| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00484/И |
| Дугаар | 139/ШШ2020/00526 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 139/ШШ2020/00526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, О овогт Р.Г /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1963 онд төрсөн. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1986 оны 1 сарын 2-ноос 1988 оны 4 сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэл, Ерөнхий боловсролын сургуульд галч, сүү тосны цехийн ажилтан, хүнсны няраваар, 1992 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэл, Цагаан залаа ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 сарын 3-ны өдрийн 363 дугаартай “Цагаандэлгэр сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986, 1987 оны Р.Гтай холбоотой баримтыг хуулбараар гаргаж хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын АДХГЗ-ны 1986 оны 12 сарын 27 өдрийн 79 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 1987 оны 01 сарын 23 өдрийн 05 дугаартай “Ажилд тзр томилох болон ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/
2020 оны 01 сарын 21 өдрийн 50 дугаартай Дундговь аймгийн Архивын тасгаас олгосон, Р н овогтой Г-ийн 1994-1995, 1997, 2000, 2002, 2005, 2008, 2010-2011 онуудын малын А дансны лавлагаа /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 26-ны өдрийн 08/601 дугаартай Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт нэгдэл”, “Цагаан залаа хувьцаат компани”, “Их цэгээн хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 21-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлээс олгосон, Р Г гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, 1992-1994 онуудад хамаарах ажилласан хоногын бичилт бүхий; 163609 дугаартай Рэнчинбалсан Гангаамаа гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, 1986 оны 01 сарын 02 өдрөөс 1987 оны 01 сарын 01 өдөр хүртэл Уурын зуухны галч, сүү тосны мастерийн туслахаар томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 22-28-р хуудас/ зэрэг шууд баимтууд болно.
Тус хэргийн гэрч Д.Б, П.Ө-ын нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар няцаагдаж байх тул тул гэрчийн мэдүүлэг болон хэрэгт дам нотлох баримтаар ирүүлсэн П.Ө-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Р.Г /РД/-г 1986 оны 01 сарын 02-ноос 1987 оны 01 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд уурын зуухны галч, сүү тосны мастерийн туслахаар, 1987 оны 01 сарын 01 өдрөөс 1988 оны 04 сарын 10 өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр, хүнсний няраваар, 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэл, Цагаан залаа ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б