| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 101/2019/02882/И |
| Дугаар | 001/ХТ2022/00775 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2022/00775
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалтай,
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ц.З д холбогдох,
20,738,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, түүний өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Ц.З д холбогдуулан 20,738,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.З гаас 20,738,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 1582 дугаар магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хариуцагч Ц.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У би хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020.07.17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэртэй, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01826 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргуулах шаардлагатай байсан байна гэж агуулгын хувьд дүгнэсэн ойлгомжгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг сахин хангасан шийдвэр байсан болно.
Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Д нь 2019.06.27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.З д холбогдуулан “Хөдөлмөрийн гэрээний дагуу 20,738,182 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан байдаг. /хх-1-2/
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01826 дугаар тогтоолын хуулбарыг бичмэл нотлох баримт болгон хавсарган өгсөн байна. /хх-2, 11-18/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу хэргийн оролцогчид болох зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хуульд заасан эрх, үүрэг болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийг тайлбарлан өгсөн.
Анхан шатны шүүхээс 2020.04.04-ний өдөр нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч А.Дд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргах өгөх үүрэгтэйг танилцуулж байсан. /хх-44/
Шүүх “Ө” ХХК-ийн нэхэмжлэлд 2019.07.31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020.05.08-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн.
Анхан шатны шүүх 2020.05.08-ны өдөр “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З д холбогдуулан 20,738,182 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдааныг нээн явуулж, хуралдаан даргалагчаас хэргийн оролцогчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нийтлэг эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар тайлбарлан өгч, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуусан байдаг ба нэхэмжлэгчээс 1 хуудас бүхий бичгийн баримтын хуулбар баримтаар гарган өгснөөр шүүх хуралдааныг ердийн журмаар хянан хэлэлцэж, шүүхээс 101/ШШ2020/01617 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-60-64/, шүүх хуралдааны тэмдэглэл.
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн гэрээний дагуу эд хөрөнгийн хариуцлагад 20,738,182 төгрөг гаргуулах тухай хэмээн дэмжиж, шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гарган өгсөн нотлох баримтуудаа шинжлэн судлуулсан.
Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлж, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан хуулийн зохицуулалт болох “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэснийг хэрэглэхдээ гагцхүү хэргийн оролцогчоос “шинэ нотлох баримт бүрдүүлэх” тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтэй байж болдог. Эл хэрэглэгдэхүүн нь хүсэлт гаргагчаас шүүхэд гарган өгөх боломжгүй, эсхүл хуульд заасан арга хэлбэрээр өөрөө олж авах боломжгүй хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байвал шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шийдвэрлэдэг. Түүнчлэн шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг энэхүү хуулийн зохицуулалтын дагуу нэг удаа хойшлуулдаг.
Харин, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З д холбогдох иргэний хэрэгт баримтаар авагдсан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01826 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй бичмэл нотлох баримт байсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй нотлох агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.
Гэтэл, давж заалдах шатны шүүх энэхүү иргэний хэргийг давж заалдах журмаар бүхэлд нь хянаж үзэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцаан шийдвэрлэж дүгнэсэн ойлгомжгүй, үндэслэл бүхий болсон байна гэж үзэхээр байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 1582 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 101/ШШ2020/01617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Ц.З д холбогдуулан 20,738,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...“Бармон трейд” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээгээр ажилладаг. ...тус компанийн барилгын худалдааны төвд 2015.11.05-06-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг гарч, 40 гаруй сая төгрөг касснаас алга болсон гэх асуудлыг цагдаа, шүүхийн байгууллагаар 4 жил гаруй хугацаанд шалгуулсан. ... хулгай гарсан өдөр харуул хамгаалалтын алба хаагч Ц.З ажил үүрэг гүйцэтгэж байсан, түүний хариуцлагагүй, сонор сэрэмжгүй байдлаас болж хулгай гарсан болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон. ...шүүхийн шийдвэрээр учирсан хохирол болох 20,738,182 төгрөгийг манай компани хариуцахаар болсон, ...иймд хууль, хөдөлмөрийн гэрээний дагуу Ц.З гаас уг төлбөрийг нэхэмжилнэ гэж тодорхойлжээ.
7. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...миний бие тус компанид 2012.08.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. ...тухайн өдөр ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн, гэрээний дагуу объектоо эргэж тойрон, цаг тутам мэдээгээ өгч, дараагийн харуулд бүх объект, лацаа ямар нэгэн зөрчилгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. ...Тухайн объектын хулгай орсон гэх өрөө аль давхарт, хаана байдгийг манай харуул хамгаалалтынхан мэдэхгүй, учир нь бид дотор байгаа объектыг хариуцдаггүй, зөвхөн төв хаалгыг л Алтансүх гэдэг хүнээс лацдаж хүлээж авдаг байсан. Хулгай гарсан өдөр гэрэл гаргаж, чанга цохиж нүдэж байхад сонсоогүй хариуцлага алдсан гэж намайг буруутгаж буй нь үндэслэлгүй гэж маргасан байна.
8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Давж заалдах шатны шүүхээс, ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
10. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.З нь нэхэмжлэгч “Ө” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2015.02.05-ны өдрөөс хамгаалагчаар ажилласан байх ба түүний хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байсан “Бармон трейд” ХХК-ийн байранд 2015.11.05-06-нд шилжих шөнө хулгай гарч, ихээхэн хэмжээний мөнгө, хөрөнгө алдагдсан үйл баримтууд тогтоогджээ.
11. Давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн гэм буруутайг нотолсон баримт хэрэгт бүрэн авагдаагүй, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор ирүүлсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 1826 дугаартай тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байхын зэрэгцээ анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн холбогдох магадлал хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад хохирол учруулсан гэж үндэслэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлээс гадна Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэг хамаарах эсэхийг анхаарч үзэх шаардлагатай, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч учирсан хохирлыг ямар үндэслэлээр шаардаж байгааг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй гэж дүгнэн, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасанд нийцсэн байна.
12. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.
13. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.11-ний өдөр төлсөн 261,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ