| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0236/З |
| Дугаар | 221/МА2026/0325 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0325
“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч О.А
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлтийг, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч О.А
Хариуцагч Г.Б, Д.О, Ч.М, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Ц.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0236/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С-У” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид тус тус холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлтийг, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-д заасныг тус тус баримтлан “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М, тус байгууллагын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид тус тус холбогдох “Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр дотоод зурвас /тодорхойлолт/, тус байгууллагын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/24 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, цугларсан баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, маргааны гол нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан.
Тухайлбал, гаалийн байгууллагын шийдвэр нь бүрэн нотлох баримтад тулгуурлаагүй байхад шүүх үүнийг шалгаагүй, шүүхэд гаргасан баримтуудыг шийдвэрт бүрэн тусгаагүй. Иймд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.
3.2. Захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээ, журмыг зөрчсөн. Гаалийн байгууллага шийдвэр гаргахдаа бүрэн эрхийг хүрээнд ажиллаагүй, дотоод зурвас, интернэт мэдээлэл гэх хангалтгүй мэдээлэлд тулгуурласан, хараат бус, бодит үнэлгээ хийлгүйгээр шийдвэр гаргасан.
Мөн төрийн бусад эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг авсан боловч шийдвэрт тусгаагүй, энэ нь захиргааны шийдвэр гаргах хууль ёсны, үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн.
3.3. Шүүгч шүүх шинжилгээний тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шинжээчийн дүгнэлт нь барааны найрлага, бүтэц, зориулалтыг бүрэн тодорхойлоогүй, ашиглалтын зориулалтын талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт байгаа баримттай уялдуулж дүгнээгүй.
Мөн шинжээчид хэрэгт холбогдолтой баримт материалтай бүрэн танилцаагүй, огт энэ талаар хүсэлт гаргаагүй. Дүгнэлт гаргахдаа Эрүүл мэндийн сайдын баталсан журмыг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх судсан дахь мэс засал судлалын салбар зөвлөлийн шинжээчийн төлөөлөгчөөс хэрэгт холбогдолтой баримт материалтай танилцсан эсэх талаар болон шүүгчийн асуултыг бүрэн ойлгож байсан эсэхийг асуухад танилцаагүй, олгоогүй болох нь хариултуудаас тодорхой болсон.
Ийм дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлага хангахгүй. Гэтэл шүүх энэхүү дүгнэлтийг зөрчилтэй болохыг мэдсэн хэр нь хэргийг хүчээр шийдвэрлэсэн.
3.4. Барааг кодлох уялдуулсан конвенцийн 3 дугаар зүйлд дараах үүргийг хүлээсэн байдаг.
-НS-ийн зүйл болон мөр-ийг өөрчлөхгүйгээр ашиглах
-Барааг ангилахдаа НS-ийн бүтэц, кодчиллыг хадгалах
-Кодын эхний 6 оронг (HS code) яг хэвээр хэрэглэх
Өөрөөр хэлбэл: Гишүүн улс НS-ийн ангиллыг зүйл (heading), мөр (subheading)-ий дур мэдэн өөрчлөх, устгах, солих эрхгүй.
Конвенцийн 3 дугаар зүйлийн 1 (a) заалтын агуулга (гол утга), албан ёсны утгаар гишүүн улс нь HS-ийн:
1. HS-ийн ангиллыг зүйл (heading), мөр (subheading)-ийг нэмэх, хасах, өөрчлөхгүй, өөрчлөхийг хориглодог.
2. Нэршлийн үг, тайлбар ангиллын логик өөрчлөх боломжгүй.
3. Дараалал, кодын бүтцийг зөрчихгүй.
Зөвшөөрөгдсөн цорын ганц “өөрчлөлт” нь конвенц дараах зүйлийг зөвшөөрдөг.
1. Улс орон 7 дахь оронгоос эхлэн дотоод код нэмэх (7-10 оронтой үндэсний нэмэлт код нэмж болно)
2. Гэхдээ эхний 6 орон (HS стандарт) өөрчлөх ёсгүй, олон улсын харьцуулалт алдагдах ёсгүй.
Гэтэл гаалийн байгууллага уг зарчмыг зөрчиж, эхний 6 орныг өөрчилсөн, анхан шатны шүүх уг конвенцийн заалтыг хэрэглээгүй, орхигдуулсан, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд хамаарах 9018 ангилалын барааг 9021 болгон өөрчилж хууль зөрчсөн. Энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа.
3.5. Шүүх маргааны бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, эргэлзээтэй нөхцөлд нэмэлт нотлох баримт цуглуулаагүй, шинжээчийг дахин томилоогүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шүүх захиргааны актын хууль ёсны байдлыг бүрэн шалгах үүргийг хэрэгжүүлээгүйд тооцно.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу аваагүй, захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлийг шалгаагүй, Олон улсын конвенц болон Гаалийн тухай хуулийг зөв, бүрэн гүйцэт хэрэглээгүй. Иймд уг шийдвэр нь хууль ёсны үндэслэлгүй бөгөөд хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...4.1. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч 3.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/24 дугаар дүгнэлт, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр тодорхойлолтыг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийхдээ өөрсдөө барааны ангиллын кодыг тодорхойлоогүй ба №02- 2/71 дугаартай “Дотоод зурвас” гэх дүгнэлтийг үндэслэн дүгнэлтээ гаргасан тухайгаа хариу тайлбартаа болон шүүх хуралдааны явцад дурддаг. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргах болсон гол үндэслэл нь №02-2/71 дугаартай “Дотоод зурвас” гэх баримт бичиг байсан.
Энэхүү “Дотоод зурвас” гэх баримт бичгийг гаргах үндэслэл, журам нь хууль болон холбогдох журмаар тодорхойлогдоогүй, хариуцагч нь “Дотоод зурвас” нь зөвхөн дотооддоо мэдээлэл солилцох журмаар хэрэглэгддэг бичиг гэх тайлбарыг өгсөн боловч Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нь шалгалтын дүгнэлтийн гол үндэслэл болгож баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл “Дотоод зурвас” гэх баримт нь захиргааны байгууллагаас гарсан, гадагш чиглэсэн, тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, хууль зүйн шууд үр дагавар бий болгож байгаа шийдвэр, заавал дагаж мөрдөх захирамжилсан шийдвэр болохын хувьд захиргаан актын шинжийг хангаж байна.
Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа энэхүү шийдвэрийг захиргааны акт мөн эсэх, захиргааны актын хууль зүйн үндэслэл болон процессын шаардлагыг хангаж байгаа эсэх дээр огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 дахь хэсэгт заасан “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн энэхүү захиргааны акт нь Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын цаг хугацаанд хамаарахгүй буюу өмнө нь гарсан байхад шалгалтын үндэслэл болгосон, мөн гаалийн байгууллагын зүгээс №02-2/71 дугаартай “Дотоод зурвас”-ыг энэхүү бүрдүүлэлтийн дараах шалгалтаас гадна бусад шийдвэр үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн үндэслэл болгож хэм хэмжээний акттай адил ашигласаар байгаа асуудалд дүгнэлт хийгээгүй, захиргааны акт гарснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд буюу “С-У” ХХК-д мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг маш олон хууль, журам зөрчсөн асуудалд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...улсын хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүний тухайд хяналт хэрэгжүүлж буй тусгай чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд гаалийн байгууллага нь 1991 оны нэгдэн орсон Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Конвенцийн хүрээнд тодорхойлох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын гаалийн байгууллагыг өөрийн улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд барааны ангиллын кодыг тодорхойлох, хуульд зааснаар хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гэдэгтэй огт маргадаггүй ба харин гаалийн байгууллага, түүний улсын байцаагч нар нь нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан үйл ажиллагаа явуулдаг захиргааны байгууллага болохын хувьд гарч байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахыг шаардсан.
Гэтэл бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нь барааны ангиллын кодыг бие даан тодорхойлох эрхтэй эсэх, барааны ангилал үнэлгээний хэлтсээр барааны ангиллын кодыг тодорхойлуулах хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах үндэслэл, журмыг баримталсан эсэх зэргээр гаалийн улсын байцаагч нарт эрх хэмжээ байсан эсэх, эрх хэмжээгээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэх дээр огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр, үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гаалийн байгууллага нь тусгай мэдлэг шаардсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүссэнээрээ ангилж, хүссэн үедээ, хүссэн шийдвэр үйл ажиллагаагаа явуулж хуулиас гадуур дур зоргоор аашлах боломжийг олгож байгаа нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн суурь нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнтэй адил байна.
4.3. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын цаг хугацаанд нарийн мэргэжлийн эмчилгээнд хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгслийн шинж чанар, зориулалтыг тодруулахаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хандсан байдаг.
Албан хүсэлтийн хариуд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №A/22 дугаартай тодорхойлолт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/01 дугаартай дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №06 дугаартай дүгнэлт зэргийг гаргуулж Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн ба эдгээр дүгнэлтүүд бүрдүүлэлтийн дараах шалгалтын материалд авагдсан.
Гэтэл бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж байсан гаалийн улсын байцаагчид нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлт, тодорхойлолтыг баримтлахгүй, үнэлэхгүйгээр дүгнэлт гаргасан, шүүхээс мөн хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.
4.4. Монгол Улсын Их хурлаас 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №27 дугаартай “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтаар барааны ангиллын 9018 болон 9022 кодтой эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх буюу 0 хувь хэрэглэхээр баталсан. Энэхүү тогтоол нь амь насанд өндөр эрсдэлтэй хавдар, өвчний үед хэрэглэгддэг, шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлтэд тулгуурлаж бүтээсэн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бага зардлаар, түргэн шуурхай импортлон оруулж ирж иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ашиглах зорилготой ба өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл Монгол Улсын Их хурлын тогтоол зөрчигдөж хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байгаа нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.5. Шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9748 дугаартай захирамжаар шинжээч томилсны дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №05 дугаартай дүгнэлт, Хавдар судлалын үндэсний төвөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт гаргаж ирүүлсэн.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №05 дугаартай дүгнэлтийг салбар зөвлөлийн гишүүд ирц дутуу бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/210 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар мэргэжлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зөвлөл нь мэргэжлийн чиглэлийн нийгэмлэг, холбоод, сургууль, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн 7-13 хүний бүрэлдэхүүнтэй байна”, 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Гишүүдийн 70 буюу түүнээс дээш хувь хуралдсан тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно” гэж заасан.
Эрүүл мэндийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/91 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар “Судсан дотуурх мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан буюу №05 дугаартай дүгнэлтийг гаргах үед энэхүү бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.
Гэтэл Судсан дотуурх мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дүгнэлт гаргахдаа нийт 13 гишүүнээс 8 гишүүн буюу 61.5 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэр гаргасан нь салбар зөвлөлийн ажиллах журмын 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хүчингүй шийдвэр болсон Тус мэргэжлийн салбар зөвлөл нь 10 буюу түүнээс дээш хүний ирцтэй хуралдсан тохиолдолд 70 хувийн шаардлага хангахаар байна.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө энэ талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбарлаж холбогдох нотлох баримтыг хавсаргасан хүсэлтийг гаргасан боловч ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан ба хэргийг шийдвэрлэхдээ Судсан дотуурх мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №05 дугаартай дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан “хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” үндэслэлд хамаарч байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №05 дугаартай дүгнэлт гаргасан шинжээчдэд эрх, үүрэг танилцуулаагүй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу шинжилгээ хийх шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулах үүрэгтэй.
Гэтэл дээрх дүгнэлтийг гаргахаас өмнө хуульд заасны дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулах ажиллагааг хийгээгүй байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/5911 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл рүү “Шинжээчийн дүгнэлтийг зөвтгүүлэн авах тухай” гэх албан бичгийг явуулсны дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулах ажиллагааг нөхөн гүйцэтгүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн шинжээчид нь дүгнэлт гаргахаас өмнө хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаагүй, худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагын талаар огт танилцахгүйгээр дүгнэлт гаргасан байдаг.
Мөн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмч Ц.С-аас “Танд шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотойгоор хуульд заасан танилцуулсан уу, энэ тухай тэмдэглэлт гарын үсэг зуруулсан уу” гэж асуухад “Үгүй” гэж хариулсан ба “Сүүлд нөхөж гарын үсэг зуруулсан, надад эрх, үүрэг орт тайлбарлаж өгөөгүй” гэж хариулсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч би энэхүү шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул дахин шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан “хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдалд хамаарч байна.
Хавдар судлалын үндэсний төвөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлтээр шүүгчийн захирамжид дурдсан бараа бүтээгдэхүүнүүд нь “хавдартай өвчтөн дээр ашиглагддаг, дангаараа хүний биед суудаг биш, хүний биед суулгах, авч явах, зүүх хэрэгсэл биш харин ямар нэг бүтээгдэхүүнтэй нийлж, тусгай катетерийн тусламжтай хүний биед оруулж хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл олон улсын бүтээгдэхүүний ангиллаар катетер ба катетерын бусад хэрэгсэлд багтдаг бөгөөд гэмтэл согогийн анагаах ухааны салбарт хэрэглэгддэг бүтээгдэхүүн биш болно” гэж тодорхой дүгнэсэн.
Гэтэл шүүх шийдвэртээ “Дээрхээс дүгнэвэл дээрх бүтээгдэхүүнүүд нь нэхэмжлэгчийн маргаж буй Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ... 9021-д заасан биед суулгах зориулалттай бусад хэрэгсэлд хамаарахаар байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтийг эрс үгүйсгэсэн, яагаад үгүйсгэсэн тухай үндэслэл бүхий тайлбар хийхгүйгээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “С-У” ХХК-иас “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлт болон тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дүгээр дотоод зурвасаар “С-У” ХХК-ийн 2020-2022 онуудад зүрхний титэм судасны эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч амплазер, судас бөглөгч 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 90.18.39.00-90.21.90.00 кодуудын аль алинаар нь бүрдүүлэлт хийсэн, ... дээрх 3 барааны ангиллын кодыг үнийн нэхэмжлэхэд бичигдэж ирсний дагуу мэдүүлж бүрдүүлэлт хийж байсан талаар тодорхойлсон байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “С-У” ХХК-ийн 2019-2022 оныг дуусталх хугацаанд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт хийх 32/23 дугаартай удирдамжийг баталсан бөгөөд уг удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нар шалгалт хийж “... “С-У” ХХК нь 2020-2022 оныг дуусталх хугацаанд Бельги улсын T компаниас импортолсон зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч, судас бөглөгч гэх бараануудыг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ БТКУС-ийн дагуу 9021 кодод хамааруулан мэдүүлсэн, ... 2020-2022 онуудад эмтэй стент 676 248 747.36 төгрөг, амплатцер 188 258 070.28 төгрөг, судас бөглөгч 802 729 291.84 төгрөг, нийт 1 669 236 109.48 төгрөгийн үнийн дүн бүхий барааг БТКУС-ийн зүйлийн 9018 кодоор ангилж гаалийн 5 хувийн татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан, ... зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч-амплатцер, судас бөглөгч нь БТКУС-ийн дагуу 9021.90.00 кодод хамаарагдахаар тодорхойлсон...” гээд “С-У” ХХК нь Барааг тодорхойлж кодлох уялдуулсан системийн 9021 кодод хамаарах барааг 9018 кодоор мэдүүлж 83 461 805.47 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүй улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тул шалгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр дүгнэлтийг гаргажээ.
2.3. Нэхэмжлэгчээс “... гадаадын үйлдвэрлэгч бүр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ БТКУС кодыг өөрсдөө тодорхойлдог, ... "С-У” ХХК нь гаальд мэдүүлсэн барааныхаа БТКУС-ийн кодыг зориуд худал тодорхойлсон үйлдэл байхгүй, ... Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2074 дугаартай хариугаар маргаан бүхий эмнэлгийн хэрэгслүүдийг “... иж бүрдэл бүхий катетерт эмнэлгийн хэрэгсэл, ... Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем буюу HS код нь 9018.3900 ангилалд хамаарах катетерийн бүлгийн эмнэлгийн хэрэгсэл болохыг тодорхойлсон...” гэж тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх “... Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.18-д заасан “Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан аппарат, хараа шалгах багаж”-д хамаарахгүй, харин 90.21-д заасан биед суулгах зориулалтын бусад хэрэгсэлд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл зүрхний стент, зүрхний цоорхой бөглөгч, судас бөглөгчүүд нь гэмтэл согогийн зориулалттай биш ч хүний биед оруулж, суулгаж эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байх тул хариуцагч нарын тодорхойлолт, дүгнэлт хуульд нийцсэн” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.4. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн барааны ангиллын жагсаалтад маргаан бүхий “90.18” болон “90.21” гэх кодуудыг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
90.18-“Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан бусад аппарат, хараа шалгах багаж, 90.18.39 Бусад”,
90.21-“Гэмтэл согогийн хэрэгсэл (тулгуур, хагалгааны үлээс, чангалаа, сойлт орно), ул төмөр болон хугаралт, бэртэлтийг эмчлэхэд хэрэглэгдэх бусад хэрэгсэл, хүний биеийн хиймэл хэсэг, сонсголын аппарат болон гэмтэл согог заслын зориулалтаар биедээ зүүх эсвэл авч явах эсвэл биед суулгах зориулалтын бусад хэрэгсэл” гэж тус тус тайлбарлажээ.
2.5. Хавдар судлалын үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/45 дугаар албан бичгээр ирүүлсэн тодруулгаар Gelfoam, PVA, Eggel S Plus Gelfoam, Embozene Tandem, Embozene Microsphere, Lifepearl Microsphere, Hydropearl Embozene Microsphere, Angio-Seal гэх 8 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нь “хавдрын голомтын тэжээгч артерийн судсыг бөглөж, химийн эмийг хавдрын голомтоос эргэн урсаж эрүүл эд рүү тархахаас сэргийлэх зориулалттай, тодосгогч болон Lipidoli тосон уусмал бодисын хамт ашиглах боломжтой, хүн эмнэлэгт хэрэглэгддэг бүтээгдэхүүн, хүний биед суудаг суулгац биш, хүний эд эрхтний үүргийг орлохгүй бөгөөд биологийн дутагдал нөхөхөд ашигладаггүй, биед зүүж явдаггүй, дангаар хэрэглэгддэггүй, өөр бусад хэрэгсэлтэй хамтдаа ашиглагддаг, олон улсын бүтээгдэхүүний ангиллаар ангиографийн судсан дотуурх мэс заслын катетер, гуурс эмчилгээний хэрэгслийн ангилалд хамаардаг бөглөгч бүтээгдэхүүн” гэсэн бол тус эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/1701 дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд дээрх 8 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нь “хавдартай өвчтөн дээр ашиглагддаг, дангаараа хүний биед суудаг биш, хүний биед суулгах, авч явах, зүүх хэрэгсэл биш харин ямар нэг бүтээгдэхүүнтэй нийлж, тусгай катетерийн тусламжтай хүний биед оруулж хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл, ... олон улсын бүтээгдэхүүний ангиллаар катетер ба катетерийн бусад хэрэгсэлд багтдаг бөгөөд гэмтэл согогийн анагаах ухааны салбарт хэрэглэгддэг бүтээгдэхүүн биш” гэснээс үзэхэд нэхэмжлэгч компанийн гаалийн хилээр нэвтрүүлсэн зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч, судас бөглөгч зэрэг нь БТКУС-ийн 90.18.39 кодод хамаарахаар байна.
Түүнчлэн, Хавдар судлалын үндэсний төвийн Ангиографийн эмч С.М, Б.Т, Ц.Ц нарын ирүүлсэн дүгнэлтээр Eggel S Plus Gelfoam 150-350, 350-560, 460-710 бөглөгч нь түр зуурын бөглөгч материал бөгөөд бөглөгч нь дангаар биш, харин тодосгогч бодистой найруулж өөрсдийн хэрэглээнд тохирсон холимогийг гарган тусгай катетерийн тусламжтайгаар судсанд зөөгдөж, судсыг бөглөгдөг бүтээгдэхүүн бөгөөд, тодорхой хугацааны дараа бөглөгдсөн судас нээгддэг, хүний биед суулгадаг суулгац биш болох нь тогтоогдож байна.
2.6. Нөгөөтээгүүр, Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/020 дугаар тайлбараар зүрхний эмтэй стент-катетерт эмнэлгийн хэрэгсэл, зүрхний цоорхой бөглөгч болон судас бөглөгч нь эмнэлгийн хэрэгсэл, мөн тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/022 дугаар тодорхойлолтоор дээрх эмнэлгийн хэрэгслүүд нь 9018.3900 барааны ангилалд хамаарна гэж тодорхойлсон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг гаалийн татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт болон дотоод зурвасууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.
2.7. Хэрэгт авагдсан дүгнэлтүүдээс үзвэл, зүрхний стент, зүрхний цоорхой бөглөгч, судас бөглөгчүүд нь гэмтэл согогийн салбарт хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгсэл биш төдийгүй дангаараа ашиглагддаггүй, хүний эд, эрхтний үүргийг орлохгүй мэс заслын катетер, гуурс эмчилгээний хэрэгслийн ангилалд хамаардаг бүтээгдэхүүн байх тул энэ хэсгийн 2.4-т дурдсан Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн барааны ангиллын жагсаалтын “90.21”-д хамааруулан үзэх үндэслэлгүй.
2.8. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 10.4-д “Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэж тус тус хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулж, дүгнэлт гаргуулсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “шүүх хуульд заасан журмыг зөрчиж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 249.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц, Г.Б, Д.О, Ч.М нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлт, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч О.А нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН