Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох 2316000000162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт                       Говь-Алтай аймгийн ******* сумын ****** багт  оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Б овогт М-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Н-н 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн ****** сум ******* багийн Т-н гол гэх газарт очиж Б.Ц-с 40 тооны хурга, 30 тооны ишиг, 5 тооны эм ямааг 3,775,000 төгрөгөөр, “Т-н хар” гэх газарт очиж Н.М-с 40 тооны хургыг нийт 2,200,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, тэдгээрт “сүлжээ орохоор мөнгийг нь шилжүүлнэ” гэж хэлээд малыг нь авч явсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Н-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:

1. Шүүгдэгч М.Н нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн ****** сум ******* багийн “Т-н хар” гэх газарт очиж Н.М-с 40 тооны хургыг нийт 2,200,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, түүнд “сүлжээ орохоор мөнгийг нь шилжүүлнэ” гэж хэлээд малыг нь авч явсан болох нь:

1.1 Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын ******* багийн “Т-н хар толгой” гэх газарт нутаглаж амьдарч байсан. Тухайн өдөр манайд мал авна гэсэн яриатай малын ченж М.Н гэх залуу ирж уулзаад хурга 55,000 төгрөгөөр авна гэж ирсэн. Ирэхдээ М.Н нь үл таних залуутай хоёулаа мотоциклтой ирсэн ... Тэгээд 40 тооны хургыг М.Н нь надаас авахаар болоод 1 хурга тус бүрийг 55,000 төгрөгт бодохоор тохиролцсон. Тэгээд хоттой малнаасаа 40 тооны хургаа өгчихөөд мөнгө төгрөгөө авъя гэтэл нөгөөдөр таны дансанд 15 цаг гэхэд мөнгийг чинь хийе гэж хэлсэн. Би яг үнэн үү, итгэл даах уу? гэж асуухад найдвартай итгэлийг чинь алдахгүй гэж хэлсэн. Би тухайн үед 40 тооны хургаа зарахаа болих гэж байгаад итгээд өгөөд явуулахаар болсон. Тэгээд миний дансны дугаарыг, утасны дугаарыг бичиж тэмдэглэж аваад 40 хургаа туугаад явсан. Тохирсон хугацаа өнгөрөөд миний дансанд мөнгө төгрөг орохгүй бүр удаад байхаар нь 2022 оны 11 дүгээр сард М.Н-г хайж байгаад ***** сум ороод уулзтал мөнгийг чинь 2023 оны 05 сарын 01 гэхэд ямаа малаа самнаад өгнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй, хаана байгаа нь сайн мэдэгдэхгүй намайг залилсаар яваа тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

1.2. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н гэх залуу манайд 1 залуутай ирээд зарах мал байна уу гэж асуухаар нь тухайн хүнд 40 тооны хурга манай нөхөр зарахаар болсон юм. Нэг хургыг 55,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон юм. Манайх малнаасаа 40 хурга барьж өгөөд мөнгөө авах гэтэл маргааш нөгөөдрөөс сүлжээтэй болоод дансанд хийнэ гээд явсан. Манай нөхрийн дансны дугаарыг нь тэмдэглэж бичиж аваад малаа туугаад явсан. Тэгээд мөнгө төгрөгөө өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй байхаар нь утасны дугаар луу нь залгахаар холбогдохгүй, утсаа авахгүй байсан юм. Тэгээд өнөөдрийг хүртэл манайх 40 хурганы мөнгө болох 2,200,000 төгрөгийг авч чадахгүй байгаа юм ... Манайхаас 10 тооны мал мөнгөөр нь авч байсан болохоор зүс царай л таньдаг юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

1.3. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4663 дугаартай шинжээчийн “40 (дөч) толгой хургыг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/

2. Шүүгдэгч М.Н нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн ****** сум ******* багийн Т-н гол гэх газарт очиж Б.Ц-с 40 тооны хурга, 30 тооны ишиг, 5 тооны эм ямааг 3,775,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, түүнд “сүлжээ орохоор мөнгийг нь шилжүүлнэ” гэж хэлэн малыг нь авч явсан нь:

2.1. Хохирогч Б.Ц-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн өдөр ******* сумын ******* багийн нутагт охин зээ нарынхаа хамтаар “Т-н гол” гэх газарт амьдарч байсан. Тэр өдөр манайд мал авахаар 2 залуу ирсэн. Нэг нь манайхаас өмнө мал авч байсан Н гээд залуу байсан юм. Н нь манайхаас мал авахаар болоод тухайн хүнд нийт 75 тооны хурга, ишиг, эм ямаа зарсан. Мөнгөө өгч авалцах болоход бэлэн мөнгөгүй гээд ****** сум ороод шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан юм. Маргааш өдөр нь манай охин О мөнгөө авахаар залгаж ярихад сум дээрээ очоогүй байна. Очоод хийчихнэ гэж хэлээд хийгээгүй юм. Тухайн өдрөөс хойш манайхны утасны дугаарыг авахгүй, хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүртэл миний зарсан малын мөнгийг бүрэн барагдуулахгүй байгаа юм... 40 хурга, 30 ишиг, 5 эм ямаа зарсан ... Н өмнө нь манайхаас нэг удаа мал авсан бөгөөд тухайн үед зүс таньдаг болсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/

2.2. Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н гэх ****** сумын гаралтай залуу над руу залгаж яриад би хэд хоногоос очиж танай сумаас мал авна. Танайд зарах мал байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би бэлэн мөнгөнд бол ишиг, хурга зарна гэж хэлж байсан юм. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манайд Н нь 1 үл таних залуутай мал авахаар ирлээ гээд ирсэн. Тухайн хүмүүс манайд ирэхдээ мотоциклтой ирсэн. Тэгээд тухайн хүнд манайх 40 толгой хурга, 30 толгой ишиг, 5 тооны эм ямаа зарахаар тохиролцсон. Малаа хашиж байгаад тухайн малыг барьж өгсөн юм. Мөнгөө авахаар болтол Н нь бэлэн мөнгөгүй ирсэн. Маргаашнаас сүлжээ ороод шилжүүлнэ гээд дансны дугаарыг аваад явсан юм. Маргааш өдөр нь би өөрөө залгаад ярьтал ******** сум ороод гэртээ очоод шилжүүлье. Одоо сум орох дөхөж байна гэсэн. Тэгээд тухайн өдөр би залгаад дахиж утсаа аваагүй. Холбоо барихгүй мөнгө хийхгүй байхаар нь 2022 оны 09 сард би залгаж байгаад утсаа аваад ярихаар нь хүүхдийн төлбөр хийх боллоо мөнгөө хийгээч гэтэл надад мөнгө байхгүй гэж хэлээд тасалчихсан. Улмаар дахиж тухайн оны 11 дүгээр сард холбогдтол Д аймагт явж байна удахгүй ****-д очно 5 даага зарна тэгээд мөнгө өгнө гэснээ тасалсан. Тэгээд хэд хоногоос сум дээр даага зарах гээд ирсэн байхаар нь хайж очиж уулзтал даага зарагдахгүй байна зарагдахаар мөнгө өгнө маргааш танайд очоод мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Маргааш нь манайд ирээгүй. Утсаа аваагүй сумаас явсан байсан. Тэгээд холбоо огт бариагүй, утас авахгүй байсаар байтал 2023 оны 05 сард бас аргаа барсаар залгаж байгаад утсаар нь холбогдож ярьтал ямаагаа самнаж мөнгөтэй болоод өгье гээд бас худлаа хэлээд алга болсон юм. Тэгээд аймагт явж байгаад Н-тэй тааралдсан  боловч бас мөнгөө авч чадаагүй. Одоо болтол би зарсан малын мөнгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/

2.3. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  ТХҮ-921/4664 дугаартай шинжээчийн “40 (дөч) толгой хурга, 30(гуч) толгой ишиг, 5(тав) толгой эм ямааг нийт 2,800,000 (хоёр сая намайг зуун мянга ) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. / хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн  дээрх үйлдлүүд нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “малыг авч яваад төлбөрийг сүлжээ орохоор шилжүүлнэ”  гэж бодит байдлыг нуух замаар хариу төлбөр хийхгүйгээр хохирогч Б.Ц, Н.М нарыг хуурч мэхлэн тэдгээрийн өмчлөлийн малыг авч явснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.Н-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийх буюу хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулах, албаны үнэмлэх, хувцас зэргийг ашиглан хохирогч нарт итгэл төрүүлэх зэргээр өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн үйлдэл нь “...бэлэн мөнгө байхгүй тул сүлжээ орохоор төлбөрийг шилжүүлнэ...” гэж хохирогч нарт хуурамч итгэл төрүүлж эд хөрөнгө авснаараа залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/, хохирогч Н.М-н Цагдаагийн газарт гаргасан “... Н-д 40 тооны хурга худалдсан боловч мөнгийг нь өгөөгүй, 2023 оны 09 дүгээр сард ГАА-н цагдаагийн газарт өргөдөл өгч шийдвэрлүүлэн хохирлоо барагдуулсан ... гомдол санал байхгүй болно ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, хохирогч Б.Ц-н Цагдаагийн газарт гаргасан “... Н нь 75 тооны мал авч яваад мөнгийг нь өгөөгүй. 2023 оны 09 дүгээр сард ГАА-н цагдаагийн газарт өргөдөл өгч шийдвэрлүүлэн хохирлоо бүрэн барагдуулсан ... гомдол санал байхгүй болно ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлөгдсөн,гомдол саналгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч М.Н-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н-н гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн хэд, хэдэн удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар хохирлын нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Б овогт М-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 900(есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Н-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар хохирлын нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА