Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Нарангуа /ҮД: 0385/

Шүүгдэгч Д.Ариунболд, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД: 0157/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Бэсүд овогт Дамдингийн Ариунболдод холбогдох эрүүгийн 201624000792 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “DХ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо 15 дугаар хороолол 24 дүгээр байрны 55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овгийн Дамдингийн Ариунболд, /РД:УЮ67010818/

 

   Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

 Шүүгдэгч Д.Ариунболд нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Япон цэргийн цогцолборын баруун замд 54-85 УНВ улсын дугаартай Д.Отгонсувдын эзэмшлийн Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” … гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Төгөлдөрийг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "... Би 1998 онд жолооны эрх авч өнөөг хүртэл ямар ч хууль, дүрэм зөрчихгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглаж ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Япон цэргийн цогцолборын баруун замд машинаа жолоодон явж байсан. Урагшаа замаа хараад явж байхад урд баруун талд нэг хүүхэд нохойгоо дагуулаад явж байгаа байдалтай замын хажуугаар явж байсан. Ингээд намайг үргэлжлүүлэн явж байхад тэр хүүхэд гэнэт зам руу гүйж, би машинаа зогсоох арга хэмжээг авахад машины урд хэсэгт мөргөгдөөд 2 метр орчим болов уу шидэгдээд унасан. Ийм л явдал болсон. Тэр хүүхэд араас нохой дагаад, айгаад зам руу гүйсэн гэж ярьсан. Энэ талаараа ч мэдүүлэг өгсөн байгаа. Үүнээс үзэхэд хохирогч буюу хүүхэд зам руу гэнэт орж гүйгээгүй бол осол гарахгүй байсан. Хөдөө орон нутаг руу явахдаа 80 км/ц-аас илүү гаргаж үзээгүй. Ослын газар дээр тоормосны мөрийг яаж тогтоосон юм бол бүү мэд, хэмжих үедээ намайг эсвэл өмгөөлөгчийг байлцуулж болдоггүй юм болов уу гэж одоо хойно бодогдож байна. Дүрмийн дагуу 60 км/ц-аас илүү хурдыг хэтрүүлж болохгүй гэсэн байхад 64 км/ц хурдтай явсан гэж шинжээч тогтоосон нь их л нарийвчлалтай тогтоосон байна. Үүний тулд тоормосны мөрөнд хэмжилт хийхдээ намайг байлцуулсан бол би нүдээрээ хараад миний хурд хэтрүүлсэн гэх байдалд эргэлзэхгүй байсан. Хохирогч бага хүүхэд учраас би буруугүй ч байсан эмнэлгийн тусламж, эм тарианы тусламж үзүүлнэ. Осол болж хүүхэд гэмтсэн явдалд би сэтгэл өвдөж байна. Иймд гэм буруугийн асуудлыг бодитой, шударга шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлгээ уншиж өөр зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Д.Ариунболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд би төрсөн дүү Д.Отгонсувдын эзэмшилд байдаг саарал өнгийн Хьюндай Старекс маркийн 54- 85 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Япон цэргийн цогцолборын баруун замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 50-60 орчим км/ц-ийн хурдтай явж байтал замын баруун гар талд явган хүний замаар нэг эрэгтэй хүүхэд ганцаараа нохой дагуулаад явж байсан бөгөөд машин ойртоод ирэх үед гэнэт урдуур баруунаасаа зүүн чиглэлтэй гүйж орж ирэхээр нь хараад машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч зогсох тэр агшинд машины урд хэсэгт мөргөгдөөд ойролцоогоор 2 метр орчим шидэгдээд зам дээр унасан"...гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "… 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч дэлгүүрээс ундаа авах гээд замынхаа баруун талд алхаад явж байхад араас чоно шиг нохой гараад ирэхээр нь айгаад замынхаа эсрэг талд гарах зорилгоор баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гарах гэж яваад хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан хар саарал өнгийн аавынх шиг машинд мөргүүлсэн. Тэгээд нэг ухаан орсон чинь автомашины жолооч нь намайг замын зүүн талд гаргаад газар суулгачихсан байсан. Тэгтэл Даваажав ах ирсэн дараа нь түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж ирээд намайг үзээд машинд суулгаад авч явсан. Тэгээд замаас ээж түргэн тусламжийн машинд суусан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэж очиж хэвтсэн. Ингээд би ард явсан чоно шиг нохойноос айсан ба урд талд бас нэг шар үстэй нохой байсан. Тэгээд нохойгүй газраар явах зорилгоор явган хүний гарцгүй газраар баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гарахдаа гүйж гарч байхад машины чигрэх чимээ сонсогдоод дуут дохио сонсогдсон"...гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Базаррагчаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байхад миний хүү Даваажав нь танихгүй утасны дугаараас над руу залгаад ээж дүү Г.Төгөлдөр нь машинд дайруулчихлаа, хурдан ир гэж хэлэхээр нь би такси бариад ослын газар руу явсан. Тэгээд би замаасаа түргэн тусламжийн машинд дайгдаад гэмтлийн эмнэлэг рүү очсон. Ингээд би хүүгээ үзүүлээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн..." гэсэн мэдүүлэг /хх 21 дүгээр хуудас/,

 

              Иргэний хариуцагч Д.Отгонсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би төрсөн ах Д.Ариунболдын утас руу залгасан чинь машин барьж яваад хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь ахын эхнэр над руу утсаар яриад би гэмтлийн эмнэлэг рүү явах гэж байна, хамт явах уу гэхээр нь тэгье тэгье гэж хэлээд гэрээсээ ганцаараа гарч такси бариад ахынхаа эхнэрийг Сансраас очиж аваад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгтэл машинд мөргүүлсэн хүүхдийн гэрийнх нь хамт ирчихсэн, толгойныхоо зургийг авахуулна гээд байж байсан. Дараа нь манай ах ганцаараа гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 32 дугаар хуудас/,

 

              Гэрч А.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагаас 21 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооноос 20 дугаар хороо хүртэл зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны хойд замд машинд хүүхэд мөргүүлсэн гэх дуудлагын дагуу ослын газарт очиход саарал өнгийн Хьюндай Старекс маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автомашин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй баруун гар тал руугаа буюу боржуур луу шахсан байдалтай зогсож байсан. Тэгээд би машинаас бууж очиход жолооч нь гэх 50 орчим насны эрэгтэй хүн нь 10-13 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт хоёулаа байж байсан ба машинд мөргүүлсэн гэх бага насны хүүхдийг түргэн тусламжийн машин ирээд аваад явчихсан байхаар нь би Замын цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаж бүрэлдэхүүн явуулж шалгуулах талаар хэлж, ослын ойр орчмыг хамгаалалтандаа авсан. Тэгтэл жолооч нь машинаа бариад явж байхад тэр хүүхэд ганцаараа баруунаасаа зүүн чиглэлтэй гарч ирсэн гэж хэлсэн, харин машинд мөргүүлсэн хүүхдийн ах нь би дүүгээ хүнсний дэлгүүр рүү зайрмаг гэлүү талханд явуулсан гэж ярьж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Замын цагдаа ирэхээр нь би ослын газрыг хүлээлгэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 116 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Г.Төгөлдөр нь гэрээс ганцаараа дэлгүүр орж ундаа худалдаж авна гэж хэлээд гараад явсан. Тэр үед би гэртээ төрсөн ах Б.Дашдэлэгийн хүү Д.Амарбаясгаланг /эрэгтэй нэг нас 10 сартай/ хараад үлдсэн. Тэгтэл ойролцоогоор 5-10 минутын дараа манай гудамжны үзүүрийн ах ганцаараа гэрт орж ирээд танай дүү гудамжны урд талын замд машинд мөргүүлчихлээ гэж хэлээд яваад өгөхөөр нь харж байсан дүүгээ орхиж гараад ослын газарт очиход миний дүү Г.Төгөлдөрийн толгойны дагз хэсэгт хавдчихсан, нүүр болон тохой нь халцарчихсан байдалтай байсан. Харин саарал өнгийн Хьюндай Старекс маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автомашин нь зорчих хэсэг дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй хараад зогсож байсан ба зам дээр тоормозны мөр нилээн урт үүссэн байсан. Тэгэхээр нь би жолооч ахаас ахаа та түргэн тусламж дуудсан уу гэж асуусан чинь тийм ээ гэж хэлэхээр нь тэгвэл цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү гэж асуусан чинь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй гэхээр нь би түүнд хэлж байж тэр өөрөө 102-т дуудлага өгсөн. Дараа нь би ээж рүүгээ жолоочийн утаснаас залгаж дүү машинд мөргүүлсэн талаар мэдэгдсэн."...гэсэн мэдүүлэг /хх 117 дугаар хуудас/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12153 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

 

              1. Г.Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, тархи доргилт, дух, зүүн шанаа, хамрын нуруу, баруун тохой, сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Дээрх дагз ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх 38 дугаар хуудас/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн ¹16/42372 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:

1. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдэл, урд, хойд тэнхлэгийн дугауйн тоормосны хүч, баруун, зүүн талын их гэрэл эд ангиуд нь бүрэн бүтэн стандартын шаардлага хангаж байна.

2. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. Энэ нь зам тээврийн осолд нөлөөлөх болно.

3. Уг тээврийн хэрэгсэл нь тоормосны хийн хүчлүүрт, шингэн дамжуулагтай системтэй ба тоормосны механизмын ажиллагаа хэвийн байсан. Тоормосны мөр хурднаас хамаарч зам дээр үүснэ…” гэжээ. /хх 44 дүгээр хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын ¹541 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

            1. Х.Старекс маркийн 54-85УНВ дугаартай автомашины жолооч Б.Ариунболд нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            2. Явган зорчигч Г.Төгөлдөр нь МУ-ын ЗХД-ийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний -эрц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.Мөн дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх / гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3. Асран хамгаалагч Л.Базаррагчаа нь МУ-ын ЗХД-ийн 3.3. Сургуулийн өмнөх -5сны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна. Гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Х.Старекс маркийн 54-85УНВ дугаартай автомашин нь ослын газраас
хөдлөсөн байсан гэх ба Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын
схем зураг болон фото зураг дээр байх мөр нь Х.Старекс маркийн 54-85УНВ
дугаартай автомашины тооромзны мөр мөн эсэхийг тогтоосон нотлох баримт
байхгүй байх тул Хьюндай Старекс маркийн 54-85 УНВ дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна…шинжээч Н.Ганбаатар” гэжээ. /хх 90-92 дугаар хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн ¹673 дугаар дүгнэлтээр /3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй/ :

              1. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр УБХЦГ-ын ЗЦГ-ын ЖШУХ-ийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатарын гаргасан №541 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.

 

   2. Hyundai-Starex /Хьюндай Старекс/ маркийн 54-85 УНВ улсын дугаартай автомашины жолооч Д.Ариунболд нь МУ-ын ЗХД-ийн 9.3. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

   3. Явган зорчигч Г.Төгөлдөр нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            4. Асран хамгаалагч Л.Базаррагчаа нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            5. Хьндай Старекс маркийн 54-85 УНВ улсын дугаартай автомашины тоормозны мөрөөр Хурдыг тодорхойлбол:

  • Тоормозны мөр - St= 25.70 м
  • Тоормозны идэвхжилийн коэффицент: Кэ= 1.1

-    Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй гэсэн байх тул): ср =0.7 аар авч болно.

Иймд 64 км/цагийн хурдтай явсан байх үндэспэлтэй байна"... шинжээч Н.Шинэбаатар, Б.Баттүвшин, С.Пүрвээ...” гэжээ, /хх 127-130 дүгээр хуудас/

 

               2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 742 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй/: “...Дүгнэлт:..."Хюндай Старекс маркийн 54-85 УНВ улсын дугаартай автомашины жолооч Д.Ариунболд нь МУ-ын ЗХД-ийн 9.3 "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-аас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...Хьюндай Старекс маркийн 54-85 УНВ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлбол 67.59 км/цаг ...шинжээч Р.Мөнхбаяр, Ч.Ганбат, Э.Энхболд, Д.Далайцэрэн, Я.Соронзонболд... " гэжээ /хх-ийн 151-153 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5 дугаар хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8, 122-123 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 11 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 12 дугаар хуудас/, Г.Төгөлдөрийн өвчний түүх /хх 24-29, 100-104 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Ариунболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 58 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 59 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 60 дугаар хуудас/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 61 дүгээр хуудас/, ажил байдлын тодорхойлолт /хх 63 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх 65-71 дүгээр хуудас/, дуудлагын лавлагааны хуудас /хх 78 дугаар хуудас/, эмчилгээний зардлын баримтууд /хх 83-89 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 119 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хохирогчийн өмгөөлөгч Н.Нарангуагаас 11 хуудас эмчилгээний баримт, хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ариунболд нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Япон цэргийн цогцолборын ойролцоох баруун талын замд “Хьюндай Старекс” маркын 54-85 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтыг зөрчин хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр болох суурин газарт хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч 8 настай Г.Төгөлдөрийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Базаррагчаа, насанд хүрээгүй гэрч Г.Даваажав, гэрч А.Сүхбаатар нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн №673, 742 дугаартай дүгнэлтүүд, ШШҮХ-ийн шинжээчийн №12153 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Ариунболдын мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ариунболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Ариунболдод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж буй шүүгдэгч Д.Ариунболдын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ариунболдын ¹084476 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Дамдингийн Ариунболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

2. Шүүгдэгч Д.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболдод оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Д.Ариунболдын №084476 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболдод оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан, тэнсэгдсэн ялтан Д.Ариунболдын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

7. Насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөрийн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ариунболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН