Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ш ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдөлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Я.Ц, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шүрэн од ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 12, 13 дугаар зүйлийн шаардлагыг хангаж Налайх дүүргийн Зуунмод гэх газар 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хүсч Нийслэлийн Засаг даргад холбогдох журмын дагуу хамгийн түрүүнд өргөдөл гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газраас манай компанийн өргөдөлд дурдсан газар ашигт малтмалыг хайх, ашиглах, хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаад тус газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8556 дугаар албан бичгээр өргөдөл гаргасан газарт хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 14.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн хуульчилсан байдаг.

Нийслэлийн Байгаль орчны газар нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/406 дугаар албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу дүгнэх хуудсаар уг талбай нь авто зам болон цахилгааны өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын бүс, холболтын шугамтай давхцалтай байгаа бөгөөд тус Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасныг хангахгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй, цуцалсан хариуг манай компанид өгсөн.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/406 тоот албан бичгийг хүлээж авсан даруйдаа тухайн талбайд очиж үзэхэд өндөр хүчдэлийн шугам байсан. Өндөр хүчдэлийн шугамыг манайх холбогдох байгууллага буюу өмчлөгчтэй нь ярьж байгаад чөлөөлөлт хийсэн. Чөлөөлөлт гэдэг нь цахилгаан түгээх станцын инженерүүдтэй ярилцаад холбогдох журмын дагуу тухайн талбайд байршиж байгаа өндөр хүчдэлийн шугам доошоо унасан байсан учраас хамгаалалтын шугам гаргасан.

Хамгаалалтын зурвас хийсэн даруйд манайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсантай холбоотой нөхцөл байдал арилсан гэж үзээд тус хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилсан тул түгээмэл тархацтай хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хүсч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/03 дугаар болон 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар албан бичгүүдээр өргөдлүүдийг гаргасан. Гэвч Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудад заасан хугацаанд зохих журмын дагуу манай компанийн өргөдөлд дурдсан талбайд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж зохих журмын дагуу захиргааны акт гаргахгүй байгаа нь хууль бус юм.

Манай компанийн гаргасан өргөдлийг хуулийн хугацаанд зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад удаа дараалан хандахад өргөдлийг шийдвэрлэнэ гэдэг байдлаар хариу өгдөг боловч өргөдлийг хуульд заагаагүй үндэслэлээр удаа дарааллан шийдвэрлэхгүй хойшлуулж байна. Нийслэлийн Засаг дарга манай компанийн гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа нь манай компанийн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эрхлэн явуулах мөн төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх, хуульд заасан шаардлага хангасан бол хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмших зэрэг компани хуульд харшлаагүй хууль ёсны болон зүй ёсны эрхүүдийг зөрчиж байна гэж үзэж байгаа.

Манай компани барилгын материал худалдаалах, үндсэн үйл ажиллагаа явуулдаг, олон хоног, сараар барилгын материалын худалдааг явуулна гэж төлөвлөж байсан боловч үүнтэй хобоотойгоор Нийслэлийн Засаг дарга шийдвэр гараагүйгээс компанийн бизнес төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа. Хайгуулийн үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй машин, техник төхөөрөмж түрээслэх, ажлын төсөл зураг хийлгэх гуравдагч этгээдтэй яриа хэлцэл хийсэн зэрэг багагүй хохирол амсаж байна.

Иймд тус компанийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан Налайх дүүргийн Зуунмод гэх газар 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдөлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Байгаль орчны газрын дарга Д.Б-гын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тус Газрын мэргэжилтэн Ж.Б, Я.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх асуудалд захирамж гаргаж нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсний дагуу өргөдлийн анх хүлээн аваад нийслэлийн Газрын албанаас лавлагаа, тодруулгыг авахад өндөр хүчдэлийн хамгаалалтын зурваст орсон байна гэсэн тайлбар хариу ирсэн. Үүний дагуу нийслэлийн Газрын албанаас авсан саналд үндэслэн өндөр хүчдэлийн хамгаалалтын бүсэд орсон байна гэдгийг байнгын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд өндөр хүчдэлийн хамгаалалтын зурваст ороод талбайн хасалт хийж, хасалт хийгдсэн талбай 25 га газар үлдэж байвал хайгуулийн тусгай зөвшөөрөл олгож болно. Хасалт хийгээд 25 га газар хүрэхгүй байгаа тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгохгүй байхыг мэдэгдэх тухай Байнгын зөвлөлөөс шийдвэрлэсэн. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэдгийг мэдэгдсэн байгаа.

Тухайн байгууллагаас нийслэлийн Байгаль орчны газарт хүсэлт ирж өндөр хүчдэлийн хамгаалалтын бүсийг хийлийн зурвасаас чөлөөлсөн гэх кадастрын зураг ирсэн. Уг зурагт үзүүлсэн зүйлийг харахад тухайн талбайд өндөр хүчдэлийн шугам байхгүй өнгөрөх, түүнийг тойруулах, зайлуулах гэж ойлгосон байна. Гэтэл өндөр хүчдэлийн хамгаалалтын бүсийг чөлөөлөхдөө тухайн газарт орших өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвасыг чулуугаар дарж тавьсан байсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өндөр хүчдэлийг хамгаалалтын зурвасаас чөлөөлсөн гэсэн тодорхойлолт ирүүлсэн байсан.

Нийслэлийн Байгаль орчны газар нь шийдвэр гаргах эрхгүй, нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан учраас байнгын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Тухайн аж ахуйн нэгжид нийслэлийн Байгаль орчны газраас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/940 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай нийслэлийн Байгаль орчны газар хамтран түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Ш ХХК-ийн урьд нь эзэмшиж байсан талбайгаар дайран өнгөрсөн. Түүний хажууд орших аж ахуйн нэгжүүд Ш ХХК-ийг хууль бусаар олборлолт шөнийн цагаар хийдэг гэж байсан.

Бид үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ш ХХК-ийн гаргасан өргөдөлд анхан шатны шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид тухай бүр албан ёсоор өгсөн. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өргөдлүүдийн хариуг өгсөн. Хуулийн дагуу байнгын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж холбогдох шат дарааллын дагуу зохих ёсны үйл ажиллагааг хийж байгаа. Улсын Их хурлын Байнгын хорооноос тогтоол гаргасан байгаа. Уг тогтоолд ерөнхийдөө хайгуулийн тусгай зөвшөөрлийг 2017 онд шинээр олгохыг хориглосон. Нийслэлийн Засаг дарга нь төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан учраас хууль дүрмээ баримтлан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал түр хугацаанд зогссон байгаа учраас байнгын Зөвлөл хуралдаагүй байна. Байнгын Зөвлөлийн эхний хуралдсан хуралдаан дээр Шүрэн од ХХК-ийн хүсэлтийг эхний ээлжид хэлэлцэнэ гэж албан бичгээр мэдэгдсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш ХХК нь (К ХХК гэх оноосон нэрээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчилж бүртгүүлсэн[1]) Тус компанийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдөлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх К******* ХХК-иас (хуучин нэрээр) 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр[2] Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Зуунмод гэдэг газарт 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт гаргасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/406 дугаар[3] албан бичгээр ...танай компанийн тус өргөдөл гаргасан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдье гэж хариуг өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч К******* ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/3 дугаар[4], мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1/16 дугаар[5] албан бичгээр дээрх 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг дахин нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтүүдийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж ...манай компанийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж тайлбарлан маргаж байгаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа, 14.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна, 14.1.4-д энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ гэжээ.

Мөн дээрх хуулийн 14.3-д Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ, 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, эрх бүхий байгууллага нь хүсэлт гаргагчийн өргөдөлд дурьдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг төрийн захиргааны бусад байгууллагуудаар зохих журмын дагуу нягтлан шалгуулж, тодруулсны үндсэн дээр (мэдэгдэл буюу хариуг хүлээн авч) хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, эсхүл боломжтой талаар хүсэлт гаргагчид бичгээр хариуг мэдэгдэх, эсхүл Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгох шийдвэр буюу захиргааны акт гаргахаар зохицуулсан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж зааснаар Нийслэлийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг хуулиар олгожээ.

Нийслэлийн Засаг дарга нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд (тухайн үед мөрдөгдөж байсан) 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/493 дугаар[6] захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах санал боловсруулж танилцуулах, шийдвэрлүүлэх үүрэг бүхий байнгын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу хүлээн авч бүртгэх, хянах, судлах, холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн боловсруулж байнгын Зөвлөлд танилцуулан тусгай зөвшөөрөл олгох эсэх талаах дүгнэлт гаргуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгасан байна.

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар нь нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/3 дугаар, 9 дүгээр сарын 07-ны өдөр 1/16 дугаар албан бичгүүдээр гаргасан 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч судлан, холбогдох байгууллагуудаас санал авч байнгын Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байх ба уг Зөвлөлөөс холбогдох байгууллагуудаас нэмэлт тодруулга лавлагаа, санал авч дахин хурлаар хэлэлцүүлж санал гаргах-аар шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байнгын Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр[7] тогтоогдож байна.

Ингээд холбогдох байгууллагуудаас дахин нэмэлт тодруулга лавлагаа, санал авахад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 04/992 дугаар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 02-01/28 дугаар албан бичгээр тус тус саналыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт ирүүлжээ.

Гэтэл одоог хүртэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг байнгын Зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, эсхүл боломжтой талаар хүсэлт гаргагчид бичгээр хариуг өгөхгүй байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасантай нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж үндэслэлтэй болно.

Түүнчлэн шүүхэд болон нэхэмжлэгчид нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02/810 дугаар[8], мөн 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/940 дүгээр[9] албан бичгүүдээр ...дахин лавлагаа, мэдээлэл авсан, ...дараагийн хурлыг ойрын өдрүүдэд хуралдуулж, гарсан саналыг Нийслэлийн Засаг даргад танилцуулж шийдвэрлэх болно, ...асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн даруйд танай асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэх хариуг өгчээ.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК-иас Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Зуунмод гэдэг газарт 27.32 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийг Нийслэлийн Засаг дарга хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өргөдөлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдөлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг Даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА