230,000 төгрөг, 2018.06.21-ний өдөр 58,300 төгрөг, 2018.07.22-ны өдөр 56,000 төгрөг, 2018.09.21-ний өдөр 53,600 төгрөг, 2017-2018 3,070,000 төгрөг, 2019.12.05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.12.16-ны өдөр 500,000 төгрөг, 2019.12.17-ны 2,000,000 төгрөг, 2019.12.26-ны 500,000 төгрөг, 2020.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 400,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 100,000 төгрөг, нийт 41,304,500 тус тус зээлж авсан, үүнээс Г.С 7,050,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл 34,254,500 төгрөгийг хариуцагч Г.Сөөс гаргуулахаар шаардсан” гэж тайлбарлаж байна.

 

Хаан банк дахь нэхэмжлэгч Д.Д-гийн 5133045434 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2017.03.28-ны өдрөөс 2020.01.13-ны өдөр хүртэл нийт 61 удаагийн гүйлгээгээр 35,498,000 төгрөгийг хариуцагч Г.С-ийн 5323101950 тоот дансруу орлого хийсэн, /хэргийн 63-125 тал/ мөн Д.Д нь 2018.08.27-ны өдөр Интермед эмнэлэгт Г.Сийн эмчилгээний төлбөр 682,000 төгрөгийг Голомт банкны картаар төлсөн, 2018.02.06-ны өдөр 500,000 төгрөгийг хүлээн авагч Голомт банк дахь Б.Мягмарын 499164913 тоот данс руу “Сөр шивээс” гэх төлбөрийн зориулалтаар гүйлгээ хийсэн /хэргийн 10-16 тал/ болох нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч Г.С дээрх мөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч Д.Дтай дотно харилцаатай байсан бөгөөд тэрээр хэрэглээний мөнгө өгдөг байсан. Зөвхөн 2017.05.19-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017.05.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.03.05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.03.22-ны өдөр 250,000 төгрөг, 2019.12.05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 500,000 төгрөг, 2019.12.16-ны өдөр 500,000 төгрөг, 2019.12.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.12.12-ны өдөр 500,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 400,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 100,000 төгрөг, нийт 18,250,000 төгрөгийг “ТҮЦ барих, мотоцикл, Гуанжу-гаас мотоциклийн тоноглол авах, ачаа тээврийн зардал, бенз маркийн машин авах, бусдын жолооны төлбөр, торгууль, журмын хашааны төлбөр төлөх зорилгоор” тус тус зээлж авсан, бусад мөнгийг зээлээр аваагүй гэж тайлбарлаж байна.

           

            Талууд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгөний хэмжээний талаар маргаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд 41,304,500 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана.

 

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Голомт болон Хаан банк дахь өөрийн дансны хуулга, Б.Мягмарт 500,000 төгрөгийг “сөр шивээс” гүйлгээний утгаар шилжүүлсэн орлогын баримт, Интермед эмнэлгийн төлбөрийн баримт, цахим харилцааны зурвас зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн талуудын цахим харилцааны зурвасаар зээлийн мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй байхаас гадна талуудын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмнэлгийн төлбөрийн баримт зэргийг үндэслэн 41,304,500 төгрөгийг бүхэлд нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авахаар хариуцагч хүсэл зоригоо илэрхийсэн болохыг тодорхойлох баримт гэж үзэх боломжгүй байна. 

 

            Харин нэхэмжлэгч Д.Д 2017.05.19-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017.05.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.03.05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.03.22-ны өдөр 250,000 төгрөг, 2019.12.05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 500,000 төгрөг, 2019.12.16-ны өдөр 500,000 төгрөг, 2019.12.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.12.12-ны өдөр 500,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 400,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 100,000 төгрөг, нийт 18,250,000 төгрөгийг хариуцагч Г.Сд шилжүүлэх, хариуцагч Г.С шилжүүлэн авсан 18,250,000 төгрөгийг буцаан төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, тэдгээрийн дипозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 18,250,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Д 18,250,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч Г.С 2017.06.18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018.04.15-ны өдөр 600,000 төгрөг, 2018.04.17-ны өдөр 400,000 төгрөг, 2018.08.20-ны өдөр 300,000 төгрөг, 2019.12.09-ний өдөр 600,000 төгрөг, 2019.12.25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2020.01.11-ний өдөр 350,000 төгрөг, нийт 7,050,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банк дахь тэдгээрийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Хариуцагч Г.Сөөс 11,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,053,960 төгрөгийг нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн буюу хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан Г.Сийн Хаан банкны 2017 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 5023101950 дугаартай дансны хуулгыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С-өөс 11,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,053,960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,219 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-өөс 194,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ