Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Уран хотхон 3-15 тоотод оршин суух, А.м овогтой Г.Г-д холбогдох,
Багш Я.Н-т олгосон 9.029.482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Г.Г, иргэдийн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар математикийн багш Я.Н нь ажлын ачаалалгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Багш Я.Н нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу багш Я.Н-т ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт тэнцэх 2620800 /хоёр сая зургаан зуун хорин мянга найман зуун/ төгрөгийг, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00217 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу багш Я.Н-т ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт тэнцэх 6408682 /зургаан сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг, нийт 9029482 /есөн сая хорин есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгон, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд шийдвэр гаргасан албан тушаалтан болох захирал Г.Г-ээс авах авлагаар тайлагнасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заажээ. Иймд тус Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвөөс багш Я.Н-т олгосон 9029482 /есөн сая хорин есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг шийдвэр гаргсан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуул өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвийн багш Я.Н-ыг ажлын цагийн ачаалалгүй болсны улмаас 2018 оны 01 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэрийг тухайн багш хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оноос Я.Н багшийг ажилд нь эгүүлэн тогтоогоод ажиллуулж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 онд ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Энэ цалинг олгосны дагуу Говь-Алтай аймгийн төрийн Аудитын газраас албан шаардлага өгч тухайн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд 2019 оны тайланд авлагаар тусгаад буруутай этгээдээр нь төлүүл гэсэн албан шаардлага өгсний дагуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажигүй байсан хугацааны цалинд олгосон 9.029.482 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсвийн байгууллагын захирал нь тухайн төсвийн байгууллагын шууд захирагч байх бүрэн эрхийнхээ дагуу төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан төсвийн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу хөдөлмөр нийгмийн халамжийн сайдын баталсан Говь-Алтай аймгийн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоо, 2017 оны А/27 дугаартай тушаалын хүрээнд Монгол улсын сангийн байд, хөдөлмөрийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198, 215 дугаатай ташаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.3 дэхь хэсэгт заасны дагуу мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөөг үндэслэн турхайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн захирал тогтооно гэдэг заалт мөн төсвийн тухай хууийн 16.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиилагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар төсвийн хүрээнд шинэчлэн тогтоож болно гэсэн энэ эрхийнхээ дагуу 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд ажиллах багш нарын орон тоог шинэчлэн тогтоосон. Шинэчлэн тогтоосны дагуу өмнөх хичээлийн жилүүдэд математикийн 3 багш байсныг 2 болгон өөрчилсөн. Дээрх өөрчилсөн шийдвэр нь хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2013 оны А/198, 215 дугаартай тушаалын хавсралтаар баталсан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.8 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн онолын болон дадлагын ерөнхий эрдмийн багшийн жилийн ерөнхий цагийн ачаалал нь 20 цаг байна гэсэн заалт байгаа. Мөн энэ журмын 3.1 дэх хэсэгт 45 цагийн бодит гүйцэтгэлийг нэг багц цаг буюу нэг кредит гэж зааж байгаа юм. Багц цагийн журмын дагуу 2 орон тоотой ажиллах бүтэц гарч ирж байгаа. Өнөөдөр ч математикийн 2 багш ажиллаж байгаа. Цаашдаа ч 2 математикийн багш байхаар байгаа. Буруутай шийдвэр гаргасан гэж үзэх ямар үндэслэл байгаа юм гэдэг асуудал бас байгаа. Я.Н гэдэг багшийг ажилгүй байх хугацаанд өөр багшийг авч цалинжуулаагүй. 2018, 2019 оны цалигийн сангийн хэмнэлт 60.000.000 орчим төгрөг хэмнэсэн. Энэ хмнэлт нь сангийн яаманд татагдаад төсөвтөө орсон. Давхардуулж цалин олгосон асуудал байхгүй. Буруутай этгээдээр ажилгүй байсан хугцааны цалинг төлүүлнэ гэсэн Аудитын албаны албан шаардлага явж байдаг. Манай байгууллагын хувьд давхардуулж цалин олгосон ийм зүйл байхгүй. Би бол ямар нэгэн гэм хор учруулаагүй. Харьяа дээд байгууллагын тушаалын дагуу багш нарынхаа ажлыг нягтруулж ажилласан. Мөн Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан учир тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн 2020 оноос өмнө хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч буруутай шийдвэр гаргасны улмаа учирсан гэм хорыг төр хариуцна гэдэг заалтын дагуу хэрвээ гэм буруутай үйлдэл байх юм бол энэ нь тухайн хуулийн дагуу төр хариуцах ёстой байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Г.Г-ээс багш Я.Н-т олгосон 9.029.482 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бүрэн төлөөлөх, Г.Гэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар Ц.О-д олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж талууд шүүх хуралдаанд тайлбарлаж, харилцан маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагыг хариуцагч Г.Г бүрэн төлөөлөх эрхтэй этгээд байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Математикийн багш Я.Н-ыг 2018 онд бүтэц орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Я.Н багшид олгосон цалин 2019 оны санхүүгийн тайланд авлагаар тусгагдсан. Тухайн авлагыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Г.Гээс нэхэмжилж байна... гэж, хариуцагч Г.Г ...багш Я.Н-ыг ажлын цагийн ачаалалгүй болсны улмаас 2018 оны 01 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Я.Н-ыг ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж маргажээ.
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар математикийн багш Я.Н-ыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалыг Я.Н нь хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 133/МА2018/00017 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00256 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаар Я.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдсоноор ажилд эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш ажил албан тушаалдаа томилогдсон өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00217 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны 7 сар, 6 хоногийн олговорт 6.408.682 төгрөг, 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.131.982 төгрөгийг олгож шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэр, магадлал, тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.
Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж, тус төвийн багш Я.Н-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэлд нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 2.358.720 төгрөгийг цалинд, 262.080 төгрөгийг хүн амын орлогын албан татварт, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 5.767.814 төгрөг, хүн амын орлогын албан татварт 640.868 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож хариуцагч энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заажээ. Иймд тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс багш Я.Н-т олгосон 9.029.482 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулж өгнө үү гэж тодорхойлсон.
Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг эдийн засгийн үр дагаврыг ойлгох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлсон байна.
Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллахдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Г.Гийг хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг авч үзэх ба нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн үйл баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа байдалд дүгнэлт хийх замаар шийдвэрлэдэг ба хариуцагчийг гэм хор учруулсан гэх үндэслэлээр хохирол төлүүлэх шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болно.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагад гэм хорын хохирол учрлуулаагүй талаар татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох үүрэгтэй оролцоно.

Харин нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг мөн дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Д нь Я.Н нь ажилдаа буцаад орсон, ажилгүй байсан хугацааныхаа цалинг нөхөн авч хохиролгүй болсон. Мөн давхардаж цалин хөлс олгоогүй, төсвийн хүрээнд болон шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжилж байгаа мөнгийг Г.Г төлөхгүй ёсгүй гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.м овогтой Г.Г-д холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол буюу багш Я.Н-т шүүхийн шийдвэрээр олгосон 9.029.482 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ