Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч, хохирогч Д.Зоригт

Шүүгдэгч, хохирогч Н.Түвшинжаргал нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Анчин овгийн Намсрайн Түвшинжаргал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бэсүүд овгийн Димитровын Зоригт нарт холбогдох  201718010017 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02-р сарын 14-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 0000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, өөрт ноогдох эд хөрөнгө гэр, мал, машинтай, 1999 оны 02-р сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 14 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231.4-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01-р сарын 17-ны өдрийн 15 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн1231дүгээр зүйлийн  1231.2, 211 дугаар зүйлийн 211.2-д зааснаар 04 жилийн 06 сарын хугацаагаар хорих ял эдэлж 2003 оны 01дүгээр сарын 27 ны өдөр хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан гэх, Сэлэнгэ аймаг Сайхан сум 2 дугаар баг, 7-16 тоотод оршин суух, Бэсүд овгийн Димитровын Зоригт / РГ-/

2.Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 0000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, өөрт ноогдох эд хөрөнгө байхгүй,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/92 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2003 оны 04-р сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд айлын мал малладаг. Орхонтуул хуучин төв 1 дүгээр багт оршин суух, Анчин овгийн Намсрайн Түвшинжаргал / МЭ--

Үйлдсэн хэргийн талаар:/яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Д.Зоригт нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Могойтын ам гэх газарт иргэн Н.Түвшинжаргалын бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Түвшинжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Могойтын ам гэх газарт иргэн Д.Зоригтын бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

            1.Хохирогч Д.Зоригтын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг / хх-ийн 16-17 дугаар хуудас/,

            2.Хохирогч Н.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг / хх-ийн 18-19 дугаар хуудас/,

            3.Гэрч Ө.Рэнцэдаваагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/

            4.Гэрч Б.Батхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

            5.Гэрч Г.Энхтөрийн  хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            6.Гэрч Н.Цэцэгээгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

            7.Гэрч Ц.Саранцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/           

8.Д.Зоригт, Н.Түвшинжаргал нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /хавтаст хэргийн 51-51 дугаар хуудас/

9.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 03-ны өдрийн ¹181 тоот шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/

10.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 03-ны өдрийн ¹182 тоот шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 31-34 дугаар хуудас/

11.Шүүгдэгч  Д.Зоригтын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

12.Шүүгдэгч Н.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Д.Зоригт нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Могойтын ам гэх газарт иргэн Ө.Рэнцэндаваагийн гэрт иргэн Н.Түвшинжаргалын бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.Түвшинжаргал нь  2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Орхон сумын Могойтын ар гэх газарт иргэн Ө.Рэнцэндаваагийн гэрт хутга шөвөг хэрэглэн Д.Зоригттой хэрэлдэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Зоригтын биед хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч Д.Зоригтын хэрэг бүртгэлтэд өгсөн: … 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найз Н.Түвшинжаргал Рэнцэндаваагийнд мөнгөөр хөрзөн гишгэх хэрэгтэй байна хүргээд өг гэхээр нь би хүргэж өгсөн. Тэгээд Рэнцэндаваагийнд очиход тэр айлын хүн нэг шил 0,75л архи гаргаж өгөхөөр нь Н.Түвшинжаргал бид хоёр хуваагаад уусан юм. Тэгээд архи ууж байхад бид хоёр бие биенээ шоолоод үгээр идэж байгаад хоорондоо маргалдаад байж байхад Н.Түвшинжаргал уурлаад хажуудаа байсан шөвөг, хутга хоёрыг бариад босоход Би Н.Түвшинжаргалын хутгыг булааж авах гээд ноцолдох үед Түвшинжаргал миний цээжийг хутгаар жоохон зүсчихсэн юм. Тэгээд би Н.Түвшинжаргалын хутгыг булааж авах гэж байгаад хамар хэсэг хутгаар
жижигхэн зүссэн. Тэгээд бид хоёр хоорондоо гар барилцаад дахиж маргалдахгүй
буруу ойлголцоод маргалдсан байна гээд Сайхан сумын төвд орж ирээд
Н.Түвшинжаргалыг 2 дугаар байрны гадаа буулгасан. Тэгээд би гэрлүүгээ очоод
амарч байхад цагдаа нар ирээд Сайхан сумын цагдаагийн тасаг дээр аваачсан.
Тэгээд одоо хүртэл шалгагдаж байна. Дахин энэ хэрэгтэй холбогдуулж гаргах санал
хүсэлт гомдол байхгүй болно гэсэн  мэдүүлэг,

2.Хохирогч Н.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр би айлд хөрзөн гишгэх гээд очиход тэр айлын хүн нэг шил 0,75л архи гаргаж өгөхөөр нь Д.Зоригт бид хоёр хуваагаад уусан юм. Тэгээд архи ууж байхад Д.Зоригт намайг чи энэ гэрийн баганаас дээшээ гарч сууж болохгүй шүү гээд байхаар нь би уурлаад хажууд шөвөг, хутга хоёрыг бариад босоход Д.Зоригт миний хутгыг булааж авах гээд ноцолдох үед би Д.Зоригтын цээжийг хутгаар жоохон зүсчихсэн юм. Тэгээд Д.Зоригт миний хутгыг булааж авах гэж байгаад миний хамар хэсэгт хутгаар жижигхэн зүссэн. Тэгээд бид хоёр хоорондоо гар барилцаад дахиж маргалдахгүй буруу ойлголцоод маргалдсан байна гээд Сайхан сумын төвд орж ирээд Д.Зоригт намайг 2 дугаар байрны гадаа буулгасан. Тэгээд би найз Батхуягийн гэрлүү ороход миний хамарнаас их цус гараад байхаар нь Баттхуяг эмнэлэг дуудаад тэгээд миний цусыг тогтоосон Тэгээд тэр үед эмнэлэг дээр байж байхад цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуугаад яваад өгсөн. Тэгээд шөнийн 02 цаг болж байхад Батхуягийн гэрт очиж амарсан. Д.Зоригт намайг буулгаж өгөөд хаашаа явсаныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг,

            3.Гэрч Ө.Рэнцэндаваагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн:…2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Орхон сумын Могойтын ар гэх газар гэртээ хөрзөн авахуулах гэж Н.Түвшинжаргалыг гуйсан. Д.Зоригтыг Н.Түвшинжаргалыг манай гэрт авчираад өгөөч гэж гуйсан. Тэгээд Д.Зоригт, Н.Түвшинжаргал хоёр гэрт ирэхээр нь нэг шил 0,75л хараа архи гаргаж өгөхөд Миний аав Өсөг, Н.Түвшинжаргалын эхнэр, Миний төрсөн ах Төрөө, Д.Зоригт, Н.Түвшинжаргал бид нар хуваагаад уусан юм. Тэгээд архи ууж байхад Н.Түвшинжаргал Д.Зоригтыг үгээр өдөөд янз бүрийн юм хэлээд байсан. Би Түвшинжаргалаавын гэрт оруулж унтуулаад 20 минутын дараа Н.Түвшинжаргал манай гэрлүү хутга , шөвөг хоёр бариад ороод ирсэн. Тэгээд ороод ирэхэд нь Д.Зоригт хутгаруу нь өшиглөөд хоорондоо ноцолдоод эхэлсэн. Тэгээд би салгахад Н.Түвшинжаргал Д.Зоригтын баруун хөхний дээд талд хутгаар хатгасан байсан. Тэгээд Д.Зоригт Н.Түвшинжаргалтай ноцолдож байхад Н.Түвшинжаргалын хамарных нь хажууд хутгаар зүссэн байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо найзууд байж муухай юм боллоо гээд гар бариад яваад өгсөн. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг,

            4.Гэрч Б.Батхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: …2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 21 цагийн үед миний хуурай ах Н.Түвшинжаргал гаднаас нүүрнээс нь цус гоожоод ороод ирсэн. Би шууд Эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2017 оны 02 сарын 02-ны 03 цагийн үед Н.Түвшинжаргал ахыг батлан даалтанд аваад гэртээ авчирч унтсан. Би юунаас болж нүүр ам нь цус болсон талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг,

5.Гэрч Г.Энхтөрийн  хэрэг бүртгэлтэнд өгсөн:... 2017 оны 02 сарын 01-ны өдөр хөрзөн ховхолж өгнө гэж мэдсэн байсан. Ө.Рэнцэндаваа гэртээ 1 шил архи гаргаж өгсөн Н.Түвшинжаргал Н.Түвшинжаргалын эхнэр, Д.Зоригт, Ө.Рэнцэндаваа, бид нар уусан юм Н.Түвшинжаргал хэрүүл өдөөд Д.Зоригттой маргалдаад байсан. Тэгээд Рэнцэндаваа ах Н.Түвшинжаргалыг аавынхаа гэрт оруулж өгөөд амраачихлаа гээд ороод ирсэний дараа удаагүй араас нь Н.Түвшинжаргал хутга, шөвөг бариад ороод ирсэн. Тэгэхаи Д.Зоригт Н.Түвшинжаргал хутга, шөвөг барьсан байна шүү болгоомжтой байгаарай гээд өөрөө босч очоод тийрээд унагаасан юм. Тэгээд Д.Зоригт ноцолдох үед Н.Түвшинжаргал тэр хоёр бие биенээ хутгаар хатгасан байсан. Тэгээд хоорондоо Н.Түвшинжаргал, Д.Зоригт нар эвлэрсэн юм. Тэгээд Д.Зоригтын дүү нь машинтай ирээд явсан гэсэн мэдүүлэг.

      6. Д.Зоригт, Н.Түвшинжаргал нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /х.х-ийн 51,52-рт/

7.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 03-ны өдрийн ¹181 тоот шинжээчийн  

1.Н.Түвшинжаргалын биед нүүрний шарх, цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Н.Түвшинжаргалд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт.

           8.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 03-ны өдрийн ¹182 тоот шинжээчийн дүгнэлтэд

1.Д.Зоригтын  биед нүүрний шарх, цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Д.Зоригтод учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /х.х-ийн 31-32рт/.

9.Шүүгдэгч  Д.Зоригтын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг…Би 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз намайг Н.Түвшинжаргалыг эхнэртэй нь хамт хүргээд өгөөч би энд хөрзөн ховхлуулах гэсэн юм гэж гуйсан. Би тэгээд эндээс аваад явсан. Түвшинжаргал тухайн үед согтуу байсан. Н.Түвшинжаргалтай айлд очсон чинь тэр айл 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг хувааж уугаад бид хоёр тоглоом шоглоом хийгээд байж байсан чинь Н.Түвшинжаргал гараад явсан. Удалгүй Н.Түвшинжаргал гаднаас хутга, шөвөг аваад ороод ирсэн. Тэгээд би салгах гэж байгаад гар нь зүсэгдсэн байсан.   Н.Түвшинжаргал тэр айлд уул нь хөрзөн ховхлох гэж л очсон юм. Ийм л зүйл болсон  гэсэн мэдүүлэг.

10.Шүүгдэгч Н.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: …Бид хоёр Могойтын давааны наана Рэнцэндаваа гэдэг айлд ирсэн. Бид тэнд  хөрзөн татах гээд ирсэн. Тэгтэл тэр айл нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж уусан чинь Д.Зоригт над руу чи муу айлын босгоноос дээш сууж болохгүй шүү муу гөлөг минь гээд  үгээр идээд байсан. Тэгээд миний уур хүрээд хажуудаа байсан хутга шөвгийг аваад айлгах гээд боссон чинь тэр хутга шөвгийг булааж авч жоохон ноцолдсон. Тэгээд бид хоёр эвлэрээд намайг 2 дугаар байшингийн ард хүргэж өгсөн. Тэгээд Алтанхуяг гэдэг айлд орсон чинь хамраас жоохон цус гарсан байсан. Тэгсэн эмнэлэг дуудсан. Би эмнэлэг дээр очоод ийм асуудал болсон. Өөр надад ярих зүйл байхгүй. Бидний энэ асуудлыг гайгүй шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд ямар ч асуудал байхгүй бид сайн дураарай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Орхон сумын Могойтын ар гэх газарт иргэн Ө.Рэнцэндаваагийн гэрт  Н.Түвшинжаргал нь хутга шөвөг хэрэглэн Д.Зоригттой хэрэлдэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байна.

Иймд Н.Түвшинжаргалыг Д.Зоригтын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд,  Д.Зоригтыг Н.Түвшинжаргалын  биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус  тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж үзлээ.

 Д.Зоригт нь 1999 оны 02-р сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 14 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231.4-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01-р сарын 17-ны өдрийн 15 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн1231дүгээр зүйлийн  1231.2, 211 дугаар зүйлийн 211.2-д зааснаар 04 жилийн 06 сарын хугацаагаар хорих ял эдэлж 2003 оны 01дүгээр сарын 27 ны өдөр хугацаанаас өмнө тэссэн суллагдсан гэх ба Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн  1ж-д зааснаар ялгүй болсон байна.

Н.Түвшинжаргал нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/92 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2003 оны 04-р сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн  1е-д зааснаар ялгүй болсон байна. Иймд шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Шүүгдэгч Н.Түвшинбаяр, Д.Зоригт нарын  үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй ба  бие биедээ хохирогч бөгөөд хоорондоо  сайн дураараа эвлэрч  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 -д заасан үндэслэлээр шүүгдэгч Н.Түвшинбаяр, Д.Зоригт нарын  үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийхээ дагуу  өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт урдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зоригт, Н.Түвшинжаргал нарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

1.Анчин овогт Намсрайн Түвшинжаргал, Бэсүд овогт Димитровын Зоригт нарыг  бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар прокуророос яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Түвшинжаргал, Д.Зоригт нарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Түвшинжаргал, Д.Зоригт нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Н.Түвшинжаргал, Д.Зоригт нарт  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, ишний урт 9,8 см, ажлын хэсгийн урт 8,3см нийт 28.1см урт шөвөг 1 ширхэг , бариул нь цэнхэр өнгөтэй, иш нь 10 см, ажлын хэсэг нь 9,9 см  ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг зэргийг устгаж, цэнхэр өнгийн цамц 1 ширхэгийг Д.Зоригтод буцаан олгосугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА