Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

хохирогч О.Э, А.С,

шүүгдэгч Т.Д,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох 2316001530147 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  халх, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ******* *****-н ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ****** У ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай, Н овогт Т-н Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Д-н Мустанг5-200 загварын загварын мотоциклыг ашиглаж 2022 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн ******* сумын ************** багаас А.С-н 22 адууг, 2023 оны 07 дугаар сард Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн “Ц” гэх газраас О.Э-н 28 адууг тус тус хулгайлсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн ********* сумын ************** багаас хохирогч А.С-н  өмчлөлийн 22 адууг өөрийн эзэмшлийн Мустанг5-200 загварын мотоциклыг ашиглан хулгайлж, бусдад худалдан 28,500,000 (хорин найман сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1. Хохирогч А.С-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр адуугаа харахад байж байсан. Тэгээд наашаа зусландаа бууж 23-ны өдөр авах гэтэл байгаагүй. Түүнээс хойш зун, намар фейсбүүкээр зар тавьж хайгаад олоогүй. Тэгтэл цагдаагаас Т.Д таны адууг авсан байна гэж утсаар ярьсан... Хохирлыг мөнгө, мал өгч төлсөн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2. Гэрч К.Н-н өгсөн “... Т.Д 2022 оны 06 дугаар сарын сүүлээр над руу залгаж яриад 20 гаруй тооны адуу байна авах уу? гэсэн би авахаар тохирч маргааш нь Баян-Өлгий аймгаас жолооч хөлслөөд дүү Ж-н хамт Говь-Алтай аймагт очсон. Аймгийн давааны наана Т.Д-тай холбогдож уулзахад 22 тооны адуу тууж ирсэн. Хүрэн халзан азаргатай бор гүү манай нутгийнхан хөх цэнхэр гэж хэлдэг танай нутгийнхан бор гэдэг 2 гүү хоёр унагатай 4 адуу байсан. Хүрэн байдас байсан тамгыг нь нэрлэж мэдэхгүй байна. Монгол бичиг байсан билүү тийм тамгатай байсан. Бараан өнгөтэй 10 орчим адуу байсан. Тухайн адуунуудыг Т.Д-с 15,000,000 төгрөгөөр худалдан авч Д-н ХААН банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

1.3. Гэрч Б.Ж-н өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын сүүлээр би К.Н-н хамт Говь-Алтай аймгийн засмал зам дагуу аймгийн давааны наана очиж 22 тооны хүрэн халзан зүсмийн азаргатай адуу ачиж ирсэн. Адуунууд нь бараан зүсмийн адуунууд байсан ... Ховд аймгийн нутагт адуугаа ачиж явж байгаад 2 тооны унагатай гүү, нэг байдас билүү одоо сайн санахгүй байна, нэг адууг оролцуулан Портер загварын машинаар К.Н сольсон. Тэгээд үлдсэн адууг ачиж ирээд К.Н-н Өлгийд байгаа хашаанд нь буулгаж үлдээгээд явсан ... Би тухайн үе д ажилгүй байсан болохоор  адуу ачиж ирэх хүн  хайж байгаа гэх зар явж  байсны дагуу холбогдож асуухад К.Н гэх хүн  байсан. Тэгээд яваад ирэх хөлс нь 1,500,000 төгрөгөөр тохиролцоод яваад ирсэн... гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

1.4. Гэрч Д.Г-н өгсөн “...2022 оны 06 сарын сүүлээр Ховд аймгийн зэрэг сумаас урагш 7 км зайд өвдөг гэх нэртэй газар засмал зам дээр адуу ачсан 3 казах хүн явж байхаар нь танилцаад адуу малыг нь услалцаад тэр гурван хүн тухайн адуугаа хараад хоносон. Маргааш нь унага ачих машин байна уу? гэж К.Н манай төрсөн дүү А-с асуусан байсан тэр үедээ намайг Porter машинаа зарна гэж хэлсэн байсан. Н гэгч машинаа хэд гэж байгаа юм вэ? гээд надаас асуухад би 4 сая төгрөг гэхэд адуугаар зарах уу? тэгье гэж зөвшөөрч бид хоёр ярилцаад хөх бор гүү, эр хүрэн унагатай, халиун гүү, охин халиун унагатай, хөх бор гүүгээр цэнхэр өнгийн Портер машинаар сольсон ... К.Н-н ачсан адууны тоог мэдэхгүй. Харин хүрэн халзан азарга байсан бусдыг нь сайн анзаараагүй. Хөх бор гүү, эр хүрэн унагатай, халиун гүү зөв талын хойд гуян  дээрээ таван хошуу мэт тамгатай, охин халиун унагатай, хөх бор гүү байсан... Тухайн адуунуудыг төрсөн дүү А-д би 2022 оны намар 60 ишгээр сольж дээрээс 400,000 төгрөгөөр авсан. Хөх бор гүү болон эр хүрэн унага нь энэ өвөл үхсэн. Бусад гурван адуунууд нь бүгд байгаа... К.Н тухайн үед манай нутгийн Д гэх залууд ачиж ирсэн адуунаасаа цагаан бор билүү сайн санахгүй байна ямар ч байсан бор гүү, унагатайн азаргаар сольж аваад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  129 дүгээр хуудас/

1.5. Гэрч Д.А-н өгсөн “...Д.Г-с худалдаж авсан халиун гүү нь зөв талын хойд гуян дээрээ цэцэг ч юм уу нар ч юм уу таван хошуу ч гэмээр тамгатай, мөн халиун унага нь хөх бор гүү хүрэн унагатай, уг гүү бас дээрх шиг ижил тамгатай, хар халзан байдас нь бас ижил тамгатай. Хөх бор гүү нь хүрэн унагатайгаа энэ өвөл үхсэн. Бусад адуунууд нь надад байгаа ... Халиун гүү, халиун унагыг 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Байдсыг нэг сая төгрөгөөр авч байсан. Эдгээр адуунуудыг танд хүлээлгэн өгөх гэж байна. Т.Д надад 2,500,000 төгрөгнийхөө оронд өөрийнхөө үхрээс 2 тугалтай үнээ өглөө. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/

1.6. Гэрч Ч.Д-н өгсөн “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна. Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс 7 км зайд адуу ирчихсэн байна гэж найз А хэлэхээр нь би очиж уулзахад гурван казах хүн байсан. Тэгээд Н гэгчээс адуу зарах уу? гэхэд зарна гэхээр нь азаргаар адуу солих уу? гэхэд Н гэгч тэгье гэж зөвшөөрөөд өөрийнхөө хонгор алаг азаргаар бор гүү хээр унагатай нь солиод авсан ... Бор гүү нь зөв талын хойд гуян дээрээ дөш тамгатай, унага нь энэ өвөл үхсэн. Бор гүү одоо надад байгаа бөгөөд Говь-Алтай аймагт аваад ирсэн ... Би бор гүүг унагатай нь өөрийнхөө Хонгор алаг азаргаар сольж авсан Бор гүүг танд хүлээлгэн өгөх гэж байна. Т.Д надад 1,000,000 төгрөг миний Хаан банкны ******** тоот дансанд шилжүүлсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас/

1.7. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-023/7563 дугаартай “хулгайд алдагдсан гэх 22 тооны адууг 28,500,000 (хорин найман сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас/

1.8. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч А.С-д 4 тооны адуу хүлээлгэж өгсөн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

1.9. Хохирогч А.С-р хулгайд алдсан гэх адууг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Т.Д нь 2023 оны 07 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багийн “Ц” гэх газраас хохирогч О.Э-н өмчлөлийн 28 адууг өөрийн эзэмшлийн Мустанг5-200 загварын мотоциклыг ашиглан хулгайлж, тууварлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Баарангийн даваа гэх газар бусдад худалдан 33,200,000 (гучин гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1. Хохирогч О.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орой манай адуу байсан юм. Тэгээд 07 дугаар сарын 28-ны үдээс хойш яваад хайгаад олоогүй. Зуны халуун байсан учраас өөр тийшээ явсан байх гэж хайгаад олоогүй. Түүнээс хойш алга боллоо гэж бодоод хайсан.  Тэгээд Т.Д авч явсныг мэдсэн...Хохирлыг төлөхдөө 18 адуу ирсэн, бусдыг нь мөнгөн хэлбэрээр өгсөн ... ” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.2. Гэрч К.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны хавар Т.Д над руу утсаар яриад “...хэдэн даага авах уу?...” гээд зургийг нь явуулсан... 2023 оны 07 дугаар сарын сүүлээр над руу яриад “...адуу авах уу?...” гэхээр нь авъя гэсэн. Говь-Алтай аймаг руу хүрээд ир гэж Т.Д-г хэлэхээр нь жолооч Ж гэх хүн байхаа нэрийг нь буруу хэлж байж магадгүй жолоочийн хамт Говь-Алтай аймгийн давааны наана очоод засмал замаас гараад чулуун хашаан дотор хийж нийт 23 тооны адуу буюу алаг морь, хонгор адуу, хүрэн зүсмийн 7 орчим адуу, саарал зүстэй 2 даага, хүрэн даага, бусад бараан өнгийн адуу байсан. 4 унага, 7 даага бусад нь бүдүүн адуунуудыг өмнөх 1,700,000 төгрөгийг оруулаад худалдан авахаар тохирч 7,000,000 төгрөгийг Д-н дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч адууг нь худалдаж авсан... Д надад өөрийнхөө адуу гэж хэлж байсан. Т.Д надад 1,700,000 төгрөг авчихаад өгөхгүй болохоор нь “...чи хулгайн адуу надад зарсан юм биш үү...” гэж сүрдүүлэх маягтай хэлэхэд Т.Д “...юу гэж дээ...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

2.3. Иргэний нэхэмжлэгч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би К.Н-с 2023 оны 07 дугаар сарын 29-нд Баян-Өлгий аймгийн малын зах дээр очиж 2 унагатай гүүг нийт 3,000,000 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мөнгийг Х.Н-н ХААН банкны данс руу нь шилжүүлсэн юм. 2 унага нь шарга зүсмийн, 1 тооны гүү нь хул зүсмийн, 1 тооны гүү нь хүрэн зүсмийн байсан. Ямар тамгатай байсныг би анзаарч хараагүй... К.Н надад хэлэхдээ Говь-Алтай аймгаас худалдаж авч ирсэн адуунууд байгаа юм гэж хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээг тухайн үед би асуугаагүй ... Би унагатай 2 тооны гүүг худалдаж авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/

2.4. Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 10-11 цагийн орчим Д ах өөрийн мотоциклтойгоо цэнхэр дээлтэй манайд ирсэн тэгээд бид 2 сундлаад Д-н адуунд явсан адууг нь Х гэх газраас дурандсан тэндээс манай адуу алга гээд цааш явсан. Цааш явж байхдаа манай адуу бортой адуунууд байх ёстой гэсэн хэдэн адуутай гэдгээ надад хэлээгүй. Тэгээд Ц гэх газарт очтол тэнд шарга азаргатай саран дэвсгэртэй дөл тамгатай адуунууд байсан. Зарим нэг адуу нь өөр тамгатай би тэр тамганы нэрийг нь хэлж мэдэхгүй байна дүрсэлж хэлбэл бөөрөнхий хэлбэртэй тамга байсан бүгд нэг ижил тамгатай адуунууд бол биш байсан. Тусдаа 4 морь байсан нэг нь билүү, 2 нь ч билүү саран дэвсгэртэй дөл тамгатай нөгөө 2 нь өөр тамгатай бөөрөнхий хэлбэртэй бараан зүсмийн морьд байсан би малын зүсийг нарийн сайн зүсэлж мэдэхгүй гэхдээ шарга, цагаан, алаг бас бараан адууг бол таньж ялгана. Тэр адууны шарга азарга саран дээр дөл тамгатай байсан нүдэнд туссан содон 2 тамга нь тэр саран дээрх дөл бас тэр бөөрөнхий тамганууд байсан өөр тамгатай адуу байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна... Адуунуудаа Р гэх айлын өвөлжөөгөөр уулын замаар тууж гарч ирээд зуслангийн нэлээн доогуур гол гаталсан голын хойгуур явсаар байгаад З-р аймгийн төв рүү хуучин Г-с аймаг явдаг зам руу гарч ирсэн. Аймаг руу нэлээн явчихсан байсан юм би газрын нэр сайн мэдэхгүй байна . Нэг газар явж байгаад “...ахын дүү энэ хүний адуунууд шүү...” гэсэн тэгэхээр нь би инээгээд өнгөрсөн тэгээд жаахан явж байгаад “...ахаа та нээрээ яриад байгаа юм уу...” гэж асуугаад нээрээ бол би буцлаа гэсэн гэтэл худлаа, худлаа ахынх нь адуу гэсэн юм. Тэгээд “...чи яасан аймхай юм, миний дүү хүнд битгий хэлээрэй авгай мэдүүл бөөн юм болно...” гэж хэлсэн... Д “...ах нь байрны урьдчилгаа, эхнэрийн хадгаламжийн мөнгө төгрөгийг тоглоод алдчихсан тэгээд ах нь өөрийнхөө адууг зарж байж байрны урьдчилгаагаа хийх гэсэн юм...” гэж хэлж байсан...Адуунуудаа нэг газраас шөнө аажуу усалсан цагийг нь мэдэхгүй байна. Тэр газар нь засмал зам бас нэг сайжруулсан шороон замтай газраас ойрхон байсан. Тэгээд аймгийн төв рүү уулын араар туугаад явсан... Г-с аймаг явж байх замд нэг унага нь үхсэн түүний ам руу нөгөө архинаасаа хийсэн боловч сэхэл аваагүй. Тэр газарт ойрхон нэг содон цагаан блокон худаг байсан... Аймгийн цаана нэг хашаан дээр очсон тэр үед 16 цаг өнгөрч байсан байх удалгүй нэг ачааны том машин ирсэн хоёр талаараа төмөр хашлагатай машины өнгө дугаарыг нь санахгүй байна. 2 хүн ирсэн хоорондоо казах юм уу өөр хэлээр яриад Д ахтай Монголоор яриад байсан хашаан дээр очих замд бас нэг унага үхсэн түүний амруу ус цутгасан боловч сэхэл аваагүй...17 цагийн орчимд нэг ачааны том машин ирсэн тэгээд ойролцоо байсан нөгөө хашаан дээр адуунуудаа тууж аваачаад 20 бүдүүн адууг нь 4 билүү 3 ч билүү нарийн сайн санадаггүй ээ унаганы хамт нийт 24 юм уу 23 толгой адууг ачсан. Замдаа үхсэн 2 унаганы эх болох 2 гүүг, шарга азарганы хамтаар тэр адуу ачсан газарт үлдээсэн нөгөө машинд нь багтахгүй байсан юм. Үлдсэн 2 гүүний нэг нь хүрэн алаг нөгөөх нь хээр гүү байсан шиг санагдаж байна... Д ах намайг үлдсэн шарга азарга, 2 гүүг услаад ир гээд явуулсан би түүнийг услах гэж яваад жаахан удсан тэгээд эргээд нөгөө газраа иртэл нөгөө машин нь яваад өгсөн байсан... Бүдүүн адуу 22-23 ширхэг 5 билүү 6 тооны унагатай, унагатайгаа нийлэх юм бол 28 юм уу 29 тооны адуу байх шиг байсан. Надад Д ах хэлэхдээ миний адуунууд гэж хэлсэн би түүнийх юм байх гэж бодсон түүнээс би тэр адуунуудыг танихгүй... 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Д-н адуу биш байсан гэдгийг мэдсэн. Би манай ****** багийн эрүүл мэндийн төвийн дарга эмч Ц-н гуйлтаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний үдийн үед түүний дааганд доод гол руу Ц-н хамтаар явсан юм. Ц ах надтай явж байхдаа нэг хүнтэй адууны талаар ярилцсан тэр хүн нь манай нутгийн ах Э байсан/бид нар түүнийг Х гэж дууддаг юм/ Ц ахын утас чанга яригч дээрээ ярьж байсан тул би яриаг нь сайн сонссон. Х ах Ц ахаас манай адууг үзсэн үү чи манай адууг таних билүү гэж асуусан Ц ах танина гэж байсан. Ц ах Шарга азаргатай алагтай мөн биз дээ гэсэн Х ах мөн мөн гэж байсан. Ц ах уг адуунуудыг нь хараагүй гэсэн Х ах манай адууг харж яваарай гээд захиж байсан ингээд яриа дууссан. Ц ахаас би яриа дууссаны дараа Х ахын адуу ямар тамгатай юм бэ гэж асуусан гэтэл Ц ах саран тосгууртай дөл тамгатай гэж хэлээд шороон дээр зурж үзүүлсэн тэгээд Ц ах надаас “...чи яасан харсан юм уу...” гэж асуусан тэгэхээр нь би Ц-д харсан гэж хэлсэн түүнээс өөр юм хэлээгүй. Тэр үед би Д-тай нийлээд айлын адууг туусан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 102-106 дугаар хуудас/

 2.5. Гэрч Б.Е-н өгсөн “... Би Х.Н-с 2023 оны 08 сарын 04-нд Баян-Өлгий аймгийн малын захаас 15 цагийн орчимд 1 тооны хүрэн зүсмийн адууг 1,600,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мөнгийг би Н-н дансанд өөр хүнээр шилжүүлсэн юм... К.Н надад хэлэхдээ би Говь-Алтай аймгаас худалдаж авч ирсэн адуунууд байгаа юм. Гарал үүслийн гэрчилгээ бүгд байж байгаа гэхээр нь би тэнд байсан 8 тооны адуун дундаас 1 тооны адууг сонгоод худалдаж авсан юм... Тэр газарт тухайн үед адуу худалдаж авахад ямар зүсмийн адуу байсныг би сайн анзаарсангүй миний харснаар алаг хүрэн өнгийн 1 адуу тэгээд унагатай нэг гүү байсан бусдыг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  114-115 дугаар хуудас/

2.6. Гэрч Х.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Баарангийн даваа гэх газраас мотоциклтэй нэг залуу урдаас тосож аваад замынхаа хажууд байгаа малын хашаатай өвөлжөөнд дагуулан очсон... Заасан газарт машинаа зогсоогоод 23 тоо толгойтой адуу мал ачсан юм ... Хашаанд байсан 26 тооны адуунаас 19 тооны адуу 4 унага ачихад 3 тооны адуу багтаагүй үлдсэн... Н-т хандаж “...ахын дүү чиний энэ ачсан адуу мал гарал үүслийн гэрчилгээтэй юу зам дээр ямар нэгэн шалгалт байх юм бол үзүүлэх бичиг байгаа юу?...” гэхэд Н надад би малын эмчтэй залгаж байгаа тухайн эмч нь гар утсаа авахгүй байна гэж хэлсэн тэгэхэд мал туугаад ирсэн залуу надад Говь-Алтай аймгийн мал эмнэлгийн газрын малын эмч гарал үүслийн кодыг Баян-Өлгий аймгийн малын эмч рүү нь явуулахад хүлээж авахгүй байгаа гэж хэлсэн... Тэгээд Н адуу худалдсан гэх Д гэх залуугийн ярьсан бичлэгийн утсан дээр бичээд авсан байсан тухайн бичлэг дээр 19 тооны адуу 4 унага ачааны машинд ачиж явуулах гэж байна малын эмчтэй ярьсан боловч холбогдох утсаа авахгүй байна гэх утгатай бичлэг хийгээд авсан байсан юм... 2023 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн ***** сумын ********* гэх газарт Ю гэх айлд очиж 23 тооны адуугаа буулгасан юм... Говь-Алтай аймгийн Баарангийн Даваа гэх газраас 19 тооны адуу 4 унага ачиж ирсэн нийт 23 тооны толгой адуу байсан. Манай нутгийн хэллэгээр 1 тооны алаг адуу, 5,6 тооны хүрэн адуу, 2 тооны саарал өнгийн адуу, даага болон унаганууд нь адилхан хүрэн болон саарал зүсмийн харагдаад байсан нас хүйсийг нь сайн анзаараад хараагүй мөн зарим адуунуудын өнгө зүсийг мэдэхгүй байна... “ гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  117-120 дугаар хуудас/

2.7. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-023/7480 дугаартай “хулгайд алдагдсан гэх 28 тооны адууг 33,200,000 (гучин гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 153-156 дугаар хуудас/

2.8. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч О.Э-д 15 тооны адуу хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

Шүүгдэгчийн бэлчээрт байгаа адууг хаших, туух зорилгоор мотоцикл  ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймээс шүүгдэгчийн мотоцикл ашиглаж 2022 оны 06 дугаар сард  хохирогч А.С-н 22 тооны адуу, 2023 оны 07 дугаар сард хохирогч О.Э-н 28 тооны адуу,  нийт 50 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор:

1. Хохирогч А.С-н шүүх хуралдаанд өгсөн “...Хохирлыг мөнгө, мал өгч төлсөн...” гэх мэдүүлэг.  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  ТХҮ-023/7563 дугаартай “хулгайд алдагдсан гэх 22 тооны адууг 28,500,000 (хорин найман сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас/

3. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч А.С-д 4 тооны адуу хүлээлгэж өгсөн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

4. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч А.С-н “... Т.Д нь 28,500,000 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн баримттай, 2023 оны 10 дугаар сард 12 сая төгрөгийн мал өгсөн ... 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг Г дансаар авсан. 4 адуу буюу 5,000,000 төгрөгийн адуу буцааж өгсөн. Нийт 28,500,000 төгрөгийн хохирол барагдуулсан тул миний хохирол бүрэн барагдсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байгүй...” гэх агуулга бүхий хүсэлт.

5. Хохирогч О.Э-н өгсөн “...Хохирлыг төлөхдөө 18 адуу ирсэн, бусдыг нь мөнгөн хэлбэрээр өгсөн ... ” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

6. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  ТХҮ-023/7480 дугаартай “хулгайд алдагдсан гэх 28 тооны адууг 33,200,000 (гучин гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 153-156 дугаар хуудас/

7. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч О.Э-д 15 тооны адуу хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

8. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 13 хуудас баримт. 

9. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Д нь хохирогч нарт учруулсан хохирлоо биет болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Д-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хэд хэдэн удаагийн үйлдлээр ашиг олох шунахай сэдэлтээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний үйлдлийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гээд мөн зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялын хоёрны нэгээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Д нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, алдагдсан малыг эргүүлэн авч ирэх зэргээр бодит дэмжлэгийг үзүүлсэн, хохирогч нарын хувьд “...хохирлоо барагдуулсан... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хэд, хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар  2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан өнгийн Мустанг5-200  загварын мотоциклыг улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 16 (арван зургаа)  хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Т-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Д-д 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 2 (хоёр) жил 4(дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Д-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан    Мустанг5-200 загварын улаан өнгийн мотоциклыг хураан авч, улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 16 (арван зургаа)  хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА