| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2020/00319/И |
| Дугаар | 133/ШШ2020/00365 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2020/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, 5-22 тоотод оршин суух, П.Д-д холбогдох,
Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, Э.Л, хариуцагч П.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын иргэн П.Д Улсын Их Хурлын гишүүний багцаас 2011 онд Амин дэм төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд аймгийн Аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийж төлбөрийг эргэн төлүүлэх албан шаардлага ирүүлсний дагуу төлбөрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Есөнбулаг сумын иргэн П.Д-ээс Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон 3.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 100050000910 тоот дансанд төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Д нь Сүүн амин дэм гэх төсөл хэрэгжүүлж Улсын Их Хурлын гишүүний багцаас 3.000.000 төгрөгийг авсан. Улсын Хурлын гишүүний багцын зээл нь хувь хүний хөрөнгө биш. Улсын төсвийн хөрөнгө байдаг. Тодорхой хэмжээнд Улсын Их Хурлын гишүүнд багцалж өгөөд орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, буцаан төлүүлэх нөхцөлтэйгээр олгодог зээл юм. Нотлох баримттай танилцахад хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээ байсан. Гэрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга н.Ж гарын үсэг зурсан байсан. Харин хариуцагч гарын үсгээ зураагүй байсан боловч гүйлгээ хийгдсэн байсан. Иймд тухайн гэрээг Иргэний хээлийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Учир нь хариуцагч гэрээнд гарын үсэг зураад албан ёсоор мөнгө авсан бол уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой байсан. Гэтэл тухайн үедээ гэрээнд гарын үсэг зураагүй байсан. Мөн тухайн хэрэгжүүлсэн төслийг П.Д гэдэг хүний гарын үсэг зурагдсан албан ёсоор баталгаажсан төсөл гэж үзэх боломжгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч П.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 2010 онд Улсын Их Хурлын гишүүн Ж.Э-тай уулзаж, төслөө бичиж өгсөн. 2011 онд уг төсөл дэмжигдсэн гэж орон нутаг дахь бие төлөөлөгч н.Д дарга над руу утсаар залгаад төсөл чинь дэмжигдсэн. Чиний амьдралын байдлыг харгалзан үзэж, олгож байна гэж хэлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2011 оноос хойш зээлээ төл гэж удаа дараа шаардсан боловч зээлээ төлсөнгүй гэж ярьж байна. Улсын Их Хурлын гишүүнтэй Засаг даргын Тамгын газар хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулчихсан, хоорондоо холбоотой зүйл байдаг юм байна. Гэрээ хэлцлүүддээ хоорондоо хийсэн байна. Надад зээл олгосны дараа Санхүү, төрийн сангийн хэлтэс дээр дуудаж, гэрээ хэлцлийг улам бататгасан зүйл байгаагүй. Намайг ганц ч удаа дуудаагүй. Ганц ч удаа зээлээ төл гэж шаардаагүй байж худал гүтгэж ярьж байна гэж ойлгож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь П.Д-д холбогдуулан Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нь шүүх хуралдаанд ...Иргэний хээлийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврыг арилгуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч П.Д нь ...Улсын Их Хурлын гишүүн Ж.Э-тай уулзаж, төслөө бичиж өгсөн. 2011 онд уг төсөл дэмжигдсэн гэж орон нутаг дахь бие төлөөлөгч н.Д дарга над руу утсаар залгаад төсөл чинь дэмжигдсэн. Надад зээл олгосны дараа Санхүү, төрийн сангийн хэлтэс дээр дуудаж, гэрээ хэлцлийг улам бататгасан зүйл байгаагүй. Намайг ганц ч удаа дуудаагүй. Ганц ч удаа зээлээ төл гэж шаардаагүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтад гэрээг заавал бичгээр хийхээр зохицуулалт байхгүй байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь хүү авах эрхээ алдах нөхцөл болох боловч гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байхаар хуульд зохицуулжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгох бөгөөд энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шүүх тооцохгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.
Тодруулбал хуульд зээлийн гэрээг заавал бичгээр хийхийг шаардаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нь гэрээнд гарын үсэг зурж, зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь хэлцэл буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг мөн хариуцагч П.Д нь Сүү амин дэм төслөөр 3.000.000 төгрөгийн 2 жилийн хугацаатай, хүүгүй зээл авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч П.Д-ийн Сүү амин дэм төслийг дэмжиж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүн Ж.Э-ын гишүүний багц-ын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олгосон зээлийг 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн ХААН банкны 5322011320 дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч П.Д өөрийн дансанд орж ирсэн 3.000.000 төгрөгийг ашигласан талаар зохигчид маргахгүй байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлдэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.
Маргааны зүйл болох Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн гэрээ нь 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжин орсноор байгуулагдаж, улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр буюу 2 жилийн хугацаатай байх бөгөөд талууд уг хугацаан дээр маргаагүй байна.
Гэтэл хариуцагч П.Д-ийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа нь 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссанаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу гурван жил өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, П.Д-д холбогдох Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, П.Д-д холбогдох, Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ