| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0146/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л-д холбогдох 2316001250178 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ******** аймаг ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Г овогт Ц-н Л.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумын ******* багийн “Э” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайж 700 грамм алтны илэрцтэй чулуу олборлосон болох нь:
1. Шүүгдэгч Ц.Л-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд Д-н бичиг баримтыг хайхаар өмнө нь очсон гэх газарт очсон. Д бид 2 бичиг баримтыг нь хайсан. Ү, Б хоёр машин дотор байсан. Би бичиг баримт хайж байхдаа ухсан нүхний хажуу талын овоолсон шороон дээрээс алтны судалтай хэдэн ширхэг чулууг түүж авч шуудайнд хийж машины суудал доогуур хийчихээд байж байтал мотоцикл дуугарахад Д-г хурдан суу гэж дуудаад тэр газраас хөдөлсөн. Тэгээд зугтаад явж байтал дугуй хагарч, машин халаад явахгүй зогсож, цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/
2. Иргэний нэхэмжлэгч Т.Г-н өгсөн “...2023 оны 06 дугаар сарын эхээр алтны илэрц гарч эхэлсэн ... Өмнө нь гар аргаар алт олборлож байгаагүй. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Э” гэх газарт намайг очиж үзэхэд ухсан нүх байсан. Хэзээ ухсаныг нь би мэдэхгүй байна ... Тус газарт би 2023 оны 11, 12, 16-нд эргүүл хийж очиж үзсэн. Намайг хамгийн сүүлд эргүүлээр очиход нүхийг буцааж булсан байсан. Тухайн газар өмнө нь бага зэрэг хөндөгдөж ухагдсан байдалтай байсан... Орон нутгийн болон тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
3. Гэрч Л.Н-н өгсөн “... Би хөдөө ***** багт байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймгаас сэлбэг авах гээд Э гүүрэн дээр ах Б-р хүргүүлж ирээд замын унаанд дайгдахад цагаан өнгийн машин байсан аймаг ирэх замд цагдаа зогсоож хамт аймаг орж ирсэн ... Тухайн тээврийн хэрэгсэл ямар ачаа ачсан эсэхийг мэдэхгүй, цагдаа дээр ирэхэд алтны багаж, идэх уух зүйл, хувцас хунар байсан... Замдаа ачаа бараа буулгаагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/
4. Гэрч Б.Ц-н өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой ******* сум руу явж байгаад ******* сумын ******** багийн “А” гэх газарт хоночихоод өглөө нь цааш явж байтал урдаас манай хүүгийн хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийг цагдаа хөөсөн гарч ирэхэд нь бид нар уулзаж чадалгүй тэр чигтээ буцаж зугтсан... Тэр чулууг хэн авсныг мэдэхгүй. Тэд нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
5. Гэрч Б.Д-н өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 06-нд алтанд явж байгаад цагдаа нарт баригдахад би бичиг баримтаа хаясан учраас Л-г машинтайгаа яваад өгч гэж гуйхад тэгье гэж хэлээд Ү, Б бид нар 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд аймгийн төвөөс гарсан юм. Тэгээд Л-н машин замдаа халаад байсан. Тэгээд манай дүү О-нд очиж хоночихоод өглөө нь бичиг баримтаа хайя гээд Л, Ү, Б бид 4 явсан юм. Тэгээд өмнө очсон газартаа очиж бичиг баримтаа хайж байхад мотоцикл дуугарсан чинь Л машиндаа хурдан суу гэж хэлээд явсан араас цагдаа хөөж ирсэн... Дугуй нь хагарч зогсоод цагдаад баригдсан... Чулууг хэн авсныг мэдээгүй, цагдаа зогсоож шалгахад Л-н машин дотроос гарч ирсэн. Тэгтэл Л би хэдэн чулуу хагалж үзээд авсан юм гэж хэлсэн... Тусгай зөвшөөрөл байхгүй, бичиг баримт хайх зорилгоор л явсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
6. Гэрч Б.Ү-н өгсөн “...Л-тай Б бид 3 явж байхад Д таарсан юм. Тэгэхэд Л Д хоёр наймаа л хийгээд байх шиг байсан ... Тэгээд Д бичиг баримт хайна гэхээр би архины халуундаа дагаад явчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Д-н дүүгийнд очсон байсан. Тэгээд тэнд 2 шил архи уусан. Тэгээд өглөө нь бичиг баримт хайхаар явсан. Б бид хоёр машин дотор нь шартаад унаж байтал мотоцикл дугарч байна гээд машинтайгаа зугтаж байгаад зогссон чинь машины дугуй нь хагарсан байсан. Тэгээд мотоциклтой цагдаа ирээд машиныг үзээд байсан. Шуудайтай юм гаргаж ирсэн ... Шороо ухах багаж байгаагүй. Л овоолсон шороон дээрээс чулуу авч хагалсан чинь алттай байхаар авсан гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/
7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас/
9. Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-н захилгын ХФ2023/0772 дугаартай “... элемент-Au ... мг/кг-1.19...” гэх агуулга бүхий шинжилгээний дүн /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/
10. Шинжээч Ч.Т-н өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ХФ2023/0772 дугаартай дээжид би ААС нэртэй багажаар үр дүнг гаргасан ... “Au” гэдэг элемент нь үнэт металл болох алт юм. “Au”-1.19 мг/кг гэсэн нь Ч.Л-с ирүүлсэн хүчлийн уусмалд “Au”-1.19 мг/кг агуулагдах алтны хэмжээ юм ... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ХФ2023/0772 дугаартай шинжилгээний дунд үнэт металл болох алт нь илэрсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/
11. Шинжээч Ч.Л-н өгсөн “... “Au” гэдэг элемент нь үнэт металл болох алт юм. “Au”-1.19 мг/кг гэсэн нь тухайн ирүүлсэн дээжийн төлөөлөх чадвартай гэдэг нь ирүүлсэн дээжээс 200 граммыг сонгож авч шинжилгээнд оруулсныг хэлж байгаа юм... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ХФ2023/0772 захиалга дугаартай шинжилгээний дунд үнэт металл болох алт нь илэрсэн бөгөөд төлөөлөх чадвартай 200 грамм дээжид 1.19 мг/кг үнэт металл болох алт илэрцийг шинжилсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/
12. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/88 дугаартай “... Тухайн талбайн байгальд учруулсан нийт хохирлын үнэлгээ 2,162 (хоёр мянга нэг зуун жаран хоёр) төгрөг болж байна...Тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 4,861 (дөрвөн мянга найман зуун жаран нэг) төгрөг болж байна...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр авч уг тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн хэлбэрээр ажиллах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан болон эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардлуудыг мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.Л төлж барагдуулсан/хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/ тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийн үнэ бүхий ****** УАХ улсын дугаартай Тоёота Приус-30/toyota prius-30/ загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Ц.Л-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** УАХ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30/toyota prius-30/ загварын тээврийн хэрэгсэл, VIDA гэсэн бичигтэй улбар шар өнгийн цахилгаан үүсгүүр моторыг хураан авч, улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Байгаль орчин үнэлгээний “Нуман-Алтай” ХХК-н шүүгдэгч Ц.Л-н гэмт буруутай үйлдлийн улмаас газрын хэвлийд учирсан хохирлыг тогтоох шинжилгээний зардалд 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж тус тус хуульчилсан.
Иймд **** УАХ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30/toyota prius-30/ загварын тээврийн хэрэгсэл, VIDA гэсэн бичигтэй улбар шар өнгийн цахилгаан үүсгүүр моторыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулан “Нуман-Алтай” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Л-6425 бор цаасан ууттай дээжний шороо, чулууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ц-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Л-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Л-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** УАХ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30/toyota prius-30/ загварын тээврийн хэрэгсэл, VIDA гэсэн бичигтэй улбар шар өнгийн цахилгаан үүсгүүр моторыг улсын орлого болгож, эдгээрийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулан “Нуман-Алтай” ХХК-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Л-6425 бор цаасан ууттай дээжний шороо, чулууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА