| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00434/И |
| Дугаар | 139/ШШ2020/00522 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 139/ШШ2020/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Б овогт Б.Б /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1971 онд төрсөн. ... Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хоньчноор, 1993 оны 07 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Хөгжил хувьцаат компанид бог мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 08/545 дугаартай Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”, “Хөгжил хувьцаат компани”, “Далайн хөгжил хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1990 оны 01 сарын 31 өдөр Б.Бт олгосон 1990 оны 01-06 саруудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Гэрч П.Б-ийн “1989 оноос эхлээд Б.Б нь мал маллаж эхэлсэн. Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1989 оноос нэгдэл тартал хонь маллаж байсан. Б.Б нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй. Б.Б нь Хөгжил ХК-нд ажиллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Би 1990 оноос хойш Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд нэгдэл тартал хонь маллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/
-Гэрч Ц.Б-ийн “ Б Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1989 оноос нэгдэл тартал бага мал маллаж байсан. Б.Б нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. Б.Б нь Хөгжил ХК-нд ажиллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, хөгжил ХК-нд 1990 оноос эхлээд нэгдэл тартал бага мал маллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/
-Гэрч Ч.П-ийн “Би 1971 оноос хойш Эрдэнэдалай сумын Сангийн далай бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд Б-ын аав, ээжтэй нь хамт нэг нутаг усанд байдаг байсан. Би сангийн далай бригадад 1980 оноос тоо бүртгэгчээр ажилласан. Тэр үед Б 1989 онд 10 дугаар ангиа төгсөөд малчин болсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1989 оноос эхлээд нэгдэл тартал бог мал маллаж байсан. Б.Б нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. Б.Б нь Хөгжил ХК-нд 1993 онд цэргээс халагдаж ирээд ажиллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/ зэрэг шууд баримтууд
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хагжил нэгдлээс 1991 оны 12 сарын 17 өдөр П-ын Б-д олгосон, 1991-1993 онуудад хамаарах ажилласан хоног, олгосон урьдчилгааны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 28-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1991 оны 12 сарын 27 өдөр Ц-ийн Б-д олгосон, 1991-1993 онуудад хамаарах ажилласан хоног, олгосон урьдчилгааны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 30-р хуудас/.
-Ч-ны П-г ... 1983 оны 10 сарын 19 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосон Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 25 өдрийн 153 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 33-35-р хуудас/ зэрэг дам баримтууд болно
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б.Б /РД/-ыг 1990 оны 01 сарын 1-ээс 1992 оны 06 сарын 20, 1993 оны 07 сарын 06-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б