| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч А.*******
М.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******, М.******* нарт холбогдох 2323000000176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1971 оны 03 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, урьд хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч А.*******ын холбогдсон 2323000000176 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч М.*******ы холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчимд Завхан аймгийн Дөрвөлжийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Нуурын ар” гэх газарт М.*******тай архидан согтуурсан үедээ “танай нохой энэ зун манай хониноос барьсан та төлж өг” гэж маргалдаж түүний толгойн тус газарт төмөр савраар цохисон хэргийн үйл баримт нь
Төмөр савраар цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Энэ талаар мэдүүлсэн хохирогч М.*******ы “...орой 18 цагийн үед санагдаж байна би А.*******ын хонинд нийлсэн хонь ямаагаа авах санаатай очсон, би очихдоо 2 шил 05 литрийн “Хараа” нэртэй архи авч очсон түүнийгээ А.*******тай уугаад сууж байхдаа ******* би яахаараа танай малыг төлж өгөх ёстой юм би ямар нохойгоо танай малаас барьж байхыг харсан биш гэснээс болж бид хоёр маргаж эхэлснээ санаж байна. Харин нэмээд архи уучихсан болохоор хэсэг зуур юу болсныг би сайн санахгүй байна. Учир нь би архи уухаараа хурдан согтчихдог. Нэг харахад эмч, цагдаа нар ирсэн байсан бөгөөд эмч намайг сумын эмнэлэг дээр аваачиж толгойд 7 оёо тавиад тэр шөнөдөө эмнэлгийн машин аймаг явах байсан тул намайг хамт яваад толгойныхоо зургийг авхуулчих гэхээр нь би аймаг орж толгойныхоо зургийг авхуулаад шинжээч эмчид үзүүлсэн. ******* бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй, би *******ын биед халдаж цохисон оо мөн санахгүй байна. ******* бид хоёрыг архи уугаад сууж байхад орж ирчхээд удалгүй явсан. Бид хоёр ээр хонь бариулах гэж дуудсан санагдаж байна. Би *******ынд өөрийн улсын дугаартай "Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Би *******ын хөлийг гэмтээсэн болон өөрийн толгойгоо гэмтээсэн эсэхээ сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Мөн дээрх хугацаанд шүүгдэгч М.******* нь архи ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын ******* багийн нутаг “Нуурын ар” гэх газраас улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж А.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Энэ талаар мэдүүлсэн хохирогч А.*******ын “...орой манай саахалт айлын хүн М.******* манайд ирээд, ахтайгаа ганц юм уумаар байна гээд 1 шил 05 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирснийг бид хоёр хувааж уугаад юм яриад байж байтал ******* “танай нохой энэ зун манай хониноос барьсан та төлж өг” гэж хэлэхээр нь би ямар харсан биш яагаад танай малыг төлж өгөх ёстой юм гээд маргалдаж эхэлсэн. ...5-6 хоногийн өмнө *******ы хонь манай хоньтой нийлээд тэдний 6 ямаа, хонь нийт 10 бог мал, манай хонинд үлдсэн байсныг ******* ялгаж авах гэж ирсэн боловч бид хоёр ялгаж хүчрэхгүй байсан учир ******* ойролцоо намаржиж байсан ийг хонь барилцаад өгөөч гэж гар утсаар ярьж дуудсан удалгүй ирсэн тэгээд нэг харахад дахиад тал шилтэй архи гараад ирсэн байсан. ******* гаргаж ирсэн байх түүнийг бид гурав хувааж уугаад сууж байтал энэ зун нохойд уруулсан хонь малаа төлөөрөө гэж уурлаад түүнээс болж хэрэлдэж гэрийн гадаа гараад ******* намайг заамдаж унагаад гараараа нэг цохисон салгасан. Тэгээд ******* явах гэж машинаа асааж хөдлөхдөө миний зүүн хөлийн өлмий хэсэг дээгүүр дайрч гарсан. Тухайн үйл явдлыг харсан тул сайн мэдэж байгаа, тэгээд би өөрийн бүл болох Б. руу гар утсаар яриад цагдаа дуудлага өгчих гэж хэлсэн чинь ******* сонсчхоод чи яахаар цагдаа дууддаг юм гэж уурлаад хоёр удаа намайг хальт цохихоор нь би аргал түүдэг савраар түүний толгой руу нэг удаа цохисон чинь *******ы толгойны зулаа хэсгээс цус гараад байсан удалгүй цагдаа ирээд эмч дуудаж *******ыг сумын төвийн эмнэлэгт хүргээд тэр шөнөдөө аймгийн эмнэлэг руу тээвэрлэсэн байсан. Сумын их эмч миний таны Даралт өндөр байна бас хамт авч явъя та хөлийнхөө зургийг авхуулах шаардлагатай гэж хэлэхээр нь би мал харах хүн байхгүй тул би явахгүй гэж хэлээд яваагүй...” гэсэн мэдүүлгээр,
Тухайн үйл явдлыг харсан, ослын талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ийн “... орой 18 цагийн алдад санагдаж байна. М.******* над руу гар утсаар яриад *******ынд хүрч ирээд хонь барилцаад өгөөч гэхээр нь яваад очиход *******, ******* хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байсан бөгөөд тэр хоёр хоёулаа нилээн согтсон байдалтай байсан. Тухайн архинаас ******* надад хийж өгөхөөр нь би түүнээс 2-3 татчихаад хонь лугаа яваад хонио эргүүлчхээд буцаад ирэхэд ******* нь явах гэж машинтайгаа хөдлөх үед ******* гэрийнхээ даруулгаас зүүсэн машины дугуйнд тээглээд уначих шиг болсон тэгсэн ******* машиныхаа зөв талын урд дугуйгаар *******ын зүүн хөлийн өлмий дээгүүр дайраад гарчихаар нь би *******ы машиныг унтрааж түлхүүрийг нь авсан. Би *******аас юу болов яагаад хүний хөл дээгүүр гарчихваа гэж асуусан боловч ******* юу ч дугаралгүй машинаасаа гарч ирээд газар хэвтчихсэн тэгээд би хонь луу явсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...орой манай хамаатны ах А.******* над руу гар утсаар яриад ******* намайг зодчихлоо цагдаад сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Хэсгийн төлөөлөгч тэр даруй дуудлагад очихоор явсан. ...Очиход А.******* ахынд хэсгийн төлөөлөгч очсон эмнэлэг дуудсан одоо ирэх байх гэж байсан бөгөөд А.******* ахын зүүн хөлийн шагай хэсэгт хөөж хавдсан *******ы толгойны орой хэсгээс нилээн их цус гарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад А.*******, ******* явах гэж байгаад миний хөл дээгүүр машинаар дайраад гарчихлаа дараа нь чи цагдаа дуудлаа гэж уурлаж намайг цохихоор нь би зөрүүлээд аргалын савраар түүний толгой руу цохчихлоо гэж ярьсан. Тухайн үед юунаас болж тэр хоёрыг зодолдох болсныг мэдэхгүй байна. Харин дараа нь сонсоод байхад хонь малын асуудлаас болж зодолдсон юм билээ. Тухайн үед эмнэлгийн байгууллага *******ыг аймаг руу тээвэрлэхээр болсон бөгөөд *******ыг хамт авч явж хөлийн чинь зургийг авхуулъя гэсэн боловч ******* нь яваагүй...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,эд мөрийн баримт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зам тээврийн ослын улмаас хохирогч А.*******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь “Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 000000350 дугаартай “...1.Иргэн А.*******ын биед зүүн шаантны хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2023 оны 10 дугаар сарын 07-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. Иргэн А.*******ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгч А.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0000003 дугаартай шинжээчийн “...1.Иргэн М.*******ы биед духны зүүн дээд хэсэгт хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан нь тус Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь ... жолооч ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж хангана...” гэсэн, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан. “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрсний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн магадлагаагаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч А.******* нь хохирогч М.*******ы Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо машины урд зогсож байсан А.*******ын зүүн хөлийн өлмий хэсгийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу согтуурсан үедээ “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч А.*******, М.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч А.*******, М.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу согтуурсан үедээ “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч А.*******,М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******, М.******* нарт 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 91 см урттай, модон иштэй, иш нь гол хэсгээрээ хугарсан төмөр саврыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******, М.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч А.*******, М.******* нарт нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 91 см урттай, модон иштэй, иш нь гол хэсгээрээ хугарсан төмөр саврыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
11. Шүүгдэгч А.*******, М.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА