Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 133/ШШ2020/00491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух М.д овогт М.У-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газар нарт холбогдох
ажилгүй байсан хугацааны цалин 3.710.980 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч М.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.У миний бие 2016 оны 09 дүгээр сард ГАА-ийн Г.Х.Б.Х.Б газрын даргаар ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаартай захирамжаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн юм. Миний бие Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0003 дугаартай шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан аймгийн Г.Х.Б.Х.Б газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ны гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн боловч хариуцагч талаас давж заалдах гомдлоосоо татгалзаж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ыг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд Говь-Алтай аймгийн ЗДТГ болон аймгийн Г.Х.Б.Х.Б газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.710.980 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.У нь Г.Х.Б.Х.Б газрын даргаар ажиллаж байсан. М.У нь Засаг даргын Б/62 дугаартай захирамжийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн байна. Г.Х.Б.Х.Б газрын 2020 төсөвт тухайн албан тушаалын цалинг төлөх мөнгө төсөвлөгдөөгүй учраас манай байгууллагын зүгээс төлөх боломжгүй. Хариуцагч Засаг даргын Тамгын газраас гаргуулах хүсэлтэй байна гэв.


ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч М.У нь Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.710.980 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь М.У нь аймгийн Засаг даргын захирамжаар халагдсан тул Г.Х.Б.Х.Б газар цалинг төлөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч М.У нь Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газрын даргаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч М.У нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.У-ийг урьд эрхэлж байсан аймгийн Г.Х.Б.Х.Б газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 114 хоногийн олговор 5.347.865 төгрөгийг олгож шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112/ШШ2020/0003 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д ...энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй..., 110.1.2-т ...давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй... бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заажээ.
Дээрх шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь давж заалдах журмаар гомдол гаргасан боловч гомдолоосоо татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдон тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш аймгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Г.Х.Б.Х.Б газрын даргын албан тушаалд М.У-ийг томилсон шийдвэр гаргаагүйгээрээ нэхэмжлэгч М.У-ий хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар ...Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно... гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд М.У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу М.У-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 3 сар, 3 хоногийн олговор 3.161.208 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун найм/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас 549.772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч М.У-ийн 0053717 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 03, 04, 05 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч М.У нь тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө орсон нь бичигдсэн... гэж тайлбарлаж байх тул нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 03, 04, 05 дугаар сарын дундаж цалингаас ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон болно.
Мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 112/ШШ2020/0003 дугаартай шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байх тул түүнээс хойшхи буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газарт даалгах нь зүйтэй байна.
Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж, 33.2-т ...Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна... гэж заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь шүүх хуралдаанд ...ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны цалингийн төсөвт суугдаагүй учраас Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх нь аймгийн Засаг даргад олгогджээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох эрх хэмжээ нь хуульд зааснаар Засаг даргад байгаа боловч нэхэмжлэгч М.У нь иргэний хэргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох бус, харин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардаж байгаа тул хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газар нь хариуцагч биш хэмээн маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэхээр заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын бичилтийг хийх үүрэг нь тухайн ажилтны ажиллаж байсан байгууллага буюу Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газарт хамаарах тул нэхэмжлэгч М.У нь Г.Х.Б.Х.Б газрын цалингийн сангаас цалин хөлсөө гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч Г.Х.Б.Х.Б газрын ажилтны цалин хөлсийг аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулах үндэслэлгүй, мөн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нь өөр байгууллагын ажилтны нийгмийн даатгалын тооцоог гүйцэтгэх /бичилт хийх/ эрхгүй юм.
Дээрх үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.У-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүхийн эрхэм зорилгод ...шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч М.У-ийн зөрчигдсөн эрх буюу ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхийг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.161.208 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65.529 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.161.208 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун найм/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч М.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 549.772 /таван зуун дөчин есөн мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.У-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газарт үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.161.208 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65.529 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Г.Х.Б.Х.Б газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ