Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Э.*******

Шүүгдэгч Г.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 2309000000873 дугаартай эрүүгийн хэргийг   хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, халх, ******* боловсролтой  мэргэжилгүй, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Завхан аймгийн сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн *******  РД /*******/

Г.******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Боловсролын их сургуулийн “Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх ******* дугаартай “боловсролын бакалавр”-ын дипломыг бусдаар гаргуулан авч, уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилд орсон, ажиллах хугацаандаа уг хуурамч бичиг баримтыг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.*******гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн  тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.         

                 1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:   

Г.******* 2012 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Боловсролын их сургуулийн “Монгол хэл уран зохиолын багш” мэргэжлийн ******* дугаартай бакалаврын дипломыг тус сургуулийг төгсөөгүй атлаа бусдаас хуурамчаар  үйлдүүлэн  авч, улмаар уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс  Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд өгч Монгол хэл уран зохиолын  багшаар ажилд орохдоо ашигласан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:  

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Хяналт Шинжилгээ Үнэлгээ Дотоод Аудитын Газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай  ХШҮДАГ-ын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн танилцуулгын хавсралтын 360-т “...Завхан аймгийн сумын сургууль, регистрийн дугаартай *******ийн *******  Монгол Улсын  Боловсролын Их сургуулийн Монгол хэл  уран зохиол, Монгол хэл уран зохиолын багш, бакалавр 2012,  *******  дугаартай АШУИС-ын Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн овогтой тэй дугаар давхцсан  *******-тэй бүх дугаар АШУИС-д олгогдсон” гэж бичигдсэн байдлаар,

Энэ талаар мэдүүлсэн хохирогч Г.ын “...Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д. ХЗДХ-ийн сайд Х., Боловсрол шинжлэх ухааны Яамны сайд Л. нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран баталсан “Хамтарсан албан даалгавар” гарсан байдаг. Уг даалгаврыг чиглэл бүрээр нь дараахь байгууллагууд руу хүргүүлсэн байгаа. ...Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад ...даалгавар хүргүүлсэн... ...тухайн даалгаварт заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулж даалгаварт заасан хугацаанд биелэлтийг эргэн танилцуулж тайлагнахаар байгаа.  ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэлгүй диплом нь тухайн төгсөөгүй гэж үзнэ гэж мэдүүлсэн. ...Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрд зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Н.ийн “...Esis систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэлдээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Hemis буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDFДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем зөрчилтэй эсэхийг тухайн  сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.гийн   “...Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын ...заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүр хариуцах зохицуулалттай байдаг. ...программ дээр байгаа иргэний үнэн зөв мэдээлэл байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүл төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программд оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч  Г.*******гийн ажилд орох үндэслэл болсон ******* дугаартай диплом нь тухайн сургуулийг төгссөн төгсөгчдөд олгосон дипломтой тохирохгүй байгааг нотолсон  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны  өдрийн 3054 дугаартай  шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн ******* дугаартай  бакалаврын диплом нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн D201223531 дугаартай  бакалаврын дипломтой тохирохгүй байна” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд  Монгол хэл уран зохиолын багшаар  томилсон тухай тушаал, эд мөрийн баримтаар хураагдсан диплом, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт  “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль коллежид бэлтгэнэ” гэж  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “багш нь багшлах эрхтэй байна” гэж зааснаар ерөнхий боловсролын сургуульд багшлах багш нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан  багш бэлтгэдэг  их дээд сургуулийг төгссөн  байх үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл Г.******* нь багш бэлтгэдэг их дээд сургуулийг төгсөөгүй атлаа Боловсролын их сургуулийн ******* дугаартай  Монгол хэл уран зохиолын багш, мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж уг дипломыг ашиглан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар томилогдож улмаар 2023 оны 08 дугаар  сарыг хүртэл ажилласан байна.  Шүүгдэгч Г.******* нь 2002 оны Бага дунд боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүйгээ мэдсээр байж ажил олгогчид өөрийн боловсролыг гэрчилсэн хуурамч баримт бичгийг гарган өгч тухайн байгууллагад ажилласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, ...баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжтэй байна.

 “Хуурамч хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь үйлдлийн хувьд тухайн  баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд  тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй ба Г.******* багшийн ажлаа хүлээлгэн өгснөөр уг гэмт хэрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*******гийн  ******* дугаартай  бакалаврын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд  ажиллах, цалин хөлс авах, шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл  хууль бус шинжтэй  болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “ боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

                                 Хохирлын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. 3-д Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заажээ.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Г.*******гийн хуурамч диплом ашиглан Завхан аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж түүний авсан цалинг энэ гэмт хэргийн улмаас учирсан  хохирол гэж үзлээ.

Завхан аймгийн  сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл уран зохиолын багшаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 сар хүртэл 35 сарын  хугацаанд  ажилласан болох нь   хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон цалингийн тодорхойлолтоор тогтоогдсон.

 Дээрх  хугацаанд Г.******* нь  37.463.409 төгрөгийн цалин авсан байх бөгөөд түүнд олгогдсон цалингаас тухайн хугацаанд нь тус тус мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 15.740.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Г.*******гаас 21.723.409 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Учир нь: Шүүгдэгчийг хуурамч диплом ашиглаж, Завхан аймгийн  сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж төрөөс цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ч тэрээр ажиллаж байсан байгууллага сургуульдаа хөдөлмөрлөж байсан гэж үзэж түүний нийт авсан цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон  хасаж,  илүү гарсан хөлсийг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол гэж үзсэн болно.                   

                      2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн ******* дугаартай  бакалаврын хуурамч дипломыг 2309000000873 дугаартай хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* энэ  хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу” боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000  /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******  нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн ******* дугаартай  бакалаврын хуурамч дипломыг 2309000000873 дугаартай хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гаас 21.723.409 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч Г.*******д 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА