| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00483/И |
| Дугаар | 139/ШШ2020/00519 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2020/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д овогт Б.Н /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Б.Н нь 1970 онд төрсөн. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд 1987 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл туслах ажилчнаар, Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд 1992 оны 5 сарын 1-нээс 1993 оны 4 сарын 1-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 08/607 дугаартай Баянжаргалан сумын “Ардын жаргал нэгдэл”, “Ардын жаргал хувьцаат компани”-ын талаарх, 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 08/608 дугаартай Говь-Угтаал сумын “Говийн өрнөлт нэгдэл”, “Ажирхай БХХ”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7-8-р хуудас/
-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-наас 1992 оны 6 сарын 1-ний өдөр Б.Н-гт олгосон “1992 оны 5 сараас 1993 оны 3 сар, 1994 оны 11-12 саруудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-12-р хуудас/
-Дундговь аймгийн Говь-угтаал сум ын Засаг даргын тамгын газрын 2020 оны 04 сарын 27 өдрийн 3/96 дугаартай Б-ийн Н-ийн Говийн өрнөлт нэгдэлд 1987-1989 онуудад ажиллаж байх үеийн цалингийн түүвэр тодорхойлолт, Б.Н-ийн 1987-1989 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 13-28-р хуудас/
-Гэрч Н.Б-ы “Би Говь-Угтаал суманд 1986-1990 он хүртэл ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байхад Б.Н Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлийн чанарын цехэд 1986-1990 он хүртэл ажилласан. Тэгээд надтай хамт Баянжаргал сум руу шилжиж байсан. Тэгээд Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1990-1995 он хүртэл бага мал маллаж байсан. Тэр үед би тус сумын худалдаа бэлтгэлийн даргаар 1990-1993 он хүртэл ажилласан. Б.Н нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. Жоохон бүрэг, ноймуудхан хүн байдаг байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэгч /хэргийн 42-р хуудас/
-Гэрч Д.А-ын “Б.Н1987-1989 он хүртэл Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд туслах ажилчинаар ажиллаж байсан. Б.Н нь 1992-1993 он хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд бага мал маллаж байсан. Одоо ч гэсэн мал малладаг. Би Баянжаргалан сумын Баянхошуу бригадад мал зүйчээр ажиллаж байсан. Н-ийн аав нь тус суманд нэгдлийн нягтлан бодогчоор, ээж нь санхүү тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. .... Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 44-р хуудас/ зэрэг шууд баимтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Довогт Б.Н /РД/-ийг 1987 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд туслах ажилтнаар, 1992 оны 5 сарын 1-нээс 1993 оны 4 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б