Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2020/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороололд байрлах МТС ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 10-9 тоотод оршин суух Ш.з овогт Ч.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.213.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МТС ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Чулуунбат овогтой Мөнхөө нь "МТС" ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүүгийнхээ хуриманд зарцуулах зорилгоор тус компанитай 33/15 тоот зээлийн гэрээ болон хавсралт 1-ээр байгуулж 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан. Ч.М нь уг гэрээнд заасанчлан төлбөрийг хавсралтад заасны дагуу сар бүр тогтмол төлж, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд бидний зүгээс үлдэгдэл төлбөр болох 808,986 төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардлага тавин холбогдсон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасантай нийцүүлэн 404,490 төгрөгөөр тооцож нийт 1,213,450 /нэг сая хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг иргэн Ч.Мгөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч МТС ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.М нь МТС ХХК-д ажиллаж байсан гэдэг нь харагдаж байна. Мөн Ч.М нь зээл авах хүсэл зорилго байсан гэдэг нь түүний 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлөөр нотлогдож байна. Тухайн өргөдөлд хүүгийнхээ хуримыг хийх зорилгоор 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний зээлийг авъя гэх хүсэлтийг гаргаж, өрөгдлийг компанийн удирдлагууд шийдвэрлээд явж байсан гэдэг нь харагдаж байна. Өргөдлийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлох баримтаас харагдаж байна. Ч.М өрөө гарын үсэг зурсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан болох нь нотлогдож байна. Мөн өглөг, авлагын дэлгэрэнгүй жагсаалтад үлдэгдэл 808.986 төгрөг гэж байна. Авсан зээл нь 1.300.000 төгрөг байхад үлдэгдэл нь яагаад ийм байгаа вэ? гэхээр Ч.М 2015 оны 08 дугаар сард зээл авчихаад 09, 10, 11 саруудад зээлээ төлж байсан. Ажлаасаа гарснаасаа хойш сураггүй алга болсон. Үлдэгдэл зээлд зээлийн гэрээний дагуу алданги тооцсон. Алданги зээлийн 50 хувь хэтэрсэн тул Иргэний хуульд заасны дагуу 50 хувь хүрэхэд зогсоож, 1.213.450 Ч.М-өөс нэхэмжилж байна. Бид Ч.Мтэй холбогдож төлбөр тооцооны асуудлыг ярих гэж олон сар жил хойноос нь хөөцөлдсөн. Өнөөдөр төлнө, маргааш төлнө, за байж бай гэж хэлснээр нь хойшлуулсаар байгаад арга буюу шүүхэд хандаж шийдвэрлүүлж байна. Хариуцагчийн хариу тайлбар болон зээл хүссэн өргөдөл хоёрыг харьцуулаад уншихад өргөдөл дээр цалингийн урьдчилгааг зээлээр олгоно уу гэсэн өгүүлбэр байгаа. Ч.М үүнийг зээл биш цалингийн урьдчилгаа авсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ аль нь байсан гэсэн Ч.М нь МТС ХХК-иас 1.300.000 төгрөгийг хүүгийнхээ хуриманд зориулж авсан байна гэдэг нь агуулгаас нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид зээл олгохдоо заавал зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээнийхээ дагуу зээл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.М миний бие МТС ХХК-ний нэхэмжилсэн 1.213.450 төгрөгийг барагдуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие тухайн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл би 1.213.450 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээ огт байгуулаагүй. Цалингийн урьдчилгаа авсан гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаан хариуцагч Ч.М-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Ч.М-ийн зүгээс зээлийн гэрээ байгуулаагүй. Цалингийн урьдчилгаа авсан гэж тайлбарлаж байгаа боловч болсон үйл баримтаас эрх зүйн харилцааг тодорхойлж үзэхэд МТС ХХК-иас цалингаа урьдчилж аваад эргүүлэн төлж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан өргөдөл, зээлийн үлдэгдэл зэргээс харагдаж байна. Тухайн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч буюу Ч.Мгийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн байна. Зээлдэгч Ч.М тухайн мөнгийг тодорхой хугацааны дараа эргүүлж төлж байгаа үйл баримтаас харахад компани болон түгээгчээр ажиллаж байсан Ч.М нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ч.М хууль зүйн эрх зүйн харилцааг мэдэхгүй учраас тухайн үед цалингийн урьдчилгаа авсан, хүүгүй юм чинь зээл аваагүй гэдэг байдлаар буруу, ташаа ойлгосон болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэхэмжлэгч талын дурдсанаар 1.300.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жилийн хугацаатай зээлсэн зээлийн гэрээ байгуулсан байна. Ч.М нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Зээлийн гэрээний 3, 4 дүгээр зүйлд зээл авсан ажилтан ажлаас чөлөөлөгдсөн бол 10 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж заасан байна. Мөн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн сүүлийн төлөлтийг хийж, зээлийн гэрээ дуусгавар болох ёстой байсан. Нэхэмжлэгч компани зээлдэгч Ч.М-өөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэх боломжтой байна. Харин зээлийн гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасан 10 хоногийн дотор зээлийг төлж барагдуулна гэж заасан заалтаар нэхэмжлэх тохиолдолд Ч.М нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шаардах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд шаардлага хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан. Шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн дотор нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 10 хоногийн дараа шаардах эрх үүссэн гэж үзээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзье. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний сүүлийн хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Уг хугацаанд утсаар ярьж байсан, холбогдож байсан, нэхэж байсан гэж хэлж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. МТС ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч МТС ХХК нь хариуцагч Ч.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.213.450 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.М нь ..Миний бие тухайн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл би 1.213.450 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээ огт байгуулаагүй. Цалингийн урьдчилгаа авсан гэж мэтгэлцэж байна.
Хариуцагч Ч.М нь МТС ХХК-д түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тус компаний захирлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Хариуцагч Ч.М нь МТС ХХК-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр МТСХХК-ний Ерөнхий удирдлагад ...компаний дотоод журмын дагуу цалингийн 3 сартай тэнцэх хүүгүй мөнгийг олгож өгнө үү гэх өргөдлийг гаргаснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МТС ХХК-иас 1.300.00 төгрөгийг зээл авагчийн хүсэлтийг үндэслэн сарын 0 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгохоор №33/15 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул МТС ХХК зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Мөн маргааны зүйл болох зээлийн гэрээний 3.3-д Зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох бөгөөд төлбөр төлөх хугацаа 1 сар өнгөрсөн тохиолдолд шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувиар алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.
Маргааны зүйл болох МТС ХХК-иас олгосон зээлийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж, 1.300.000 төгрөгийг шилжүүлэн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд талууд уг хугацаан дээр маргаагүй байна.
Иргэний хуулинд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолохоор заасан ба нэхэмжлэгч нь хуулийн энэхүү нөхцлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул шүүх гэрээний хугацаа дууссан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.
Мөн уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болоогүй, энэ талын баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндсэн хоёр ойлголтыг зохицуулсан бөгөөд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байна.
Хэлэлцэж байгаа хэргийн хувьд дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй байх тул дурдсан хуулийн зохицуулалтад хамаарч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцлийг бий болгосон агуулгагүй байна.
Маргааны зүйл болох МТС ХХК-иас олгосон зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд ...зээлийн төлбөрийг зээл хүлээн авагч удаа дараа хойшлуулж, төлнө гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ цаг хугацаа, орон зайны хувьд хол байсан учраас үргэлж утсаар холбогдож байсан. Ихэнх хугацаанд Ч.М нь сураггүй алга болсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй буюу хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан МТС ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.213.450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан МТС ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.213.450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ