Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0312

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн                       

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Д-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Гуравдагч этгээд Б.М, өмгөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/00917/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Д-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Д.Д-ын ажилгүй байсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “...маргаан бүхий актаас Д.Д-ын хувьд албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, дээрх журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоосон нь тодорхойлогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт “2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 22 хоногийн ээлжийн амралтыг олгосон. Гэвч үүнээс хойш ажлын байрандаа ирж ажиллаагүй, цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа эсэх талаарх баримт нотолгоог алба ёсоор өгөөгүй, удирдлагатайгаа огт холбоо бариагүй, хөдөлмөрийн болон төрийн албаны харилцаанд огт ороогүй болно. Д.Д нь Хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн албан тушаалд томилогдсоноос хойш энэ албан тушаал дээр ямар ч ажил хийгээгүй, дараагийн томилогдсон шинжээчид ямар ч ажил хүлээлгэж өгөөгүй байна” гээд нотлох баримтаар нотолсныг шүүх үгүйсгээгүй, хүлээн авсан.

2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12-д “Төрийн албаны тухай хуульд заасан ямар үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийн чухам алийг нь гаргасан тодорхойгүй, хууль зүйн хувьд хариуцагчийн шийдвэр хууль ёсны үндэслэл болоогүй. Д.Д ямар хугацаанд амралтаа биеэр эдэлсэн, өвчтэй байсан хугацаа, цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй, хэд хоног ажил тасалсан болох, тэр нь аль хууль тогтоомж зөрчсөн” нь ойлгомжтой байна гэжээ.

Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж, 9.6.11-т “ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах” гэж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/163 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.3-т “яамны хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг чандлан мөрдөнө” гэж, 5.10-т “Ажлаас хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь сарын дүнгээр 960 минутаас хэтэрсэн тохиолдолд цалингийн суутгалаас гадна Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авна” гэж, 9.1.1-т “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн болон энэ журмын 9.3 дахь хэсэгт заасан хориглосон үйлдэл гаргасан албан хаагчид зөрчсөн үйлдлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна” гэж, 9.3-т “Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ... бусад хууль тогтоомж болон Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлсээс гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 9.3.1-т “Хөдөлмөрийн дотоод журам зөрчих” гэж заасныг тус тус үндэслэсэн ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д нь эдгээр хууль тогтоомж, журмыг зөрчсөн” гэдгийг нотлох баримтаар тайлбарласныг шүүх хүлээн авсан.

2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх гэсэн агуулгатай эрх зүйн зохицуулалтыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна” гэжээ. Д.Д-ыг халах сахилгын шийтгэл ногдуулсан ба төрийн албанаас чөлөөлөөгүй байхад шүүх өөрөө зохиож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.4. Д.Д нь шүүх хуралдаанд шинжээчээр ажиллаагүй, ажиллахгүй гэдгээ өөрөө нотолсон, түүний шинжээчээр ажилласан гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Д.Д нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тус яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн ажилд томилогдсон. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 22 хоногийн ээлжийн амралтыг олгосон. Гэвч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 2 сар 14 хоног ажлын байрандаа огт ирж ажиллаагүй, цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа эсэх талаарх баримт нотолгоог албан ёсоор өгөөгүй, удирдлагатайгаа огт холбоо бариагүй, хөдөлмөрийн болон төрийн албаны харилцаанд огт ороогүй. Сайдтай уулзахдаа дарга болговол ажиллана, шинжээч болговол ажиллахгүй, тушаал гаргахаар сонсох ажиллагаа хийхэд албан ёсны эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай нотлох баримт, хүсэлтээ ирүүлээгүй. Хэрэв халах юм бол түр чөлөөлөгдье гэсэн байх суурьтай байгаагаа шүүх хурал дээр болон баримтаар нотолсон байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Төрийн алба гэдэг бол дуртай үедээ дарга болбол ирж ажиллаад дургүй үедээ шинжээч болбол ирж ажилладаггүй, хүсэхгүй бол чөлөөлөгддөг зүйл биш юм. Үүнд шүүх нотлох баримтаар хүлээн авсан ч хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “...Гэтэл маргаан бүхий актаас үзэхэд, Д.Д-ын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, дээрх журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй, сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гараагүй байна” гэжээ. Энэхүү дүгнэлтээ үндэслээд мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт “... нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан ямар үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийн чухам алийг нь гаргасан тодорхойгүй, хууль зүйн хувьд хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна” гэжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, уур амьсгалынх өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дүгээр “Д.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэ ногдуулах тухай” тушаалын тушаах хэсгийн 1-д “...Хуулийн хэлтсийн Захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээч Д.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй” гэж түүний гаргасан ноцтой зөрчлийг тодорхой тусгасан.

Энэхүү зөрчлийн хууль зүйн үндэслэлийг тушаалын удиртгал хэсэгт “... Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36132 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1, 6.1” гэж тодорхойлсон.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16 “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэхгүй байх замаар зөрчсөн.

Маргаан бүхий захиргааны актад түүнийг гаргах болсон хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхой заасан байхад ийнхүү дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д “... нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь сахилга ба ёс зүйн ноцтой зөрчил болохыг захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д нь өөрийн хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх өргөдлөө 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус яамны хүний нөөцийн мэргэжилтэн Э.А-ийн имэйл рүү илгээсэн хэмээн тайлбарлах бөгөөд тийнхүү имэйл илгээсэн баримтыг хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Тус баримтад мөн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр яамны хүний нөөцийн мэргэжилтэн Э.А-аас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг түүний имэйл хаяг руу илгээсэн баримт давхар авагдсан.

Энэ талаар өмгөөлөгч миний бие 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №3 дугаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авсан эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нь хүлээн авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Хэргийн материалын 106 дугаар хуудас дахь тус сонсох ажиллагааны мэдэгдэлд “... таны ээлжийн амралтын хугацаа дууссан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа /10/ хоног ирээгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдоод байна” гэж дэлгэрэнгүй тусгасан.

Харин нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авсан мөртлөө өөрийн зүгээс тайлбар, баримт, хүсэлтийг гаргаж өгөөгүй.

3.3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй тул 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж тайлбарласан. Гэсэн ч тэрээр сайдтай уулзахад намайг яамны Хуулийн хэлтсийн даргаар томилохоор тохирсон. Тиймээс намайг тохирсон албан тушаалдаа томилохгүй бол шинжээчээр ажиллах боломжгүй гэж хэлсэн гэх байдлаар тайлбарласан.

Өөрөөр хэлбэр даргаар томилохгүй тохиолдолд шинжээчээр ажиллахгүй талаар өөрөө тайлбарласан бөгөөд энэ нь түүний ажилдаа ирэхгүй байх шалтгаан болсон талаар анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл даргаар ажиллавал бие өвдөхгүй, шинжээчээр ажиллахаар өвдөх байдлаар төрийн албанд буюу ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байхаа тайлбарлах боломжгүй.

Хэргийн материалд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалингийн картыг нотлох баримтаар хариуцагчаас гаргаж өгсөн.

Уг баримтад нэхэмжлэгч нь 2025 оны 6 дугаар сард 20 хоног ажиллахаас 5 хоног, 7 дугаар сард 19 хоног ажиллахаас 12 хоног, 8 дугаар сард 21 хоног ажиллахаас 5 хоног ажилласан байх бөгөөд ийнхүү ажилласан хоногтоо таарсан цалин авсан нь харагдана.

Тиймээс найман сард 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан 10 хоног ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь баримтаар тогтоогдсон байхад шүүхээс дүгнээгүй.

3.4. Нэхэмжлэгч нь Монгол Улсын төрийн ордонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Б болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.З нарт шинжээчээр ажиллахгүй, тохирсны дагуу хэлтсийн даргаар томилбол ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн талаар асуулт хариултын шатанд тодруулахад маргадаггүй.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан, нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актыг гаргахдаа өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгосон боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй.

Харин даргын албан тушаалд очихоор Монгол Улсын төрийн ордонд сайдтай уулзаж явсан. Ийм байхад маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д.Д-аас “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Д-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар Д.Д-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс “... 2025 оны ээлжийн амралтаа 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс авахаар төлөвлөн хуваарьт тусгуулсан боловч ээлжийн амралтаа биеэр эдлэлгүй хойшлуулан ажиллаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлыг хүлээлгэн өгч, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн амарсан. Ээлжийн амралт дуусах үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч хариу өгөхгүй байсаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “... Д.Д нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тус яамны хуулийн хэлтсийн шинжээчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 22 хоногийн ээлжийн амралтыг олгосон боловч үүнээс хойш ажлын байрандаа ирээгүй, цагаа бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа албан ёсоор өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            2.4. Анхан шатны шүүх “...маргаан бүхий актаас үзэхэд, Д.Д-ын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй, сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гараагүй, ... нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь сахилга ба ёс зүйн ноцтой зөрчил болохыг захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, түүний хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулийн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл “төрийн албанаас чөлөөлөх” зохицуулалтын аль үндэслэлээр дуусгавар болгосон нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, ... Төрийн албаны тухай хуулийн “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах”, “төрийн албанаас чөлөөлөх” агуулгатай эрх зүйн зохицуулалтыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ... мөн нэхэмжлэгч Д.Д нь 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүдүүн шулуун гэдэсний дурангийн хагалгаанд орж, бусад эмчилгээ хийлгэсэн болох “И” эмнэлгийн эмчийн дүгнэлт, зураг болон эмчийн үзлэгийн тэмдэглэл, Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүү нөхөн сэргээх мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвлөгөөний хурлын шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ээлжийн амралтаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс авахаар хуваарьт тусгуулсан боловч 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн амарч, амралтын өдрүүдэд мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн байх ба, энэ тухайгаа 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Хүний нөөцийн ахлах шинжээч н.А-ийн мэйл хаягаар хүргүүлснийг хувийн захидал харилцаа гэж үзэх боломжгүй, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр, сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанаас халсан хариуцагчийг зөвтгөх боломжгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

            2.5. Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр нэхэмжлэгч Д.Д-д 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын жилийн ээлжийн амралтыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 22 өдрөөр олгосон байх бөгөөд цагийн бүртгэлээр тус хугацаанд мөн ээлжийн амралттай байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

            2.6. Гэтэл нэхэмжлэгчээс ээлжийн амралтаа хойшлуулан ажиллаж байгаад “2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс амарч эхэлсэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ээлжийн амралт дуусахаар байсан” гэж тайлбарлах боловч энэ талаарх нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн хувьд дээрх хугацаанд ямар чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн, ажил үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсан талаараа огт тайлбар гаргаагүй.

            2.7. Түүнчлэн хэрэгт авагдсан цалингийн картаас харахад нэхэмжлэгч нь ээлжийн амралтын олговроо 2025 оны 6, 7 сард хуваан авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт орсон гэх аливаа шийдвэр, тушаал, мэдэгдэл байхгүй байна.

            2.8. Нөгөөтээгүүр, “И” эмнэлгийн эмчийн дүгнэлт, зураг болон эмчийн үзлэгийн тэмдэглэл, Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүү нөхөн сэргээх мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвлөгөөний хурлын шийдвэр зэрэг баримтууд нь

нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлж байсныг нотолж байх боловч эдгээр баримтууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн холбогдох байгууллагын шийдвэр биш байна.

            2.9. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэгэнт нэхэмжлэгч Д.Д нь түүнд чөлөө олгосон тушаал, шийдвэр, эрүүл мэндийн байгууллагаас олгосон акт, магадлагаагүйгээр ажилдаа хүрэлцэн ирээгүй буюу тасалсан болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар хангалттай тогтоогдсон буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж тус тус заасан төрийн албан хаагчийн үүргээ хэрэгжүүлээгүй байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн заалтын дугаарыг “2749 дүгээр” гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байсныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Д-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн захиргааны акт, төлөвлөгөө, тайлан хариуцсан шинжээчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН