| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0912/З |
| Дугаар | 221/МА2026/0307 |
| Огноо | 2026-05-07 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0307
“М э с” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, өмгөөлөгч П.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0912/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М э с” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан ““М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Мөн энержи сторажи” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгч “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дахин үнэлэхийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “М э с” ХХК-иас тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах шаардлага гаргасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... тусгай зөвшөөрлийн биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ ... гэж дүгнэсэн байна. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 605 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн уг тогтоолтой маргаж нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар хууль хэрэглээний хувьд бүхэлд нь дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
3.2. Маргааны үйл баримтад хамаарах холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталж, хэм хэмжээний актад бүртгүүлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг 10 шалгуур үзүүлэлтийг тогтоож өгсөн байгаа боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны танилцуулгаар тогтоогдож байна.
Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ... гэжээ.
Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор “М э с” ХХК-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн. Уг тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 9 шаардлагын дагуу “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг үнэлэхэд “хангалтгүй” үнэлэгдсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай” тогтоол нь “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох тухай хорооны 2024 оны 174 дүгээр тогтоол батлагдсанаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болж үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний акт. Уг тогтоолын дагуу “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоогоогүй тул уг тогтоолыг буцаан хэрэглэх үндэслэлгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” бүрэн эрх зохицуулах хороонд хадгалагдаж байна. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2024 онд 174 дүгээр тогтоолыг баталж, түүний хэрэгжилтийг 2025 оны 605 дугаар тогтоолоор үнэлсэн болно. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, чиглэсэн этгээддээ хууль зүйн үүрэг үүсгэж, эрх зүйн байдлыг дордуулах агуулгатай Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг 10 болсон хэм хэмжээг буцааж хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Нийтийн эрх зүйн харилцаанд хуулийг буцааж хэрэглэхгүй байх нь эрх зүйт төрийн суурь зарчим юм гэж үздэг. Энэ нь шинээр батлагдсан хуулийг урьд гарсан үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэж, иргэний эрх зүйн байдлыг дордуулахыг хориглодог зарчмын хүрээнд “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дахин үнэлэхийг даалгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бодит нотлох баримтад бус, ирээдүйд үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаарх таамаглалд тулгуурлан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Эрчим хүчний зохицуулах хорооноос “М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний яамны 02/2022/252 дугаартай техникийн нөхцөлийг сунгуулахаар нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн мэдүүлгийг гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлээгүй байгааг анхаарч үзэлгүйгээр 0 хувиар үнэлсэн, хорооны 2022 оны 696, 2024 оны 174 дүгээр тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт-өөрчлөлт хийгдээгүй-0 хувь гэж үнэлсэн ... нэхэмжлэгчээс Эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахаар төрийн захиргааны байгууллагад хандаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний нэг талын хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна ... гэх мэтээр ирээдүйд үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаарх таамаглалд тулгуурлан дүгнэлт хийсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэх бөгөөд бодитой үнэлэх үүрэгтэй. Гэтэл уг шаардлагыг хангаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3.4. Нотлох баримтын үнэлгээ буруу нэг талыг барьсан гуйвуулж дүгнэсэн, нотлох баримтын хоорондын уялдаа холбоог үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Түүнчлэн нэхэмжлэгчээс суурь баримт бичиг буюу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт хэрхэн орохоос шалтгаалан хуримтлуурын системийг 1 удаа цэнэглэх, 2 удаа цэнэглэх нөхцөл байдлын улмаас ямар хүчин чадалтай барилга байгууламж барих, ямар хүчин чадалтай хуримтлуур байршуулах гэх мэтээр зураг төслөө шинэчлэх, техникийн нөхцөл архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр батлуулах, хөрөнгө оруулагч нартайгаа дахин зөвшилцөх гэх мэтээр эхнээс нь бүх ажлаа хийх шаардлага үүссэн ... гэж дүгнэсэн гэтэл хариуцагчаас гаргасан нотлох баримт байхад,
Тодруулбал, “М э с” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19/42 дугаартай “ЦЭХ ХХА тариф батлуулах тухай”, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19/44 дугаартай “ЦЭХ ХХА тарифын саналын тухай” хүсэлт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19/48 дугаартай “ЦЭХ ХХА тарифын саналын тухай” хүсэлт, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20/01 дугаартай “ЦЭХ ХХА тарифын санал хэлэлцүүлэх тухай” хүсэлтүүдэд “Сүлжээнээс худалдаж авах нэгж квт.цагийг 0.02 ам.доллар мөн сүлжээнд нийлүүлэх тарифыг нэгж квт.цагийг 0.15 ам.доллароор 10 хугацаатайгаар 2020 оны 02 дугаар сарын хуваарьт хурлаар хэлэлцүүлэн баталж өгнө үү” гэх утгатай байдаг. Энэ нь “М э с” ХХК-ийн санал, техник эдийн засгийн үндэслэл, технологийн өртөг, тогтвортой байдлыг хангасан санал бөгөөд энд 2 удаагийн цэнэглэлтийн тухай асуудал огт дурдаагүй байхад шүүх нэг талыг барьсан гуйвуулж дүгнэсэн, нотлох баримтын хоорондын уялдаа холбоог үнэлээгүй.
Нэг асуудлаар хоёр өөр утга бүхий нотлох баримт ирүүлсэн байхад эдгээр нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож” гэж огноог алдаатай бичсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ““М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэргийн үйл баримтын тухайд:
Анх “М э с” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламж /5 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий эрчим хүчний хуримтлуурын систем/ барих 24/2019 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар олгож, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламж /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын нутагт 5 МВт/20 МВт.ц-ын суурилагдсан хүчин чадал бүхий эрчим хүчний хуримтлуурын систем/ барих чиглэлээр 2 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Ийнхүү сунгахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дэх заалтаар ““Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8.1, 9.2 дахь заалтуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор өөрчлөлт оруулах”-ыг даалгажээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх албан бичгийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 24/13 дугаар албан бичгээр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д хандан тус төвтэй байгуулсан гэрээний 8.1 дэх заалтад заасан эрчим хүч худалдан авах цагтай холбоотой зөвлөмж хүссэнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1313 дугаар албан бичгээр “...Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тарифын асуудал Эрчим хүчний зохицуулах хорооны эрх үүрэг тул Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж тодруулга авч хамтран ажиллахыг...” зөвлөсөн байна.
Ийнхүү нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд “...өдрийн цагт хуримтлуурыг цэнэглэх тариф-ыг зөвшилцөх санал хүргүүлсэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04/1158 дугаар албан бичгээр “... гэрээний заалтуудын талаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллах” талаар хариуг хүргүүлжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/776 дугаар албан бичгээр “М э с” ХХК-д “...хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/895, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04/1158 дугаар албан бичгүүдээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг мэдэгдсэн боловч одоог хүртэл биелүүлж тайлагнаагүй байна. 24/2019 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг тус Хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
“М э с” ХХК-иас дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд тайлбар хүргүүлж, үүндээ мөн тусгай зөвшөөрлийг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг дахин гаргасан байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар хурлаар “М э с” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг хэлэлцэж “М э с” XXК нь ажлын зураг төсөл боловсруулж, магадлал хийлгэсэн боловч холболтын техникийн нөхцөлийн хугацаа дууссан, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 636, 2024 оны 174 дүгээр тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй, барилга угсралтын ажил эхлээгүй зэрэг байдалтай байгаа тул холбогдох аргачлалын дагуу 44.0 хувь буюу “Хангалтгүй” биелүүлсэн гэж дүгнэсэн 605 дугаар тогтоолыг баталж, мөн өдрийн 606 дугаар тогтоолоор Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэснээр энэхүү маргаан үүсчээ.
2.3. Нэхэмжлэгчээс “... “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах нь “М э с” ХХК-ийн дангаар шийдвэрлэх асуудал огт биш,... гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэдэг шалтгаанаар гэрээний оролцогч бус этгээд буюу захиргааны байгууллагаас гэрээний аль 1 талыг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй, ... “М э с” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр холбогдох хавсралт, баримт материалуудын хамтаар Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн, ... Эрчим хүчний зохицуулах хорооноос уг хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сард буюу 1 жилийн дараа шийдвэрлэсэн нь Зөвшөөрлийн тухай хуульд хуульчилсан хугацааг зөрчсөнөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсанаар тооцогдох үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээр байна, ... Үнэлгээний хувьд олон зүйлийг үнэлж байгаагийн нэг нь тус үүрэг даалгаврын биелэлт байдаг. Гэхдээ үүрэг даалгаврын биелэлт нь гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал үүссэн учир бусад барилга барихтай холбоотой асуудал хойшилж байгаа, ... гэрээнд өөрчлөлт оруулж, тариф өөрчлөгдөнө гэвэл техник эдийн засгийн үндэслэл, анхны төсөл маань бүгд өөрчлөгдөнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагчаас “... “М э с” ХХК-ийн “Хангалтгүй” үнэлэгдсэн тогтоол бол нийт 9 заалтын дунджаар дүгнэгдэж байгаа, тухайн ярьж буй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой заалт бол зөвхөн нэг заалт. Бусад заалтын хувьд техник нөхцөлийн хугацаа ашиглалт дууссан байсан. Тухайн төслийн талбайд хашаанаас өөр ажил хийгдээгүй, ... Эрчим хүчний яамнаас гаргадаг техникийн нөхцөлийн хугацаа дууссан, барилга угсралтын ажил төслийн талбай дээр ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан байх ёстой. Тус зөвшөөрлийг аваагүй, Эрчим хүчний зохицуулах хорооноос өгч буй үүрэг даалгаврын биелэлтийг хангаагүй гэх үндэслэлээр хангалтгүй үнэлгээ авсан ... бүтээн байгуулалт, эх үүсвэрийн батарей хөдөлгүүрийн байгууламжтай холбоотой нэг ч ажил хийгдээгүй...” гэж тайлбарлан маргасан.
2.4. Анхан шатны шүүх “...“М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг үнэлэхдээ бодитой үнэлээгүй буюу үүрэг даалгаврын дагуу “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах талаар эрх бүхий байгууллагад хандаж байсан, нэг талын хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш болохыг харгалзаж үзээгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын дээрх шийдвэрүүдээр цахилгаан эрчим хүч дамжуулах шугамын зориулалтаар дуудлага худалдаанд оролцож, газар ашиглах эрхээ баталгаажуулж авсан, Эрчим хүчний яамнаас олгосон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/2022/252 дугаартай техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний яамнаас сунгах эсэхийг шийдвэрлээгүй зэрэг өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзал үзээгүй, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын дагуу үнэлээгүй, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын дагуу 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталж, хэм хэмжээний актад бүртгүүлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг 10 шалгуур үзүүлэлтийг тогтоож өгсөн байгаа боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны танилцуулгаар тогтоогдож байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцээгүй байна.
2.5. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заасан бөгөөд уг эрхийнхээ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор “М э с” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих 24/2019 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон бөгөөд ингэхдээ “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай байгуулсан БС-2020/01 дугаартай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар бүлгийн 8.1 дэх заалт, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудад холбогдох өөрчлөлт оруулахыг тус компанид даалгасан байна. Нэхэмжлэгч компаниас дээрх тогтоолыг эс зөвшөөрч аливаа байдлаар маргаагүй бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12-т “холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах” үүрэгтэй бөгөөд нэгэнт компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тухайлан тогтоосон дээрх тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа, хариуцагчаас уг нөхцөл, шаардлагын биелэлтийг шаардсаныг буруутгахааргүй байх төдийгүй дээрх нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэхэд цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу дүгнэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь энэхүү шинээр батлагдсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шалгуурыг өмнөх эрх зүйн харилцаанд, зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч “М э с” ХХК-д тухайлан тогтоож өгсөн, нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхэд буцаан хэрэглэх боломжгүй.
2.6. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хороо 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.4-д “Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх”, 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш холбогдох хууль журмын хүрээнд 12 сарын дотор эхлүүлсэн байх”, 4.6-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулах, ашиглалтад оруулах” гэж тус тус заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь төслийн талбайд хашаанаас өөр зүйл бариагүй төдийгүй Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлийн хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “техникийн нөхцөлийг батлуулахаар Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасан ч шийдвэрлэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж тайлбарлах боловч Эрчим хүчний яам ямар үндэслэлээр техникийн нөхцөлийг нь батлахгүй байгаа, батлахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан эсэх талаар тус яамны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд маргаагүй нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож буй энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 44 хувь “Хангалтгүй” биелүүлсэн гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй.
2.7. Мөн хавтаст хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “М э с” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 5 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуурын системээс цахилгаан эрчим хүч худалдах тарифыг 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс дээшгүй байхаар, 3 дахь заалтаар “М э с” ХХК-ийн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас шөнийн цагт худалдаж авах цахилгааны тарифыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллаж буй үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамгийн бага энергийн тарифаар тооцсугай гэжээ.
Хэдийгээр Эрчим хүчний зохицуулах хорооны даргаас “...“М э с” ХХК-ийн ... хэрэгжүүлж буй 5 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуурын систем нь Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг 2.0 ам.цент/кВт.ц-аар өдөрт 2 удаа цэнэглэх...” агуулга бүхий 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/313 дугаар албан бичгийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байх боловч уг албан бичгийн дагуу өдөр 2 удаа цэнэглэлт хийх боломжгүй юм.
Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь хамтын удирдлагатай, шийдвэр нь тогтоол хэлбэрээр гардаг байх тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолд нийцээгүй даргын албан бичгийн дагуу өдөрт 2 удаа цэнэглэлт хийх боломжгүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолын агуулгаас үзвэл, “М э с” ХХК нь шөнийн цагаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс 2.0 цент/квт.ц-р эрчим хүч худалдан авч, үүнийгээ ачаалал ихтэй, шаардлагатай цаг хугацаанд 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс ихгүй үнээр худалдан борлуулахаар байна.
Гэтэл “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өдөрт 2 удаа цэнэглэлт хийхээр, улмаар ачаалалтай өдрийн цагаар ч 2.0 цент/квт.ц-р эрчим хүч худалдан авч, үүнийгээ 1 кВт.ц тутамд 15.0 ам.цент үнээр худалдан борлуулахаар заасан нь дээр дурдсан 111 дүгээр тогтоолын зорилгод нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
2.8. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компаниас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24/12 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлттэй нь холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/895 дугаар албан бичгээр нэмэлт баримт шаардсан байхад нэхэмжлэгч компаниас уг албан бичгийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 6-д “Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно” гэж заасны дагуу өргөдөл гаргаагүйд тооцох үндэслэлтэй байх тул “...Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор шалгана, мөн зүйлийн 16-д зааснаар хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдөл хариу өгөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгагдсанд тооцно. Гэтэл “М э с” ХХК 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сунгуулах хүсэлтээ өгснийг 1 жилийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сард шийдвэрлэсэн тул сунгагдсанд тооцох үр дагавар үүсгэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 25 дугаар зүйлийн 25.1.12-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М э с” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан ““М э с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН