Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00774

 

 

Д.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1502 дугаар магадлалтай,

Д.С ын нэхэмжлэлтэй,

Д.Э д холбогдох,

9,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд, хариуцагч Д.Э , түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Д.Э д холбогдуулан 9,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Д.Э гөөс 9,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,200 төгрөгөөс 174,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 71,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 174,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1502 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.С ын нэхэмжлэлтэй Д.Э д холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1502 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр зохигчдын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн улмаар хариуцагч Д.Э гөөс 9,950,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Д.Э , А.Шижир нар нь Д.С аас 2014 оноос хойш цагаан мөнгө худалдан авч мөнгөн эдлэл хийн борлуулах үйл ажиллагааг явуулдаг, үүний орлогоосоо худалдан авсан цагаан мөнгөний үнийг төлдөг байсан бөгөөд улмаар хамгийн сүүлд 2016.05.14-ний өдрийн байдлаар талууд хоорондоо тооцоо нийлсэн тухай тус бүрийн тэмдэглэж үлдээсэн баримтууд, цагдаагийн байгууллагад Д.С ын хохирогчоор, Д.Э гийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.С  9,950,000 төгрөгийн авлагатай болох нь хангалттай ногтлогдсон.

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.Э  нь хоорондоо тооцоо нийлсэн баримтан дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн, харин дарамталж гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн Д.Э гийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч Д.С  нь түүний нөхөр А.Шижирт цагаан мөнгийг хүлээлгэн өгч байсан талаар, бүх тооцоог түүний эхнэр Д.Э  хийж байсан талаар 2017.03.22-ны өдөр болон 12.07-ны өдөр цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсаныг давж заалдах шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт хийлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар А.Шижирийг оролцуулж, талуудын хоорондох төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон эсэх, хэн хэдэн төгрөгийн төлбөр тооцоотой болохыг тодруулах шаардлагатай гэж үндэслэлгүй дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч Д.С  нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.Шижир, Д.Э  нарт холбогдуулан цагаан мөнгө, эд зүйлсийн үнийн үлдэгдэл төлбөрт 17,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,500,000 төгрөгийг хариуцагч А.Шижирээс, 9,950,000 төгрөгийг хариуцагч Д.Э гөөс тус тус гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч А.Шижир нь өөрийн оршин суух хаягтаа байхгүй, хаяг тодорхойгүй болсноос Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.20-ны өдрийн 182/Ш32020/02812 дугаар захирамжаар А.Шижирт холбогдох хэсгийг тусгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улмаар Д.Э д холбогдох хэсгийг тус шүүх шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч А.Шижирт холбогдох хэргийг хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1502 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Д.Э д холбогдуулан 9,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...2013 оноос хойш  Д.Э , А.Шижир нартай хамтарч ажилласан, тэд надаас байнга цагаан мөнгө зээлээр авч, А.Шижир нь мөнгөн аяга, эдлэл хийдэг, Д.Э  хийсэн зүйлийг нь лангуун дээр зарж борлуулаад, надад мөнгөө өгдөг байсан. ...сүүлд тооцоо бодоход 24,006,473 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан, үүнээс төлж явсаар нийт 9,950,000 төгрөг төлөх үлдсэн, энэ мөнгийг Д.Э гөөс нэхэмжилж байна, надтай бүх тооцоог Д.Э  хийж байсан... гэжээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нөхөр А.Шижир бид хоёр 2014 оноос Д.С  эгчтэй хамтарч ажиллан, түүхий эд болох цагаан мөнгийг зээлээр авч, мөнгөн эдлэл үйлдвэрлэн, борлуулж мөнгөө төлдөг байсан. 2015.06.15-ны өдөр А.Шижирийг явуулж 5 кг цагаан мөнгө авахуулж мөнгийг төлсөн, хамгийн сүүлд 2016.05.14-ний өдөр 50,000 төгрөг төлж, өөрийн төлөх ёстой төлбөрийг төлж дуусгасан, ...одоо нэхэмжлэгчид төлөх ямар ч өр байхгүй гэж үзэж байна. ...А.Шижир нь цагдаад мэдүүлэг өгөхдөө 10,450,000 төгрөгийг өөрөө төлнө гэж хэлсэн байдаг, ...Д.С  эгч мөрдөн байцаалтанд “...Д.Э  ямар нэгэн өр төлбөргүй” гэж мэдүүлэг өгчихөөд, одоо 9,950,000 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх хариуцагч Д.Э гөөс 9,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж,  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.  

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...хариуцагч Д.Э  нь тооцоо нийлсэн баримт дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг, харин намайг дарамталж гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. ...нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч А.Шижир, Д.Э  нарт холбогдуулан цагаан мөнгө, эд зүйлсийн үнийн үлдэгдэл төлбөрт 17,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,500,000 төгрөгийг хариуцагч А.Шижирээс, 9,950,000 төгрөгийг Д.Э гөөс тус тус гаргуулахаар шаардсан боловч хариуцагч А.Шижир нь оршин суух хаягтаа байхгүй, хаяг тодорхойгүй болсноос ...шүүгчийн захирамжаар А.Шижирт холбогдох хэргийг тусгаарласан. ...давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

10. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Э , түүний нөхөр А.Шижир нар 2013 оноос хойш нэхэмжлэгч Д.С аас цагаан мөнгө зээлээр авч, мөнгөн эдлэл хийж зараад үнийг төлдөг байсан нь тогтоогдсон, гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 9,950,000 төгрөгийг хэн хариуцан төлөх, үлдэгдэл үнийн тооцооны талаар дүгнэлт хийхэд учир дутагдалтай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн гарын үсэг зурагдсан 10,450,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй, зохигч төлбөр тооцооны талаар хууль хяналтын байгууллагад харилцан адилгүй мэдүүлэг өгснийг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар А.Шижирийг оролцуулж, талуудын хоорондох төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон эсэх, хэн хэдэн төгрөгийн төлбөр тооцоотой болохыг тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасанд нийцжээ.  

12. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.  

13. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1502 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.10-ны өдөр төлсөн 174,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ