Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2020/00520

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, У овогт Д.Ц /РД/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1969 онд төрсөн. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг нь шаардлага хангахгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1985 оны 6 сарын 25-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Луус сумын хөдөлмөр нэгдэл, Шинэ хөдөлмөр хоршоонд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 20-ны өдрийн 08/574 дугаартай Луус сумын “Хөдөлмөр нэгдэл”, “Шинэ хөдөлмөр хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 5 сарын 20-ны өдрийн 347 дугаартай “Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны малчнаар томилсон тушаалыг холбогдох баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 30 өдрийн 46 дугаартай “ Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-9-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 02/100 дугаартай “Ц-ийн малчнаар ажиллаж байсан 1985-1990 онуудын цалингийн материалыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт, Д.Цгийн 1985-1990 онуудын цалингийн баримтын хуулбар  /хэргийн 11-13-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1985 оны 6 сарын 30-ны өдөр Д.Цд олгосон “1985-1990 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 35-37-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт Д.Ц /РД/-г 1985 оны 06 сарын 25-наас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б