| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2023/1400/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1445 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сод-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1445
2023 11 22 2023/ШЦТ/1445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Д.Сод-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогч Э.Х,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Г.Ц-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 2З-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа, ам бүл 1, .......... тоотод оршин суух, урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
....... овогт Г.Ц /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... тоот орон сууцанд иргэн Э.Х-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн гараараа хохирогчийн биед хүрсэн нь үнэн. Маргааныг би эхлүүлээгүй. Хохирогч манай охины ээжтэй маргаан эхлүүлсэн. Би юу ч болоогүй байхад нь хэл амаар хэлж доромжлоогүй. Хохирогч гаднаас согтуу орж ирээд тухайн үед байсан хүмүүсийн уур амьсгалыг эвдэж, чанга чангаар ярьж, хашгирч маргаан эхлүүлсэн. Манай охины ээжийг элдвээр хэлсэн тул би уурласандаа гар хүрсэн. Миний буруу” гэв.
Хохирогч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Би энэ хүнтэй өс хонзонтой зүйл байхгүй. Тэр өдөр Б бид гурав өөр нэг найзынхаа эмээгийн ажил явдалд орсон. Дараа нь нэг нэг пиво уусан. Эхлээд Б явлаа гэхээр нь явуулчхаад Д бид хоёр үлдсэн. Тэгээд Б гэртээ ирсэн байна, та хоёр хүрээд ирээч гэхээр нь Д намайг хүргэж өгөөд, та хоёр сууж бай гээд явсан. Намайг ороход энэ найз нь эхнэртэйгээ байсан. Би угаасаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас дуу чангатай байсан байж магадгүй. Сайн уу гээд хэлсэн чинь чи яаж яриад байгаа юм гээд намайг элдвээр хэлээд байсан. Тэгээд би “чи ямар муухай харьцдаг юм бэ, эхнэрийг чинь ингэж хэлээд байвал ямар байна” гээд адилхан эхнэрт нь хэлсэн чинь миний эхнэрийг доромжиллоо гэсэн. Тэгээд над руу салаавч гаргаад, миний нүүр, нүд рүү гар хүрээд цохисон. Б хамт ирсэн хүнээ хамгаалсан. Тэгээд 2-3 удаа тонгорч унагаасан. Надад бас гар хүрсэн. Хамгийн гол нь эмэгтэй хүнд гар хүрсэн. Тэгээд хохь чинь гэж байгаа юм шиг гараад явсан. Санаа зовоод уучлаарай гэж хэлэх байх гэж бодсон боловч Ц гараад явсан. Танай найз чинь хүний эрхийг хүндлэхгүй юм байна. Өөрийн эрхийг хүний эрхээр хязгаарладаг юм. Би зүгээр байж байгаад доромжлуулаад баймааргүй байна. Ц надад хэлэхдээ “манай эхнэр миний хоёр хүүхдийг гаргасан, чи бол юу юм гэж хэлсэн”. Би адилхан хоёр хүүхэдтэй, эмэгтэй хүн. Би найзыгаа гэж ирсэн болохоос чамд дарамтлуулах гэж ирээгүй гэж хэлсэн. Бүх хүмүүс адил эрх тэгш эрхтэй байхад намайг дорд үзэж, надад гар хүрэх эрхгүй гэж үзэж байгаа учраас би энэ хүнд гомдол гаргасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 40 минутад найз Г.Б-ны гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоотод очсон. Намайг тэдний гэрт очиход Б, Ц эхнэрийн хамт байсан. Тэднийд ороод юм яриад сууж байхад Ц надад хандан “чи яаж яриад байгаа юм, нохойн баас минь, гичий минь, янхан минь, лалар минь” гэж хараасан. Тэгэхээр нь би яагаад намайг ингэж байгаа юм, эхнэрийг чинь ингэж хэлбэл яах вэ гэхэд үгийн зөрүүгүй зүүн нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Г.Б болиулах гэсэн боловч Г.Б-г бас хэд хэд цохисон. ...Толгой өвдөж байна. Нүд бага зэрэг хавдсан байна. ...Ц намайг элдэв бусаар хэлж салаавч гаргаж, нүүр хэсэг рүү 2 удаа цохиж авахад Б салгаж болиулсан ба Б-г 2 удаа газар унагаад чи энэ гичийгээ өмөөрч байгаа юм уу гэж хэлээд гарч явсан. Уг асуудал болсны дараа цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд Б-ы хамт шүүх эмнэлэг орж үзүүлсэн. ...Ц-ыг миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиж авсны улмаас зүүн нүд хөхөрч, зүүн шанаа хавдсан гэмтэл учирсан байсан. Миний зүүн нүд хөхөрч, шанааг хавдсан байсныг хамт явж үзүүлсэн болохоор Б харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,
- Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг уг эмэгтэй рүү харахад ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл ажиглагдаагүй ба ширүүн харцтай хүн байсан бөгөөд линз зүүсэн байсан. Тэгж харагдсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн11-12 дахь тал/,
- Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х цагдаагийн газарт мэдүүлэг өгчхөөд шүүх эмнэлэгт орж үзүүлнэ гэхэд хамт явж үзүүлсэн. Уг маргаан болсны дараа Хохирогч:-ы биед ил харагдах гэмтэл шарх учирсан байсан эсэхийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,
- Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ыг буулгахад Б гарч ирээд Х-ыг авч байр луугаа орсон. ...тухайн өдөр найз Х-ы нүүр хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй байсан ба ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйлгүй Б-ы хамт байр луу нь явж орсон. Намайг гэр лүүгээ ороод унтаж амраад 07 цагийн орчимд сэрэхэд найз Х найзууд дундын фейсбүүк чат дээр 05 цагийн орчим Бы найз намайг цохисон эмнэлэг дээр байсан гэсэн утгатай зурвас бичиж үлдээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Э.Х-ы биед зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дахь тал зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны ....... тоот орон сууцанд иргэн Э.Х-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.Э.Х-ы биед зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны .... тоот орон сууцанд иргэн Э.Х-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн шатанд мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Э.Х-ы эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Э.Х-ы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Ц-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүх шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Ц нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Г.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Э.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.АЮУШЖАВ