Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

хохирогч Х.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Тилеугавал,

шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ед холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Ш овогт Хн Е, 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баймгийн С суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, суурь  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баймгийн С сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Е нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бүргэдийн баяр”-ын үеэр иргэн Х.Нийг ял ялих зүйлээр шалтаглан зүүн гуя тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

  1. Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Хохирогч Х.Н мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Х.Е сая надаас уучлалт гуйсан, бид хоорондоо эвлэрсэн учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.   

3. Улсын яллагч Х.Өээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Х.Еы үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Таас: “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан, иймд прокурорын дүгнэлттэй санал нэг байна” гэв.

5. Шүүгдэгч Х.Е нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бүргэдийн баяр”-ын үеэр иргэн Х.Нийг ял ялих зүйлээр шалтаглан зүүн гуя тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Еы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Х.Нээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 15 минутад Баймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, эд мөрийн баримт болох иргэн Х.Еы хутгыг хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хавтаст хэргийн 10-14 дэх тал/, хохирогч Х.Ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19, 21 дэх тал/, гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, Шинжээч Баймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 619 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, яллагдагч Х.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            8. Шүүгдэгч Х.Е нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн /хавтаст хэргийн 21 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ тул шүүгдэгч Х.Е нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Е хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Х.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Иймд шүүгдэгч Х.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Шүүгдэгч Х.Е нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга /гэрийн хамт/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

14. Шүүгдэгч Х.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Хн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга /гэрийн хамт/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ