Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С-д холбогдох 2316000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  халх, **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Б овогт Д-н С.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.С-н 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ****** сумын ***** багийн ******** гэх газарт байрлах хохирогч Ж.С-н байшинд нэвтрэн, 3 (гурав) уут 37.3 (гучин долоо арваны гурав) кг ноолуурыг мотоциклоор зөөвөрлөн авч явсан  үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Шүүгдэгч Д.С 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багийн ********** гэх газарт байрлах хохирогч Ж.С-н эд зүйл хадгалдаг байшингийн цоожийг онгойлгон орж, 3 (гурав) уут 37.3 (гучин долоо арваны гурав) кг ноолуурыг мотоциклоор зөөвөрлөн авч яваад бусдад худалдсан болох нь:

1. Хохирогч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай гэр бүлийн хүн Т 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байшингаасаа борц авах гээд ирэхэд уг байшинд 3 уут ноолуур байсан юм. тэгээд манай гэр бүлийн хүн борцоо аваад явах гэж байхад нь ******** сумын ******* багт оршин суух А манай байшинд ирээд манай байшин дотор байсан 3 уут ноолуур болон бараануудыг үзэж хараад явсан гэж надад хэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд байшингаасаа майхан авах гээд очсон чинь манай байшин дотор байсан 3 уут ноолуур байхгүй байсан юм. Би 3 уут ноолуураа жингээр хэмжиж үзсэн зүйл байхгүй. Би 2 цагаан ууттай ноолуураа баримжаагаар 30 кг, шар ууттай ноолуураа баримжаагаар 15 кг ноолуур байгаа гэж үзэж байна. Миний 45 кг ноолуурыг хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/

2. Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Байшингаасаа 45 кг ноолуураа алдсан юм... Нийт 3 уут ноолуур буюу 45 кг ноолуураа алдсан... Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд бага охин С-н хамт байшингаасаа борц авах гэж очсон юм. Тэгсэн чинь А манай байшин дээр хүрээд ирсэн. А манай байшин дотор байсан эд зүйлсийг бүгдийг харчихаад явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

3. Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С-д манай ***** багаар хулгай гараад байх шиг байна. С-н чулуун байшинд байсан 3 уут ноолуурыг хулгайлсан байна гэж хэлсэн ... Манай нөхөр “...С-н 3 уут ноолуурыг би аваад борлуулсан юм. Чиний дансанд орсон мөнгө төгрөг чинь С-н ноолуурын мөнгө байсан юм...” гэж надад хэлсэн юм... Миний дансанд 2023 оны 08 сарын 07-нд 1,500,000 төгрөг, дараа нь 2023 оны 08 сарын 16-аас 17-ны хооронд 1,000,000 төгрөг орсон... Манай ******** сумынхан намайг авгайлж А гэж дууддаг юм. Миний жинхэнэ нэр бол Г юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/

4. Гэрч В.Э-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би С гэдэг залуугаас 1 кг ноолуурыг 81,000 төгрөгөөр худалдаж авсан юм...1 уутанд хэдэн кг ноолуур байсныг би огт мэдэхгүй байна.  3 уут ноолуур нь жин дээр тавихад 37 кг 300 гр болж байсан... Би 37 кг 300 гр ноолуурыг 3,021,300 төгрөгөөр бодож авсан. Би С-д 3,021,300 төгрөгнөөс тухайн өдөр бэлнээр 521,000 төгрөг өгсөн... ХААН банкны ******** гэсэн Г гэдэг хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 16-нд ХААН банкны ************ данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж ноолуурын тооцоо дууссан... Манай дэлгүүрт С ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

5. Шүүгдэгч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын ******** баг ********* гэх нэртэй газарт байх Ж.С-н эзэмшлийн чулуун байшингаас шар өнгийн 1 ууттай ноолуур, цагаан өнгийн 2 ууттай ноолуурыг авсан юм. Би тэгээд тэр газраас шууд яваад сумын төв дээр ирсэн. Сумын төвөөс Баянхонгор аймгийн ********* сумд ноолуур авахаар ирсэн байсан ноолуурын ченж Б гэдэг хүнд өгсөн. Тухайн үед 3 уут ноолуурыг жин дээр тавихад 37 кг 300 грамм болж байсан.Нийтдээ 3,021,000 төгрөг болж байсан ба би 500,000 гаран төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг өөрийн эхнэр Г-н данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь эхнэрийнхээ данс руу шилжүүлж авсан... Ганцаараа өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклтой очсон ... С-н байшин монгол цоожтой байсан. Төмөр утсаар цоожны нүх рүү оруулахад цоож онгойсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/

6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд.  /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/

7. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921/4651 дугаартай “... 2023 оны шинэ ноолуур ... 37,3 кг ноолуурыг 4,103,000 (дөрвөн сая нэг зуун гурван мянга) төгрөгөөр үнэлсэн ...” гэх агуулга бүхий шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар   авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Тодруулбал “агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгодог.

Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

Иймээс эд зүйл хадгалах зориулалттай байр, агуулах болох хохирогч Ж.С-н эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалттай байшингийн цоожийг нь төмөр утсаар нээн орж, 3 уут 37.3кг ноолуурыг өөрийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэн авч яваад бусдад худалдсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

1. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,

2. Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... С нь ************* сумын ЭМТ-д уналт гэсэн оноштойгоор байдаг юм. Мөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтад байдаг ... Д.С нь хөдөлмөрийн чадвараа 60% тогтоогдсон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

3. Говь-Алтай аймгийн ****** сумын ************** багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Д овогтой С нь ам бүл 5, тус багийн иргэн мөн болно” гэх албан бичиг. /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

4. Говь-Алтай аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Д овогтой С нь ******* сумын Эрүүл мэндийн хяналтад DS: G40, F07.7 өвчний учир хяналтад байдаг нь үнэн” гэх тодорхойлолт. /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/

5. Шүүгдэгч Д.С нь хохиролд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/

6. Шүүх сэтгэц, эмгэг судлалын “...Д овогтой С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... хэрэг хариуцах чадвартай... тухайн хэрэг үйлдэх явцад өвчтөний өвчин сэдрээгүй, өөрийгөө хянах чадвартай байсан нь дүгнэлт гаргах явцад илэрч байна...” гэх дүгнэлт, шинжилгээ. /хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.С-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гээд мөн зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хорих ялын хоёрны нэгээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Шүүгдэгч  Д.С нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  бүрэн төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн ************* арлын дугаартай, Даюун загварын мотоциклыг улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй, улаан өнгийн ************ арлын дугаартай, Даюун загварын мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч Д.С-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан    улсын дугааргүй, улаан өнгийн Даюун загварын мотоциклыг улсын орлого болгосугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй, улаан өнгийн ************ арлын дугаартай, Даюун загварын мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА