Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Ггийн дүгнэлттэй Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ...дотоод хяналтын журам тогтоож, мөрдүүлээгүй гэх зөрчилд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Эт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.Г, хариуцагч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г би, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан Химийн хорт болон аюулгүй бодисыг ашиглах, импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хяналт шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******** дугаартай шийтгэлийн хуудас бүхий материалыг хянав.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,нд байрлах Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ыг тогтоож, хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заажээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өмчлөлтэй буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тусгайлсан хөрөнгө, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд байна гэж тодорхойлсон байна.

Гэтэл Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь Иргэний хуульд заасанчлан өмчлөлтэй буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тусгайлсан хөрөнгөтэй өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байгууллага бус төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болгох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Улсын төсвөөр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг тул өмчлөлтэй буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй, тусгайлсан хөрөнгөтэй, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага гэж үзэх үндэслэлгүй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг хуулийн этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийтгэл оногдуулсан нь буруу юм.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Эын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шийтгэлийн хуудас бичив гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батбаяр овогтой Э нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажилладаг ба МХЕГ-аас 2018 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02-01/48 тоот Химийн хорт болон аюулгүй бодисыг ашигладаг, импортлох, хадгалах, худалдах, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн болно.

Шалгалтаар дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдүүдийг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д Хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг, 3.1.10-д улсын бүртгэлийн гэрчилгээ гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг., 4.1-д Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна, 5.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 8.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 8.1.5-д төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, 8.1.6-д төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж
  2. Иргэний хуулийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно, 30.2-т Чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар буюу хамтран хуулийн этгээд байгуулж болно гэж.
  3. Төрийн албаны тухай хуулийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал, 9.1.4-д яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж,
  4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь заалт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэсэн заалтуудыг үндэслэсэн болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Ггийн дүгнэлтэд шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хяналт шалгалт хийж 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******** тоот шийтгэлийн хуудсаар тус лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр дүгнэлтийг гаргасан байх бөгөөд дүгнэлтийн үндэслэлээ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь Иргэний хуульд заасанчлан өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байгууллага бус төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, улсын төсвөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг тул өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага гэж үзэх үндэслэлгүй, улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийг хуулийн этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэн, шийтгэл оногдуулсан нь буруу гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ, 25.3Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна, 1-д төрийн байгууллага, албан газар, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ, 2 дахь хэсэгт Төрийн байгууллага, албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй, 1-д Өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, 17 дугаар зүйлийн 1.дэх хэсэгт Улсын төсөвт үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан газартай нэгэн адил эрхтэй гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус лаборатори нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар байх бөгөөд дээрх хуулийн заалтуудын дагуу өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байх тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ггийн ...Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийг хуулийн этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн нь буруу ... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хяналт шалгалт хийж Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам-ыг тогтоож, хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ггийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр дүгнэлт үндэслэлгүй байх тул түүний гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Ггийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Эын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА