| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2020/0320/Э |
| Дугаар | 489 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 489
2020 4 21 2020/ДШМ/489
М.Н-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Н-ад холбогдох эрүүгийн 1903009680420 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ширээ тэмээтийнхэн овгийн М.Н, 19.. оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д засварчин ажилтай, ам бүл ........нарын хамт .............. дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
М.Н- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн замд 2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын орчимд А.Санчирболдын эзэмшлийн “Тоёота Аллекс” маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Б жолоочтой “Тоёота Приус-30” маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Ш.Аийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Н-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н-ад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан М.Н-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Н-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, М.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын автотээврийн хэрэгслийн жолоочийн 1062482 дугаартай үнэмлэхийг М.Н-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, М.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Зам тээврийн осол, хэрэг гарахад талийгаач Ш.А нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, М.Н-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зорчин явж байгаад амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байхад М.Н-ад хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь “шударга ёсны зарчим”-д буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэхгүй байна. Мөн тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэдий үеэс тоолохыг тусгаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно” гэснийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Н- бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд тухайн өдөр миний хурим болох гээд автомашин жолоодож явсны улмаас ийм хэрэг гарсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч М.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүйгээр бичигдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хэргийг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг ямар нөхцөл байдалд үйлдэгдсэн талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд дэлгэрэнгүй яригдсан. Мөн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэний улмаас 5 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон боловч түүний хувийн байдлыг харгалзан үзсэн. Оршуулгын зардлын хувьд ах, дүү нар нь хоёр талаас нийлж гаргасан гэдэг боловч бензиний мөнгө шилжүүлэх зэрэг ганц нэг баримт байхаас оршуулгын зардлын талаар ямар ч баримт байхгүй. Харин бусад хохирогч нарт нийт 12.452.000 төгрөгийг баримттай болон баримтгүйгээр гаргаж өгсөн. Бензин, буудал, буцах замын зардал, ЭХО, КТГ шинжилгээ зэрэг хохирогч нарын нэхэмжилсэн бодит хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед хохирогч нар өөрсдөө хохирол төлбөрөө хүлээж аваад “биеийн байдал сайн, ямар нэг гомдол, саналгүй” гээд иргэний үнэмлэхээ хуулбарлан нотариатаар баталгаажуулж баримтаа хэрэгт хавсаргасан. Хүндэвтэр гэмтэл авсан хохирогчийн хувьд, биеийн байдал нь сайжирч ажилдаа явж байгаа. Хохирогч нарын зүгээс дахин гомдол, санал гаргасан зүйлгүй. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн учир хор уршиг арилна гэж байхгүй. Гэвч тухай үед шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, Замын хөдөлгөөний дүрэм санаатай зөрчөөгүй, талийгаач “үнсье” гээд толгойноос нь татахад руль алдаж хоромхон зуур осол гаргасан байдаг тул дээрх хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
М.Н- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн арын замд 2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын үед А.Санчирболдын эзэмшлийн “Тоёота Аллекс” маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Э.Б жолоочтой “Тоёота Приус-30” маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Ш.Аийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Э.Бийн “... 20 метр зайд миний урсгалд нэг машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Хоёр хажуу тал руу дарах ямар ч боломж байгаагүй ба шууд чигээрээ тормоз гишгээд мөргөлдсөн. Тухайн үед бид хоёроос өөр машин байхгүй байсан. ...ослын газар ирсэн эмч талийгаачийг үзээд цуг явсан хүн нь найдваргүй болсон байх гэж хэлж байсан. ...” /1 хх-55/,
гэрч О.Болдтөмөрийн “... хоёр машин хоорондоо мөргөлдсөн байдалтай, нэг эрэгтэй хүн мөргөлдсөн машин дунд зогсчихсон гэрэл анивчуулаад бусдад анхааруулж, баруун талын явган хүний зам дээр нэг хүн хэвтчихсэн хүмүүс тойроод зогссон байсан. ...” /1 хх-57/,
хохирогч Б.Батдэлгэрийн “... Намбарнанзадаар машинаа бариулж хамаатан Б.Батзоригийн хажууд суугаад явсан ... Замдаа 1 шил архи ууж дуусгаад унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад осол болсон. ...” /1хх-31/,
М.Н-ын яллагдагчаар өгсөн “... Би хавтас хэрэгт авагдсан бүх шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, буруугаа ойлгож байгаа, хохирлоо төлж барагдуулна. Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй.” /1 хх-128/,
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гэмшиж байна. ...” /2хх-9/ гэсэн мэдүүлгүүд,
2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 323 дугаартай “...Тухайн зам тээврийн осол нь 28-95 УБД улсын дугаартай “Тоёота Аллекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Н-ын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй”-г тогтоосон мөрдөгчийн магадлагаа /1 хх-92/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10064 дугаартай “...Б.Батдэлгэрийн биед цээжний баруун талд 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун талын дунд чөмөгний ацетабулын арын ирмэг сэлтэрсэн хугарал, уруул, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1 хх-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1794 дугаартай цогцост үзлэг хийсэн “... Ш.Аийн цогцост сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан салсан хугарал, гол судасны цээжний хэсгийн урагдал тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /800 мл/, өвчүүний хөндлөн хугарал, баруун 4-7 дугаар хавирга, зүүн 4, 5 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй далд хугарал, зүүн 4, 5 дугаар хавирга хоорондын булчингийн язрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, дух, зүүн өвдөгт няцарсан шарх, зулгаралт, баруун хацар, шуу, бугуй, долоовор, эрхий хуруу, зүүн өгзөгт зулгаралт, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Дээрх сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан салсан хугарал, гол судасны цээжний хэсгийн урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ. ... Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.” /1 хх-88/ гэсэн дүгнэлтүүд,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1184 дугаартай 96-68 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-94/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч М.Н-ын автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Уранбайгаль “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Мөн эрх хассан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох нь тодорхойгүй байна.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн бөгөөд шүүгдэгч М.Н-ын үйлдлийн улмаас нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учирч, нэг хүний амь нас хохирсон байх ба энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэхгүй ч шүүгдэгч нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, түүний хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнийг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин, анхан шатны шүүх М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар шийтгэх тогтоолдоо тусгаагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсэг буюу “нэмэгдэл ялыг хэдий үеэс тоолохыг тусгаагүй” гэснийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ