Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1683

 

“Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/001765 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А Ж Т” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89 500 651 төгөрг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 39 000 ам.доллар буюу 77 893 140 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан,  А.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан гаргасан тайлбартаа: “Э Т” ХХК нь “А Ж Т” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Лед дэлгэцийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил гүйцэтгэх 01 дугаартай гэрээг байгуулж, урьдчилгаа 39,000 ам.доллар буюу 63 570 000 төгрөгийг “А Ж Т” ХХК төлсөн.  Гүйцэтгэгч “Э Т” ХХК нь Лед дэлгэц, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр авчирсан боловч, угсралтын ажлыг хийх нөхцөлийг “А Ж Т” ХХК бүрдүүлээгүй, өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, III хороолол, АПЕКС төвийн хажууд орших тэдний барилгын гадна фасадны ажил хийгдээгүй байсан. Гадна фасадны ажил дуусахаар Лед дэлгэцийн тоног төхөөрөмжийг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барилгын 4 давхарт гаргаж угсарсан.  Захиалагч компани гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар 13,000 ам доллар төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Лед дэлгэцийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусгахад тухайн барилгын цахилгааны ажил огт хийгдээгүй байсан тул хүлээлгэн өгч чадаагүй. Харин 2014 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр “А Ж Т” ХХК-ийн 6 давхар барилгын цахилгааны ажил 4 давхарт хүрсэн тул дэлгэцийг цахилгааны тэжээлээр хангаж ажиллуулсан. Улмаар Лед дэлгэцийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд шалгалтын журмаар гаргахад ямар нэгэн доголдолгүй ажиллаж байсан тул “А Ж Т” ХХК-д гүйцэтгэл хүлээлцсэн актаар хүлээлгэн өгсөн.  Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь НӨАТ төлөгч тул дор дурьдсан НӨАТ-ыг гүйцэтгэгч нь захиалагчаас хуульд зааснаар авч улсын төсөвт төлөх ёстой. Гэрээний үнэ 65,262 ам.доллар, ханш 1 ам.доллар = 1949,09 төгрөг, НӨАТ-гүй үнэ 127 201 511 төгрөг, НӨАТ-тай үнэ 139 921 662, НӨАТ нь 12 720 151 төгрөг. Иймд нэмүү өртгийн татвар болох 12 720 151 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 51 187 000 төгрөг, алданги 25 593 500 төгрөг, НӨАТ болох 12 720 151 төгрөг, нийт 89 500 651 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг гаргасан тайлбартаа: “А Ж Т” ХХК нь “Э Т” ХХК-д Лед дэлгэцийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг захиалж, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрийг өдөрт нь төлсөн. “Э Т” ХХК нь гэрээний 4.3-т зааснаар 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөх ёстой боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэлд Лед дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 2014 оны 04 дүгээр 24-нд дуусгасан барилгын цахилгааны ажил огт хийгдээгүй байсан тул хүлээлгэж өгч чадаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь манай объект шинээр барьж байгаа биш өргөтгөл, засварын ажил хийгдэж байсан учраас цахилгааны эх үүсвэртэй, давхар болгонд 380 вт цахилгааны шиттэй учраас цахилгаанаар бүрэн хангах боломжтой байсан. Захиалагчийн хувьд гэрээний 3.2-д заасан төлбөрийн нөхцөлийг бүрэн биелүүлэх боломжтой бөгөөд гүйцэтгэгч нь  тоног төхөөрөмжөө бүрэн авчирч барилгын талбайд буулгасан талаараа мэдэгдэж нэхэмжлэх ирүүлээгүй учир бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй юм. “Э Т” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж захиалгат ажлыг хурдан шуурхай хийж өгөхийг байнга шаардсаар ирсэн бөгөөд дэлгэцийн суурилуулалт нь хазгай хийгдсэн, дэлгэцийн 2 талд байрлах диффузерын сетка буюу тор нь үзэмж муутай зохимжгүй байсныг олон удаа хэлсэн. Дээрх шаардлагын дагуу сольсон гэх боловч чанарын шаардлага хангахгүй муу материалтай барааг авчирсан. Дахин шаардлага тавьсаны улмаас Хятад улс руу захиалсан байгаа гэсэн тайлбар хийж 3 сарын дараа 2014 оны 7 дугаар сард сольсон. Мөн “Э Т” ХХК-ийг холбогдох ажлаа дуусгаж хүлээлгэн өгөхийг шаардахад үзэсгэлэн худалдаанд явсан гэсэн тайлбар өгч 2014 оны 07 дугаар сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа огт гүйцэтгээгүй. “Э Т” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 16-нд ирж ажлаа гүйцэтгэж эхэлснийг 2014 оны 11 дүгээр сарын 20-нд шалгахад чанарын шаардлага хангахгүй, илт доголдолтой байсан учир хүлээн авахаас татгалзсан. Захиалагчийн зүгээс лед дэлгэцийг чанар, стандартын шаардлага хангаснаар солих эсхүл гэрээг цуцлахыг “Э Т” ХХК-ийн захиралд мэдэгдэхэд бид лед дэлгэц суурилуулж үзээгүй учраас тусгалын өнцөгийг буруу тооцоолж лед дэлгэцээ сонгосон өөр төхөөрөмж шинээр авчирч 2014 онд багтаан суурилуулж өгье гэсэн санал гаргаж 2014 оны 12 дугаар сарын 25-наас 31-ний хооронд ажиллаж лед дэлгэцийг шинээр сольж суурилуулсан.  Талууд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг дүгнэх, ажлаа хүлээлцэх уулзалт хийж гэрээний 3.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг харилцан зөвшилцөж хэд хоногоор тооцож алданги тооцох талаар хэлэлцэхэд Э Т ХХК-ийн захирал Ч.Баярхүү нь хэд хоногийн алданги төлөх талаараа эргээд хариу өгөхөөр болсон. Ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу “Э Т” ХХК-иас ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар албан бичиг ирүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан ажил хүлээлцсэн акт нь гэрээг дүгнэхэд шаардлагатай эхний үе шат буюу гэрээний зүйлийн талаар тодорхойлсон баримт бичиг болно. “Э Т” ХХК-иас албан бичиг ирүүлсэн тохиолдолд гэрээний 8.2-т заасны дагуу ажил хүлээлцэх эрх бүхий комиссийг томилж түүний дагуу гэрээний зүйлийг хүлээн авна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь дүгнэгдэж дуусгавар болоогүй байгаа учраас гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “А Ж Т” ХХК нь гэрээний 3.2-д заасан төлбөр төлөх нөхцөл журмын дагуу төлбөрийг төлөх бүрэн боломжтой бөгөөд гүйцэтгэгч нь лед тоног төхөөрөмжөө Улаанбаатарт авчирсан буюу барилгын талбай дээр буулгасан талаараа захиалагчид мэдэгдээгүй, нэхэмжлэх ирүүлээгүй учраас гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь захиалагчийг зохих мэдээллээр хангаагүй буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч “нь 13,000 ам доллараас алданги төлөх нь үндэслэлгүй юм.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Т” ХХК нь гэрээний дагуу 85 хоногийн дотор буюу 2014 оны 3 дугаар сарын 20-ны дотор гэрээний зүйлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгөх ёстой боловч тоног төхөөрөмжийн угсралтын ажлаа цаг хугацаандаа хийхгүй, угсрах явцад илэрсэн доголдлоо арилгах, тоног төхөөрөмжийн доголдлоос дахин өөр тоног техөөрөмж авчирч угсрах зэргээр хугацаа маш их алдаж 9 cap 14 хоног буюу 284 хоногийн дараа 2015 оны 01 дүгээр сарын 09-нд гэрээг дүгнэх бэлтгэл болгож тоног төхөөрөмжийн бүрдэлийг хүлээлцсэн. “Э Т” ХХК нь 2015.01.09-нд Ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж эрх бүхий биш албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсан үйлдлээ гэрээний зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. “А Ж Т” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан менежер Ц.Мөнхзул, мэдээлэл технологийн албаны ахлах менежер Ц.Юндэнбаатар нар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй гэдгийг “Э Т” ХХК-ийн захирал Ч.Баярхүүд мэдэгдсэн. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн боловч чанарын шаардлага хангасан LED дэлгэц хүлээлгэн өгөөгүй байна. Иймээс гэрээний 9.1.1-д гүйцэтгэгч нь гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй буюу ажлын 15 хоног түүнээс дээш хугацаагаар хойшлуулсан бол захиалагчийн санаачлагаар гэрээг цуцлах, гэрээний урьдчилгаа төлбөр 39 000 ам.доллар буюу 77 893 140 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажлын үр дүнг 10 хоног тасралтгүй ажиллуулан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлын гүйцэтгэл хүлээлцсэн актаар хүлээлгэн өгсөн. Ажлын үр дүн нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл биш нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл. Учир нь зөвхөн хариуцагчийн захиалсан эд ангиудаар LED дэлгэцийг бүрдүүлсэн ба LED дэлгэц нь ямар нэг асуудалгүй ажиллаж байгаа. Захиалагчийн сонгон авсан зарим рекламны формат буюу бэлтгэсэн систем нь компьютерийн унших программтай тохирохгүй байгаа нь манай буруу биш. Захиалагч нь LED дэлгэцийг ажиллуулах зааварт бичсэнээр унших программдаа нийцсэн форматаар рекламаа бэлдүүлж уншуулах ёстой. Иймд ямар нэгэн биет байдлын доголдолгүй болно. Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар баталгаат хугацаа нь 2 жил гэж заасан бөгөөд гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар баталгаат хугацаанд гарсан биет байдлын болон чанарын гомдлыг захиалагч албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэнэ. Гүйцэтгэгч нь захиалагчтай хамтран шалгалтыг хийж, шалтгаан нөхцөлийг тогтооно гэж заасан байтал бичгээр гомдол ирүүлж байгаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “А Ж Т” ХХК-иас 62 192 207 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 308 444 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э Т ХХК-д холбогдох 77 893 140 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А Ж Т” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 918 385 төгрөг, хариуцагчийн 1 827 871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 468 911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 1 593 387 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 312 931 75 төгрөг, хариуцагчид 1 280 455 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алдангийг 14 588 294 төгрөгөөр бууруулж хангасныг үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байна. Алдангийн хэмжээг тооцохдоо анзын нийт дүн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжилсэн алдангийн хэмжээ 51 187 001 төгрөгийн 50 хувь буюу 25 593 500 төгрөг болно. Мөн нэмүү өртгийн албан татвар 12 720 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх уг албан татварыг яагаад "нэмүү өртгийн" гэж нэрлэдгийг ухаараагүй учир гэрээний 3 дахь заалтад 2 удаа НӨАТ гэж бичигдсэн болохыг зөрүүтэй бичигдсэн гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүх албан татварыг ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэмэлт төлбөр гэж үзсэн байна. Уг татварыг нэмж төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд нэмж төлөхөөр заагдаагүй гэжээ. Харин энэ татвар бол ямар нэгэн нэмэлт төлбөр биш юм. Мөн анхан шатны шүүх НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг ишлэл болгон нэмүү өртгийн албан татвар төлөгч гэж хэн болох тухайг заан нэрлэж, "нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажил үйлчилгээтэй холбоотойгоор НӨАТ нэхэмжилсэн үндэслэлгүй" гэсэн байна. Харин НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг бөгөөд бараа, ажил, үйлчилгээний үе шат бүрд нэмүү өртөг шингэдэг ба түүнд бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нь түүнээс уг татварыг хамгийн сүүлд авч төрд тушаадаг болно. Харин шүүх эцсийн хэрэглэгч "А Ж Т" ХХК-ийг хуульд заагаагүй үндэслэлээр НӨАТ-аас чөлөөлсөн тул төр хохирох болоод байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 14 588 294 төгрөг, нэмүү өртгийн албан татвар 12 720 151 төгрөг, бүгд 27 308 444 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шалтгаалж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж шүүгчийг тодорхой үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтээ гаргасан ба шүүх татгалзлыг хүлээн авах эсэхээ шийдвэрлээгүй байж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрт ашигтай байдлаар тайлбарлаж хэргийн оролцогчийн шүүгчийн татгалзан гаргах эрхийг зөрчиж улмаар дээрх хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжийг хааж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд дахин шинжээч томилох, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй бөгөөд харин тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32017/19932 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах талаар гаргасан хүсэлтийг хэргийн оролцогчоос өөр хүсэлт гаргасан, түүнийг шийдвэрлэсэн талаар шүүх шийдвэртээ буруу тусгаж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 19932 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад буюу шинжээчийн дүгнэлт хийгдээгүй, нэр бүхий гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс дуудаагүй байж хэргийн оролцогчийн гаргаагүй хүсэлтийг гаргасан мэтээр шийдвэрлэсэн улмаар хуралдаан даргалагч шүүгчийг хуульд заасны дагуу татгалзсан атал үл тоож хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 Нэхэмжлэгч “Э Т” ХХК нь  хариуцагч “А Ж Т” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 89 500 651 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 39 000 ам доллар буюу 77 893 140 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээч  томилж дүгнэлт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Ц.Юндэнбаатар, Ц.Мөнхзул нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг, хариуцагчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус тус гаргасныг шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/19932 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, гэрчээр Ц.Юндэнбаатар, Ц.Мөнхзул нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн ба шүүгч “... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй байх тул  .... лед дэлгэцийг байгаа байдалд нь шинжилгээ хийлгэхээр ... хүсэлтийг хангаж шийдвэрлэв” гэж үзжээ. /хх-ийн 48/

Дээрх захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгч өөрөө хүчингүй болгож, эсхүл өөрчлөөгүй, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2, 171.1.3-т тус тус зааснаар шүүхийн тогтоолоор өөрчлөлт оруулж, эсхүл  хүчингүй болгож шийдвэрлэгдээгүй.

Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/19932 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй атлаа шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/09445 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн захирамжийн биелэлтийг хангаж, шинжээч томилох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй.

  Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2018/05980 дугаар захирамжаар “”Саунд оф монголиа” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШТ2018/00256 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/19932 дугаар захирамжийг энэ тогтоолоор шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн шүүх Ц.Юндэнбаатар, Ц.Мөнхзул нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч тэдгээрийг шүүхэд дуудан ирүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа явуулаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт “гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж заасан байхад “гэрчээр асуулгах этгээдийг дагуулж ирээгүй” гэж дүгнэж, шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/09445 дугаар захирамжаар гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн  шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн байна.  

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамааралтай тул “...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.