| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2026/0236/З |
| Дугаар | 221/МА2026/0344 |
| Огноо | 2026-05-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0344
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн
хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор,
хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э-ийн
дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Б.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Хариуцагч Б.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0236/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дүгнэлт гаргагч Н.Э-ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З-ийн оногдуулсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар шийдвэрээр: Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Н.Э-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З-ийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“...3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-оос 16 дахь хэсэгт “... Ийнхүү даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж, даатгалын нөхөн төлбөр олгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 9/1717 дугаар албан бичгийн хариуд “М д” ХК-аас нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа талаар тус хороонд мэдэгдсэн агуулгаас үзвэл, даатгагч, даатгуулагчийн хооронд иргэний буюу даатгалын гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн. “М д” ХК нь даатгуулагч иргэн Ю.С-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан, тухайн иргэн уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой тул энэ маргааны хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай 9/1717 дугаартай албан бичгээр захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэж үзнэ...” гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч талаас “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З-ийн оногдуулсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх уг шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэдэг атал Захиргааны хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Тухайлбал, хороо даатгалын нөхөн төлбөрийн маргааныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33.1-т заасны дагуу талуудын ирүүлсэн баримт материалын хүрээнд хянаад, даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгуулахаар урьдчилан шийдвэрлэж, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн.
Даатгагч “М д” ХК-д дээрх шийдвэрийн хариу болгож, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр даатгалын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан. (Одоог хүртэл даатгалын компани нь шүүхэд хандаагүй байдаг, нөхөн төлбөрийг одоог хүртэл олгоогүй).
“М д” ХК нь хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоотоот гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Даатгаын тухай хуулийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, … хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох арга хэмжээг авсан.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх “… Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” дугаартай албан бичгээр захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэж үзнэ…” гэж алдаатай, буруу дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, “М д” ХК нь хорооны урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн хариу болгож, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр даатгалын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан боловч одоог хүртэл даатгалын компани нь шүүхэд хандаагүй байдаг, нөхөн төлбөрийг одоог хүртэл олгоогүй байдаг. Гэтэл үүнийг шүүхээс шүүхийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-16 дахь хэсэгт ишлэж маргааны үйл баримтад дүгнэлт хийсэн.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч талууд хорооны урьдчилан шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн үндэслэлтэй, үндэслэлгүй тухайд маргаагүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ тухай Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоолыг ишлэл болгон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтийг хийсэн нь шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, дээрх байдлаар дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21 дэх хэсэгт “...Ю.С-аас гомдол гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс зургаан сарын хугацааг тооцоход 2025 оны 10 дугаар сард хариуцагч шийтгэл оногдуулах байтал 2026 оны 01 дүгээр сарын 16 өдөр шийтгэлийн оногдуулсан нь буруу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасан байдаг.
“М д” ХК нь хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Даатгалын тухай хуулийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн зөрчил гэж үзэж, хорооны улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох арга хэмжээг авсан.
Өөрөөр хэлбэл, “М д” ХК нь Даатгалын тухай хуулийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Даатгалын тухай хуулийн 9.1.4-т зааснаар даатгуулагчилд нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй зөрчил нь үргэлжилсэн хэвээр байсан байхад үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх даатгуулагч Ю.С-аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс зургаан сарын хугацааг тооцож шийтгэл оногдуулах ёстой байсан гэж буруу дүгнэлтийг хийсэн.
Учир нь даатгуулагч Ю.С нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг маргаанаа хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдлыг гаргасан. Түүнийг Санхүүгийн зохицуулах хороо талуудын ирүүлсэн баримт материалын хүрээнд хянаад, даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирса хохиролын нөхөн төлбөрийг олгуулахаар урьдчилан шийдвэрлэж, 2025 оны 05 дугаар саоын 06-ны өдрийн тоот албан бичгийг даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн. Улмаар “М д” ХК нь уг шийдвэрийн хариу болгож, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр даатгалын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан хэдий ч одоог хүртэл даатгалын компани нь шүүхэд хандаагүй байдаг, мөн нөхөн төлбөрийг одоог хүртэл олгоогүй байдаг.
Иймд “М д” ХК нь Даатгалын тухай хуулийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Даатгалын тухай хуулийн 9.1.4-т зааснаар даатгуулагч Ю.С-д нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй зөрчил одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг буруу дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо даатгуулагч Ю.С-аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс зургаан сарын хугацааг тооцож шийтгэл оногдуулах ёстой байсан гэж дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Иргэн Ю.С-аас “М д” ХК-д холбогдуулан “... Булган аймгийн ЗЦГ-аас ажилтан гарч үзлэг хийж дүгнэлт гаргаж буруугүй даатгалаар хохирлоо барагдуулах боломжтой гэж тодорхойлолт хийж өгсөн. Харин “М д” гэх газар тодорхой хариу өгөхгүй 30 хоносны эцэст нөхөн төлбөр олгохгүй гэсэн шийд гаргасан, ... нөхөн төлбөрөө олж авах тал дээр та бүхэн тусалж өгнө үү...” гэх агуулга бүхий өргөдлийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргажээ.
2.2. Санхүүгийн зохицуулах хороо дээрх өргөдлийг хүлээн авч, танилцаад 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “... даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэнэ үү” гэх 9/1717 дугаар албан бичгийг “М д” ХК-д мэдэгдсэн байх бөгөөд “М д” ХК-иас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25/519 дүгээр албан бичгээр “... эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд” тээврийн хэрэгслийн тоормосны мөр анх эхэлснээс хашлагыг мөргөсөн “А” цэг хүртэл 24 метр, “А” цэгээс цааш хөндлөн гулссан мөр 28 метр гэж тэмдэглэсэн боловч энэхүү мөрийг ашиглан хурдыг тогтоох аргачлалын дагуу осол гарсан үндсэн шалтгааныг тодорхойлоогүй гэж харж байна. Иймд тус маргааныг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг уламжилж байна...” гэх хариуг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн байна.
2.3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025279 дүгээр шийтгэлийн хуудсаар “М д” ХК-ийн “даатгалын тохиолдол болсон үед Даатгалын тухай хуулийн 9.1.4-т заасан хугацаа, хэмжээнд нөхөн төлбөрийг олгоогүй, 82.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд дүгнэлт гаргагчаас “... Ю.С-аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан өдрөөс хойш 8 сарын дараа “М д” ХК-д Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичиж ирүүлжээ.
Харин “М д” ХК-иас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.
2.4. Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ хэрэгжүүлнэ”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ”, 33.2-т “Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно”, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.
2.5. Дээрх хуульд зааснаас үзвэл, даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэх бөгөөд тус шийдвэрийг даатгагч, даатгуулагчийн хэн аль нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 9/1717 дугаар албан бичгийг эс зөвшөөрч “М д” ХК-иас шүүхэд гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хорооны дээрх албан бичиг нь хүчин төгөлдөр болжээ.
2.6 Даатгалын харилцаа нь нийтийн ашиг сонирхол, санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой тул төрийн хяналт хэрэгждэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь захиргааны байгууллага болохынхоо хувьд нийтийн эрх зүйн хүрээнд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр гаргасан, уг шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй тул даатгалын компаниас уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадлага хэрэглэгдэх юм. Гэтэл анхан шатны шүүх “Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилсан шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй” мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2.7. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “М д” ХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан хугацаанд даатгуулагчид нөхөн төлбөрийг олгоогүй буюу Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12-т “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар “анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй” гэх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх хэдий ч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй.
2.8. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, мөн зүйлийн 3-д Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасан бөгөөд дээрх зөрчлийн хувьд хуулийн этгээд үйлдсэн, торгуулийн хэмжээ нь 10-500 нэгжийг 10 дахин нэмж дүйцүүлсэн хэмжээнд хамаарч байх тул зөрчил үйлдэгдсэнээс хойш зургаан сарын дотор зөрчлийг шалган шийдвэрлэхээр байжээ.
2.9. Тодруулбал, иргэн Ю.С-аас гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 9/1717 дугаар албан бичиг гарснаар уг зөрчил таслан зогсоогдсон гэж үзэх тул дээрх хугацаанаас хойш зургаан сарын дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байхад 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ийнхүү шийтгэл оногдуулсан нь дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул “даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй зөрчил нь үргэлжилсэн хэвээр байсан” гэх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН