Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 546

 

                  

 

 

 

     2020         4              30                                         2020/ДШМ/546                                 

К.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч К.С,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр К.Сд холбогдох 1911029880139 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн К.С, 1983 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, хүргэн ах, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 55 дугаар гудамжны 649б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамжны 484 тоотод оршин суудаг, /РД:ЖИ83021018/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 381 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Сд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 27 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 90а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3  жилийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            К.С нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гар утсаараа яриулаач” гэж зүс таних Л.Дамдинсүрэнг хууран гар утсыг шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: К.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн К.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч К.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч К.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэн талаар дүгнэлт хийгээгүй, мөн торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг тогтоогоогүй атлаа мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” гэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Торгох ял биелүүлэх хугацаа тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч К.С “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

К.С нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гар утсаараа яриулаач” гэж зүс таних Л.Дамдинсүрэнг хууран гар утсыг шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Дамдинсүрэнгийн  “...2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бага зэрэг архи хэрэглэчихсэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр сургуулийн буудлын орчимд явж байхад зүс таних залуу таараад “гар утсаараа нэг яриулаач” гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгөхөд аваад явчихсан юм. Тэгээд тэр хавиар харагдахгүй байсан бөгөөд хэд хоногийн дараа намайг эхнэрийн хамт машинтай явж байхад нөгөө залуу такси барих гээд зам дээр зогсож байхаар нь бид хоёр машиндаа суулгаад аваад явсан. Улмаар тухайн үед болсон зүйлийн талаар хэлж гар утсаа авах талаар хэлэхэд “зарчихсан” гэж хэлсэн. Манай эхнэр уурлаад цагдаад өгнө гэхэд би төлнө гээд бичиг баримтаа өгөөд машинаас буугаад гүйгээд яваад өгсөн. Цагдаа руу явна гээд машин хөдлөөд бага зэрэг хурдтай явах үед буугаад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх-12-17/,

гэрч Н.Сарантуяагийн “...2019 оны 11 дүгээр сарын эхээр байхаа манай нөхөр Л.Дамдинсүрэн гэртээ орой ирэхдээ бага зэрэг архи уучихсан, гар утасгүй орж ирсэн юм. Тэгээд би “гар утсаа яачихсан юм бэ” гэсэн чинь Сургуулийн буудлын орчимд зүс таних залуу “утсаар чинь яриад өгье” гээд аваад явчихсан талаар хэлсэн. Тухайн үед зүс мэдэх болохоор тэр хавиар нөхөр маань хайсан байсан. Тэгсэн хэд хоногийн дараа би нөхрийнхөө хамт машинтай явж байхад “Аз” дэлгүүрийн орчим 3 эрэгтэй хүн гар өргөхөөр нь тэд нарыг аваад машиндаа суулгаад 7 буудал хүргэхээр явсан. Тэгтэл манай нөхөр эргэж хараад “энэ байна, миний утсыг авсан хүн” гэхээр нь чи яахаараа хүний утсыг авдаг юм гэхэд тэр залуу “аваагүй” гээд байхаар нь би цагдаад аваачиж өгнө гэхэд “за эгчээ тэр утсыг явуулын хүнд зарчихсан, би маргааш гэхэд төлнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг хэн гэдэг юм” гэхэд өөрөө түрийвчнээсээ цахим үнэмлэхээ гаргаж ирээд надад өгсөн, тэгэхээр нь “би 17-гийн цагдаа орно” гээд явахад машинаас үсэрч буугаад гүйгээд явчихсан. ...” /хх-18-19/,

К.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 12 цагийн үед гэрийнхээ ойролцоо найзындаа архи ууж байгаад тэндээсээ 16 цагийн үед ганцаараа гарч яваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн буудлын хажуугаар харих гээд явж байхдаа 16 цагийн үед зүс таних Дамдинсүрэнтэй таарсан. Тэр үед Дамдинсүрэн архи уусан согтуу явж байсан. Тэгээд бид хоёр уулзаад хойд талд байх гудамжинд Дамдинсүрэнд байсан 1 шил архийг хувааж ууж байгаад би Дамдинсүрэнгээс “гар утсаа өгч байгаач, утсаар чинь яриад өгье” гэсэн. Тэгсэн надад өөрийн “Самсунг Жи-3” загварын гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад утсаар ярьж байгаа дүр үзүүлж байгаад Дамдинсүрэнд хэлэлгүй, түүний зөвшөөрөлгүй аваад явчихсан юм. Би уг гар утсыг авч яваад 7 буудал ороод замд таарсан үл таних явуулын хүнд 5000 төгрөгөөр зараад тэр мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулаад дууссан. ...” /хх-49-52/ гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-30-31/, эд зүйл, баримт бичиг, мөнгөн, бусад баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-55/, эд зүйл, баримт бичиг, мөнгөн, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-56/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч К.Сг бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

К.С нь “гар утсаараа яриулаач” гэж Л.Дамдинсүрэнгийн гар утсыг хууран авч, бусдад зарж борлуулан 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Прокурор П.Итгэлийн “...Шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.   

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч К.Сгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүх шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, тогтоох хэсэгт хэргийн үйл баримтыг тогтоосноос өөрөөр буюу зарим шинжийг нэмж тооцсон байх тул “бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан” гэж тогтоогдсон үйл баримтын хүрээнд гэм буруугийн шинжийг тодорхойлж, гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овгийн К.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Боржигон овгийн К.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ