Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

Ц.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч Ц.Б, Б.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О, хохирогч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт холбогдох 1917000830051 дугаартай 3 хавтас 454 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь Б.Б бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс хохирогч С.Б эзэмшлийн Toyota Landcruiser 80 маркийн 83-83 ГСА дугаартай автомашиныг өргөгч кран, “Lugong” маркийн ковш ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан

 Шүүгдэгч Б.Б нь Ц.Б бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс хохирогч С.Б эзэмшлийн Toyota Landcruiser 80 маркийн 83-83 ГСА дугаартай автомашиныг өргөгч кран, “Lugong” маркийн ковш ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Ц Б бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Б Б бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

            шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Б  оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол болох 1 184 000 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 592 000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Б олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Б эзэмшлийн  HINO RANGER маркийн 13-18 ГСА улсын дугаартай 13 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 14 500 000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын ноцтой зөрчил гаргасан. Хоёрдугаарт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гуравдугаарт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Дөрөвдүгээрт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэсэн 4 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй. Миний үйлчлүүлэгч Б шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэж автомашиныг зөвшөөрөлгүй кранаар ачсан эхний үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Шүүх гэмт хэргийн шинжгүй гээд хэрэгсэхгүй болгосон юм бол яагаад эрүүгийн хариуцлага албадлыг арга хэмжээ хэрэглэж байгаа нь зөрүүтэй. Гэм буруутайг нь тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Гэм буруутай нь тогтоогдохгүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь эрх зүйн том зөрчил. Ц.Б, Б.Б нарын эхний үйлдэл буюу 83-83 ГСА улсын дугаартай ХИНО Ренжер маркийн машинаар автомашиныг зөвшөөрөлгүй ачих үйлдлийг яагаад хэрэгсэхгүй болгож байгаа талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолд үндэслэлийг огт дурдаагүй. Аливаа шүүхийн тогтоол гэм буруугийн болон гэм буруугүйн болгосон талаар үндэслэл нь тодорхой байх ёстой. Гэтэл уг шийтгэх тогтоолд үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож байгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх ёстой байсан. Гэтэл шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь байхгүй байдаг. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцсон бол яагаад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машиныг нь улсын орлого болгосон бэ? албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл. Тиймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалт хуулийн зөрчилтэй байна. Миний үйлчлүүлэгч Б шүүгдэгч Ц.Б холбоогүй гэж дүгнэсэн дүгнэлтээс улбаалж Кранаар ачсан үйлдлийн дараа нь Ковш машинаар Б гэдэг хүн ачаад явсан. Энэ үйлдэлд миний үйлчлүүлэгч Б нь оролцоогүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгээс харагддаг. Гэтэл үргэлжилсэн үйлдлээр Ц.Б, Б.Б 2 гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн. Үйлдлээрээ үгсэн нэгдэх гэдгийг тайлбарлах ёстой байсан. Онолын хувьд гэмт хэргийн гол шинж нь нэгдмэл байх ёстой. Нэгдмэл байхын тулд субъектив шинж буюу нэг төрлийн үйлдлийн хор уршиг адил байх ёстой. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй. Мөн шинэ Эрүүгийн хуульд объектив тал субъектив тал заавал хангагдсан байхыг гэмт хэргийн үндсэн шинж гэж тодорхойлдог. Шүүх Батмөнхийн хувьд объектив талын шинж нь бүрдсэн гээд субъектив талын үндсэн шинжийг орхигдуулсан. Б үйлдлийг гэмт хэрэг гэж тооцоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугийн зарчим байх ёстой. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, гэмт хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан бол, учирч болох нийгмийн аюулын хор хэмжээг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол гэм хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж заасан. Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн ойлголт. Б нь өөрийн хүүхдээ дуудаж машин аваад ир гэж хэлсэн. Хүү эцэгтээ машин авчирч өгсөн. Б нь Б гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг ухамсарлаагүй. Б нь 30 минут хүлээж би Замын-Үүдээс дөнгөж ирж байна. Аав та яах гээд байгаа юм бэ? очиж учраа олооч гэсэн байдаг. Энэ нь эцэг хүүгийн харилцаа байсан. Анхан шатны шүүхэд Б, Б нар нь, огтхон ч гэмт хэрэг гарах шинжийн харилцаагүй байсан гэдгийг хэн, хэн нь хэлдэг. Тиймээс энэ үйлдлийг гэмт хэргийн субъектив шинжид хамруулж болох уу? гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулах нөхцөл байдал тогтоогдохгүй. Анхан шатны шүүх дүгнээгүй хэсгийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үүднээс дүгнэх боломжгүй. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад яг энэ үндэслэлээр буцаах хүсэлт гаргаж байна. Тэр үед Б гэмт хэргийн шинж, шалтгаан нөхцөлийг тодорхойлох тогтоох хэрэгтэй гэж буцаасан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр оруулж ирсэн. Иймээс энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй, эдгээр ажиллагааг хийх хэрэгтэй гэж өмгөөлөгчийн зүгээс оролцсон. Гэтэл шүүх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлэсэн нь хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй. Хэрэв энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан. Б нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр автомашиныг авч явсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэг нь 2 утгатай. Нэгдүгээрт ямар нэгэн харилцаагүйгээр автомашиныг нь авах буюу өмчид нь халдаж авах буюу өмчлөх эрхийг хууль бусаар авах гэж байгаа үндсэн шинж. Б, Б нарын хооронд бүтэн жилийн хоорондын харилцаатай маргаан явсан. Энэ нь иргэний эрх зүйн маргаан буюу өвсний маргаан байсан. Нэг нь тооцоо дуусаагүй, нэг нь тооцоо дууссан гэсэн маргаан явсан байсан. Нийтдээ 6 сар үргэлжилсэн харилцаа нь сүүлдээ маргаан болсон. Б нь Б өвсний мөнгөө авах гэж Б олдохгүй алга болсон. Сүүлд зам дээр таарахаар нь Б машиныг нь машинаараа хааж зогсоод машиныг нь ачиж явсан. Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан. Мөн Б нь шууд машиныг нь ачиж авч яваагүй. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж эхэлснээс хойш Б, Б нар нь тогтвортой мэдүүлдэг. Шүүгдэгч нарын мэдүүлэг зөрдөггүй. Б нь Б дуудаж Б зам дээр машинаа тавиад яваад өгсөн. Яах вэ? гэж хэлсэн. Б ирээд 30 минут хүлээж ирэхгүй болохоор нь аав яах юм бэ? би Замын-Үүдээс дөнгөж ирж байна. Ядраад байна гэдэг. Гэтэл Б нь Б руу залгаад чи ирж тооцоогоо дуусга. Тэгэхгүй бол би машиныг чинь ачиж явлаа шүү гэдэг. Тэгэхэд нь Б тэгэхгүй юу? гэж хэлээд утсаа тасалсан байдаг. Энд өмчлөгчийн зөвшөөрөл өгөгдсөн гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч өнөөдөр ч тэр мэдүүлгээ өгдөг. Үүнийгээ хэлдэг. Энд ажил гүйцэтгэгчийн гэрээний тооцоо дуусаагүй учраас барьцаанд авсан машин. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн эрх зүйн онолын үүднээс хохирогчид эрх зүйн давамгайлал үүссэн байдаг. Үүнийг анхан шатны  шүүх үнэлээгүй. Анх цагдаад машин хулгайлчихлаа гэж хохирогч гомдол гаргасан. Машиныг нь Б ачиж явсныг Б мэдэж байсан. Мөн хохирогч тухайн гомдлоо 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээхдээ зөвшөөрөлгүй ачсан гэж зүйлчилсэн. Хохирогч үүнийг дэмжсэн. Би үүнээс хохирогч эрх зүйн давамгайлал үүсгэсэн гэж үздэг. Үүнийг Б утасны жагсаалтаас харж болно. Үүрэн холбооны утаснаас сүүлд Б руу 30 секунд ярьсан байдаг. Энэ үйл баримтыг шүүх үнэлээгүй байдаг. Шүүх оногдуулсан ял албадлыг арга хэмжээний хувьд харгис хандсан. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзье. Гэтэл 1 184 000 төгрөгийн хохиролтой хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим байдаг. Эрүүгийн хариуцлага гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээнд тохирсон байх ёстой. Гэтэл уг хэм  хэмжээнээс хэтэрсэн. Шүүхээс 33 000 000 төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон. Ковш машины үйлдлийг гэм буруутайд тооцсон бол 25 000 000 төгрөгийн машиныг ч улсын орлого болгож болох байсан. Гэтэл үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон ХИНО Ренжер маркийн автомашиныг 13 000 000 төгрөгөөр үнэлж давхар 33 000 000 төгрөгийг улсын орлого болгосон байсан. Бид гэмт хэргийн учруулсан хор хохирол, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирлын хэр хэмжээг шүүх үнэлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 7.5 дугаар зүйлийн 3, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэсэн байсан. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заавал үнэлэх ёстой байсан гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл гэсэн. Үнэхээр гэмт хэргээ туйлд нь  хүргэх зорилготой тэр хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь тэр хэмжээгээр их байсан бол энэ өөр хэрэг болох байсан. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг оруулах хэрэгтэй байтал хуулийг зүгээр үг үсгээр нь махчилж, хэрэглэн 2 техник хэрэгслийг улсын орлого болгож болохгүй байсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон гэх асуудалд шүүх үйлдлээрээ хамтарсан гэж субъектив талын шинжийг тогтоохгүйгээр шийдсэн. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох дотоод шинжийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 3.2, 3.3, 3.7 дугаар зүйлүүдэд гэмт хэрэг үйлдэх этгээдүүдийн үүрэг оролцоог хуульчилж өгсөн. Хатгагч, хамжигч, зохион байгуулагч, гүйцэтгэгч гэх мэт хуульчилсан байхад шүүх энэ хэрэгт эдгээр зүйл заалтуудыг заавал хэрэглэх ёстой байсан. Б нь энэ хэрэгт хэрхэн оролцсон талаар ойлголт байхгүй. Прокуророос ийм яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Шүүх үүнийг нь баталсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь Б байна. Зохион байгуулагч нь Б байна гэж хуульчилж өгөх ёстой байсан. Мөн бид хохирогчийн асуудалд маргаж байгаа. Хохирогч нь Б биш Б гэдэг хүн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 1 184 000 төгрөгийн хохирол учруулсан машины өмчлөгч нь Б гэдэг хүн байдаг. Шүүх энэ хэргийг хэн хохирогч вэ? гэдэг асуудлаар буцаасан. Тухайн үед Б хохирогчоор, Б гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Одоо хэрэгт Б хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож буцаад Б хохирогчоор тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Иргэний хуулийг ч иш татаж болохгүй. Гэтэл Иргэний хуулийг иш татаж Б хохирогчоор татаж өмчлөгчийн зөвшөөрлөөр эзэмшигчийн зохицуулж байгаа этгээд өмчлөгчийн эрхийг нэгэн адил эдэлнэ гэдэг. Эрүүгийн хэрэгт хохирогчийг өмчлөгч байх ёстой гэж тодорхой зааж өгсөн. Бид үүнд мэтгэлцсэн. Миний үйлчлүүлэгч Батсүрэн нь Б гэдэг хүнийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангаагүй. Хэргийг давж заалдах шатны хэвээр үлдээх, өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй үйл баримтад давж заалдах шатны шүүх үнэлэлт хийх боломжгүй. Хэргийг бүхэлд нь зохицуулалт ороогүй. Мөн энэ хэрэг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэж байна. Би хөөн хэлэлцэх хугацааг одоо үргэлжлүүлэн тооцож  яваа гэж үзэж байна. Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.11 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна гэж заасан. Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг гарсан өдрөөс тоолон анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл прокурор оролцогчид гомдол эсэргүүцэл бичээгүй бол 14 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан. Мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар хяналтын шатны шүүх хэрэгт эцсийн арга хэмжээг авахаар хуульчилсан. Бид хэргийг анхан шатны шүүхэд буцаах туйлын зорилготой байна. Батмөнхийн хувьд энэ хэргийг эцэг хүүгийн харилцаанаас үүдэж оролцсон. Батсүрэнгийн хувьд хохирогчтой маргаантай байсан, энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх тогтоогоогүй гэж үзэж байна. Прокурор яллагдагчаар татаж байхдаа гэм бурууг урьдчилан тогтоож болохгүй гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Намайг шүүхийн шийдвэрт эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн байсан. Би төрд олон жил асар их ажил хийсэн. Би орон нутагтаа сүүлд гэхэд 30 машины граж, засвар үйлчилгээний төв барьж өгсөн. Би өөрийгөө эрхэлсэн тодорхой ажилтай хүн гэж үзэж байна. Мөн намайг улсаас авсан гавъяа шагналгүй гэсэн байсан. Би улсаас 3, 4 удаа шагнуулсан. Орон нутгаас минь намайг шагнасан. Би шүүхэд гаргасан өргөдөлдөө авсан гавъяа шагналаа хавсаргасан. Мөн би дээр үед алдаж онож явсан. Түүнийг минь нэг бүрчлэн тодорхой бичсэн байсан. Энэ асуудал нь тухайн үедээ хэрэгсэхгүй болсон байсан. Миний сайн талыг нуусан байж муу талыг бичсэн байсан. Би үүнд харамсаж байна. Мөн энэ хэргийг завших зорилгогүй гэсэн байсан. Би энэ хүнээс ямар нэгэн зорилготой байж өөрийн гэсэн зүйлээ салгаж авах байсан. Энэ хүн надаас 15 000 000 төгрөг авч шаардлага хангахгүй өвс өгсөн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга арай гэж 1000 боодол өвсийг нь авсан. Мөн хохирогч надад өвс боож өгөх ёстой байсан. Сүүлд өвсөө ч боож өгөхгүй надаас зугтаагаад алга болсон. Тэгээд сүүлд зам дээр таарахад нь 660 боодол өвсний хуурамч падаан бичсэн байсан. Түүнийхээ учрыг ол, мөн надад зохих хэмжээний хүү алданги төлж өг гэхэд машинаа цоожлоод зугтаагаад явсан. Би Б 2 цаг гаран хүлээгээд ирэхгүй байхаар Б руу утасдаж хэлэхэд ирэхгүй гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би машиныг чинь ачлаа шүү гэхэд тэгэхгүй юу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь ачиж өөрийн граждаа авч ирсэн байсан. Тэгээд 3 хоногийн дараа намайг цагдаагаас дуудаж очиход нүүр нүдгүй намайг загнасан. Мөрдөн байцаагч болон прокурор хэн аль нь намайг хэргийн материалтай танилцуулаагүй. Би тухайн үед энэ хүнээс болж асар их хохирсон. Би энэ хүнийг хүн чанараараа надад туслах байх гэж бодсон. Б намайг их хэмжээний ашиг олсон гэж бодож байгаа. Би Б өвсийг нь 3000 төгрөгөөр авч Дорнод аймгаас 3500 төгрөгөөр ачуулж, 1800 боодол өвсийг 1 ширхгийг нь 1000 төгрөгөөр зарсан. Ингээд надад 11 000 000 төгрөгийн хохирол учирсан. Уг муу өвс байсан тул хүн хямдхан авсан. Би 1 боодол өвсийг 4500 төгрөгөөр зарсан. Ингээд би өөрөө хохирчихоод одоо яллагдагч болоод явж байгаадаа харамсаж байна. Миний үед бичиг үсэг байгаагүй, би уншиж бичиж чаддаггүй. Надад хэргийн материал танилцуулаад өгөх хүн байхгүй байсан. Би цагдаад очих үед нэг өмгөөлөгч авсан байсан ч тэр хүн надад хэргийн материал танилцуулж өгөөгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдлөө дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Намайг Замын-Үүд сумаас дөнгөж орж ирэхэд аав дуудсан. Манай крантай машин өмнө нь цагдаагийн байгууллагад гэрээтэй байсан. Би тухайн үед юу болж байгаа талаар мэдээгүй. Би одоо гомдолтой байна. Миний аав бид хоёрыг Г гэдэг мөрдөн байцаагч дуудсан. Тэгээд очиход тэр цагдаа намайг элдвээр хэлж хараасан. Би тэр тухайгаа тухайн үед өмгөөлөгчдөө хэлж байсан. Прокурорт бас би хэлсэн. Би өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Би аавыгаа машин ачихад нь хажууд нь хараад зогсож байсан. Аавын өвсний асуудлыг ч би мэдэхгүй гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн хэлсэн гомдлыг сонслоо. Энэ хэрэгт Б нь оролцсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Б нь өөрөө би Б, Б хоёрыг өмнө нь өвсний маргаантай байсан асуудлыг мэдэж байсан. Мөн намайг очиход Б 83 83 ГСА улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин байсан гэдгийг тодорхой мэдэж байгаа гэдэг. Тэгэхээр Б үйлдэл оролцоо юу байгаа вэ? гэдэг нь харагдана. Тиймээс Б үйлдлээрээ үүсгэгч гэж үзсэн. Мөн хохирогчийг эрх зүйн давамгайлал үүсгэсэн гэж хэлсэн. Үүнд хохирогчийн машиныг авч явсан бол хохирогч цагдаад гомдол гаргахдаа машинаа хулгайд алдчихлаа гэж гомдол гаргана. Үүнийг бид ялгаж зүйлчилсэн. Тиймээс хохирогчид эрх зүйн давамгайлал үүсгэсэн зүйл байхгүй. Мөн утсаар ярьж зөвшөөрөл авсан гэдэг зүйл хэлсэн. Гэтэл Батцоож нь зөвшөөрөл өгсөн бол тухайн үед түлхүүрээ өгөх байсан. Б утаснаас утсаар ярьсан зүйл гарч ирсэн ч үүнийг зөвшөөрөл авсан гэж үзэхгүй. Энэ гэмт хэрэг нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөл аваагүйгээр үйлдэгдсэн. Хэрэв зөвшөөрөл авсан бол энэ нь гэмт хэрэг биш болно. Тиймээс энэ нь өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй гэмт хэрэг мөн. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нь тээврийн хэрэгслийг улсын орлого болгосонтой холбоотой тайлбар хэлсэн. Уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж улсын орлого болгохоор санал оруулсан. Тиймээс Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч Б.Б гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хохирогч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний 83-83 ГСА улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг Крантай өргөх гэж байгаад надад 1 184 000 төгрөгийн  хохирол учруулсан. Б.Б тухайн өмгөөлөгчтөйгөө нийлж худал ярьж байна. Нотлох баримтын бичлэг байсан. Түүнд Б оролцоогүй хэсгийг оруулсан байсан. Харин Б өөрийн оролцоотой машин дээр гарч юм хийж байсан бичлэг байсан. Түүнийг оруулаагүй байна гэжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:     

 Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б болон шүүгдэгч нарын    өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгааралахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын  19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б эзэмшлийн 83-83 ГСА улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “кран” болон “ковш” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

 Учир нь шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар “Захиргааны журмын эсрэг гэмт хэрэгт” хамаарч тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйл болох “Дураараа аашлах” гэмт хэрэгт тооцогдох үндэслэлтэй байсан байх боловч 2015 оны Эрүүгийн хуулиар /шинэчилсэн найруулга/ дураараа аашлах гэмт хэрэг нь авлигийн эсрэг гэмт хэрэгт хамаарч тухайн гэмт хэргийг үйлдэгч субъект нь нийтийн албан тушаалтан байхаар хуульчлагдсан байх тул  шүүгдэгч нарыг дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болжээ.

Харин  2002 оны Эрүүгийн хуулийн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тооцогдож байсан “авто тээврийн хэрэгслийг авч зугатаах” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар /шинэчилсэн найруулга/ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох болсон ба үг үсэг, утга найруулгын хувьд өөрчлөгдөн   “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэх болсон байна.

Энэ нь тухайн гэмт хэргийн объект буюу халдлагын зүйл өөрчлөгдсөн гэсэн үг бөгөөд 2015 оны Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн зохицуулалтаар бусдын өмчлөх, эзэмших эрх  нь халдлагын зүйл болсон байна. Тухайлбал шүүгдэгч нарын бусдын өмчлөлийн зүйл болох автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь өмчлөх эрхийг зөрчсөн гэмт үйлдэл мөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх дээрх үйлдлүүдийг “ ... эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна гэж дүгнэлээ” гэсэн атал прокуророос завдсан болон төгссөн гэсэн үндэслэлээр тус тусад нь зүйлчлэн ирүүлээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан завдалтыг журамлаж ирүүлээгүй байхад “завдсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийг хэрэгсэхгүй болгох зүйл, заалт баримталсан нь буруу байх тул шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тэврийн хэрэгсэл болох кран маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь  хуульд нийцээгүй  байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаад олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан“ гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг  шууд заасан, эсхүл техник хэрэгсэл ашигласныг тухайн зүйл заалтын хүндрүүлэх нөхцөл байдлаар зааж тусгагдсан байхаар ойлгогдож байна.

 Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол...шийтгэнэ” гэж заасан ба уг заалтад тухайн гэмт хэргийг үйлдэхэд  техник  хэрэгсэл ашигласан талаар тусгагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж  ...эд хөрөнгө хураах, эд хөрөнгийн үнийг гаргуулж улсын төсөвт  оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.   

4. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт хамааралгүй зөвхөн аавдаа туслах зорилгоор кранаар оосорлоход оролцсон, ковшоор ачих үйлдэлд ямар ч оролцоо байхгүй гэх боловч  шүүгдэгч бусдын өмчлөлийн зүйлд халдаж байгаагаа ойлгох бүрэн чадамжтай, насанд хүрсэн иргэн бөгөөд ковшоор оосорлоход оролцсон тухай өөрөө мөрдөн байцаалтанд хүлээн мэдүүлсэн болох нь тогтоогдож байх ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүгдэгч нар нь хохирогч зөвшөөрсөн гэх боловч энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Тухайн үед хохирогчтой утсаар ярьсан талаар шүүгдэгч нар болон хохирогчийн  аль аль нь мэдүүлдэг, шүүгдэгч Ц.Б утсаар ярьсан гэх мобикомын салбарын лавлагаа байгаа зэрэг боловч энэ нь хохирогчоос зөвшөөрөл өгсөн гэдгийг  нотлохгүй  юм.

Шүүгдэгч Ц.Б нь өөртөө туслах зорилгоор  хохирогчийн автомашиныг ачих  үйлдлийг хийсэн гэх боловч үүнийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах зайлшгүй нөхцөл байдалд үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаагүй гэх боловч хавтаст хэргийн материалтай танилцан хэргийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлж байснаас үзэхэд шүүгдэгчийн хэргийн материалтай танилцах эрхийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон хэдий ч  анхан  шатны шүүхээс шүүгдэгч нарыг “ ...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн ...бүлэг” гэж үзсэн нь үндэслэлтэй  боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “ ... гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог  харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг хэрэгжүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Б гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоог  харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил байхаар зохицуулагдсанаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан гэж үзэхээр  байх  боловч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн, мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж  зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй болсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 –т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 1,  8  дахь заалтуудыг тус тус  хүчингүй болгож,

         Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын  “... шүүгдэгч Б.Б.... 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр ... “ гэснийг “ ... шүүгдэгч Б.Б ... 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ...  гэж,

          Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын  ... “Б.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр ...” гэснийг “ Б.Б оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ... гэж тус тус өөрчилж,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  гомдол гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧИД                               О.ОДНЯМАА

                                                  Х.БАЙГАЛМАА

                                                                                                     Г.ТЭГШСУУРЬ