| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2020/00381/И |
| Дугаар | 133/ШШ2020/00450 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 133/ШШ2020/00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил баг 8-1 тоотод оршин суух, А.Н-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл болох 517.183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Л.М, А.Н нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Г-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөнгийг шилжүүлэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан ба зээлдэгч нар үндсэн зээлийн 6.000.000 төгрөгөөс 5.636.893 төгрөг, хүүнд 319.193 төгрөг, 2014-2017 оны алданги 169.676 төгрөгнөөс 15.000 төгрөг төлсөн байна. Харин үндсэн зээлийн 363.107 төгрөг, 2015-2017 оны алданги 154.076 төгрөг, нийт 517.183 төгрөг төлөөгүй байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Л.М нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч А.Н-аас улсад учирсан хохирол 517.183 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ зээл 2017 онд дууссан. Анх энэ зээлийг авахдаа байрны гэрчилгээгээ барьцаанд тавьж байсан. Тухайн үед зээлийг төлөхөд зээлийн үлдэгдэл ийм төгрөг байна. Үүнийг төлчихвөл зээл чинь дуусаж байгаа юм байна гэж хэлсэн. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас зээлийн үлдэгдлийг бичүүлж аваад төлсөн. Тухайн үед манай барьцаанд тавьсан байрны гэрчилгээг зээл чинь дууслаа гээд өгч байна. Тухайн үед нөхөр бид 2 манай зээл дууссан гэж үзэж байсан. Түүнээс хойш бидэнд танай зээл чинь тэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн зүйл ярьж огт ирээгүй. Гэтэл 2020 онд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас танай зээлийн үлдэгдэл 517.183 төгрөг байна гээд ирсэн. Би хариуцсан хүмүүст нь нөхрийг маань амьд сэрүүн байхад яагаад хэлээгүй юм бэ? Хэлсэн бол бид 2 зэрэг ажил хийж байсан учраас төлөх боломжтой байсан. Харин одоо би төлөх боломж байхгүй. Та нар ажлаа хийгээгүй эсхүл ажлын хариуцлагаа алдсан байна гэсэн тайлбарыг өгсөн. Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан зээл гэж үзэж байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч А.Н-д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл болох 517.183 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А.Н нь ..Энэ зээл 2017 онд дууссан. Анх энэ зээлийг авахдаа байрны гэрчилгээгээ барьцаанд тавьж байсан. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас зээлийн үлдэгдлийг бичүүлж аваад төлсөн. Тухайн үед манай барьцаанд тавьсан байрны гэрчилгээг зээл чинь дууслаа гээд өгсөн учраас нөхөр бид 2 манай зээл дууссан гэж үзэж байсан гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Л.М нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг авто засвар үйлчилгээний зориулалтаар жилийн 0,25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авахаар №77 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, хариуцагч А.Н нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.
Л.М нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 498/000125 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байх бөгөөд Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний тус гэрээний 2.6-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.
Маргааны зүйл болох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд талууд уг хугацаан дээр маргаагүй байна.
Иргэний хуулинд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолохоор заасан ба нэхэмжлэгч нь хуулийн энэхүү нөхцлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул шүүх гэрээний хугацаа дууссан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.
Мөн уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болоогүй, энэ талын баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндсэн хоёр ойлголтыг зохицуулсан бөгөөд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байна.
Хэлэлцэж байгаа хэргийн хувьд дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй байх тул дурдсан хуулийн зохицуулалтад хамаарч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцлийг бий болгосон агуулгагүй байна.
Маргааны зүйл болох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээгний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссанаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Н-д холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл болох 517.183 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, А.Н-д холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл болох 517.183 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ