Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг, Цагаанхайрханд оршин суух У овогт Н.Ц-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг, Цагаанхайрханд оршин суух У овогт Ж.Ж холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө, мал гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хөргөгч 700.000 төгрөг, хөлдөөгч 450.000 төгрөг, мөлхөө тавилга 600.000 төгрөг, угаалгын машин 400.000 төгрөг, аравчны урт хивс 400.000 төгрөг, миний хуваарит хөрөнгө болох өвөг эцгээс минь үе дамжиж ирсэн 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан толгойтой хаш хөөрөг, мөн 2019 оны 06 сард ХААН банкнаас 5.3 сая төгрөгийн малчны зээлийг төлүүлэх, мөн иргэний үнэмлэх, 69 машины бичиг баримт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч П.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У овогт Н.Ц, У овогт Ж.Ж нарын /2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн 05 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан газар эзэмших эрхийн 0097094 дугаартай нэгж талбарын 061000113 дугаар бүхий 0,1 га өвөлжөөний газар, хонь 20 /эр хонь 10, эм хонь 10/, ямаа 25 /эм ямаа 15, эр ямаа 10/ нийт 45 малыг хариуцагч Ж.Ж-аас гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129 тооны мал гаргуулах, охин Ж.Б бид хоёрт ногдох 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ж-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Ж.Б, 2006 оны 05 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нарыг эх Н.Ц-ын асрамжид үлдээсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Ж.Б, 2006 оны 05 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ж.Ж-аар тэжээн тэтгүүлсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Ц-д даалгасугай.
7. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ж.Ж нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ж.Ж-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Баасанцэрэнд даалгасугай.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506.178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж-аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 4.881.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 93.056 төгрөг, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээ болох 6.550.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 119.750 төгрөг, нийт 353.206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ