| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00336/И |
| Дугаар | 139/ШШ2020/00362 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 139/ШШ2020/00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, Х овогт Д.Н /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. миний бие 1966 онд төрсөн, ..1985 оны 6 сарын 25-наас 1990 оны 1 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлэлд малчин, нэгдлийн гуанзанд туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 08/453 дугаартай Луус сумын “Хөдөлмөр нэгдэл”, “Шинэ хөдөлмөр хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 сарын 17-ны өдрийн 285 дугаартай “.. Д.Нид холбогдох... Хөдөлмөр нэгдлийн 1985, 1988-1990 онуудын тушаалыг эх баримтаас нь хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 30 өдрийн 46 дугаартай “Ажилд томилох тухай”, 1988 оны 01 сарын 10 өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1989 оны 12 сарын 20 өдрийн 66 дугаартай “ Ажилд томилох тухай”, 1990 оны 05 сарын 18 өдрийн 29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарууд /хэргийн 6-8-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 сарын 17-ны өдрийн 02/87 дугаартай “Дэ-ийн Н-ийн 1987-1989 онуудын цалингийн материалыг архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт, Д.Н-ийн цалингийн баримтын хуулбарууд /хэргийн 9-13-р хуудас/
-Гэрч Д.Э-ын “...Д.Н нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 он хүртэл мал маллаж байсан. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1985-2006 он хүртэл мал малласан. Д.Нийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Д.Н бага мал төллөх мал малладаг байсан. Би бага маллаж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/,
Гэрч Ё.Т-ийн “...Би Хөдөлмөр нэгдэлд 1986-1988 он хүртэл галч, цэвэрлэгчээр ажиллаж байхад Д.Н нь 1985 онд илгээлтээр гараад Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 он хүртэл тогоочийн туслахаар ажиллаж байсан. Д.Нийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Д.Н туслах тогоочоор ажиллаж байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д.Н /РД/-ийг 1985 оны 06 сарын 25-аас 1987 оны 05 сарын 20 хүртэл, 1988 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчин, 1987 оны 5 сарын 20-ноос 1988 оны 1 сарын 1-н хүртэл , 1989 оны 12 сарын 16-аас 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б