Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2020/00823

 

                                            

                                                    

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00285/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сумын ... багын ... байр ... тоотод оршин суух ... овгийн А-ийн Х /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, “Ш.г”ХК-д холбогдох

“Нөхөн төлбөр 10,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай гэр бүлийн хүн Б овогтой Б нь 2018.03.08-нд өвчний улмаас нас барсан тул Хөдөлмөрийн хуулийн 97.1.2 дахь хэсэгт заагдсаны дагуу нөхөн олговор авахаар бүх материалыг бүрдүүлж өгсөн. Гэтэл надад өгсөн таны өргөдлийн хариун дээр сарын дундаж цалинг 300,000 төгрөг байх ёстойг 144,000 төгрөгөөр бодож нөхөн олговрыг дутуу олгох шийдвэр гарсан байна. Иймд дахин нягтлуулж үзээд мөнгийг нь олгож өгнө үү гэж өргөдөл өгөхөд татгалзсан хариу ирсэн. Одоо би 4 охинтойгоо амьдардаг. Оюутан хүүхдүүдтэй, би өөрөө цэцэрлэгт ажилладаг. Иймд МШӨвчний учраас 10,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б овогтой Б нь 1972.06.28-нд ууган хүү болж төрж өссөн билээ. Тус суманд 2 дугаар 10 жилийг 1980-1990 онд сурч боловсрон төгсөж, 1990 онд Дархан-Уул аймгийн Техникийн коллеж /Политехникум/-г 1993 онд Уулын цахилгаан механикийн ангийг техник мэргэжлээр төгссөн. Сумандаа ирж “Ш.г” хувьцаат компанид орж 1993-2002 онуудад Нэгдсэн засварын газар наладчик, 2002-2003 онд “Б” ХХК-д наладчик, 2003-2005 Цахилгаан шугам сүлжээний хэсэгт наладчик, 2005-2009 он хүртэлх хугацаанд Цахилгаан шугам сүлжээний хэсгийн даргаар ажиллаж байгаад 2009 оны  07 дугаар сард МШӨ-ний улмаас группт гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т зааснаар ар гэрт нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах талаар “Ш.г” ХК-ийн холбогдох хүмүүст өргөдөл гаргасан боловч тус компаниас олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүнийг гэр бүл, үр хүүхдүүд бид үл зөвшөөрч байгаа тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 10,800,000 төгрөгийг гэр бүл үр хүүхдүүдэд нь олгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Х 2020.02.05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Б-ын Б 2018.03.08-ны өдөр нас барсан. 1993-2002 нэгдсэн засварын газарт наладчик,  ... мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 36 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахаар бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэтэл байгууллагаас сарын цалинг 140,000 төгрөгөөр бодож нөхөх олговор олгосон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим үед 300,000-850,000 төгрөгийн өссөн хэмжээний цалинг авдаг байсан.

Хариуцагчийн тайлбар нь хуульд нийцэхгүй тайлбар байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтны ар гэрт олгох ёстой. Талийгаач нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2009.07.27-нд группд ороод, уг өвчнөөрөө нас барсан. Энэ талаарх нотлох баримтыг гарган өгсөн, хавтаст хэргийн 42 дугаар хуудаст бий. Мөн нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох бичиг баримтыг гарган өгсөн. Иймээс сарын цалинг дундажлан 300,000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан нөхөн төлбөр нь компанийн ажилтанд буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй ажилтанд хамааралтай юм. Иймд шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлгч Ө.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“... Би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй болно. Эзгүйд шүүх хуралдаан хийж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х нь “Ш.г” ХК-нд холбогдуулан “Нөхөн төлбөр 10,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Х нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ажилтан Б.Бгийн гэр бүл болох нь гэрлэлтийн 10 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 11, 41-47, 56-81 дүгээр хуудас/

Б.Б нь “Ш.г” ХК-д 1993 оны 04 дүгээр сарын 15-аас наладчик, цахилгаан шугам сүлжээний хэсгийн даргаар машинчаар ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 40 хувь алдаж группт  орон,  улмаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-8-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоолгон акттай байх үедээ нас барсан байна. /хэргийн 11, 41-47, 56-81 дүгээр хуудас/

Иймд А.Х нь Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан Б.Б нь “Ш.г” ХК-д наладчик, цахилгаан шугам сүлжээний хэсгийн даргаар машинчаар ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 40 хувь алдаж группт орон, эмнэлэгийн хяналтад байж 2018 оны 07 дугаар сарын 17 хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоосон байсан нь өвчний түүх, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, мөн өвчний улмаас нас барсан тухай УНТ эмнэлэгийн “нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, эрүүл мэндийн карт” Ш.г сумын Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын “тоосжилтын шалтгааны гуурсан хоолойн архаг үрэвсэл, амьсгалын дутагдалын 1 дүгээр зэрэг, уушиг, зүрхний өвчний учир нас барсан” гэх шийдвэр зэргээр нотлогдож байна.

 Б.Б нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 45 хувиар группт орсон нь нотлогдож байгаа бөгөөд түүнд ажил олгогч “Ш.г” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 241 тоот   “хөдөлмөрийн гэрээ цуцалж нөхөн төлбөр олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон Цахилгаан сүлжээний хэсгийн дарга Б овогтой Бгийн хөдөлмөрийн гэрээг 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгож, 7 сарын цалинтай 21,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгож байснаар нотлогдож байгаа, эмнэлэгийн хяналтад байж жил бүр хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг тогтоолгож байсан байна.

Энэ нь ажил олгогч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д заасан ...“үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгон гэсэн заалтын дагуу нөхөн төлбөрийг хуульд зааснаар  олгосон бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг шаардахад саад болохгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй байна.

Иймд  Б.Б нь  ажиллаж байх үедээ мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилөн 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 40 хувь алдаж ажлаас чөлөөлөгдөж байсан нь нотлогдсон тул түүний ар гэр А.Хад 2007-2008 онд авч байсан цалингийн дундаж 300,000 төгрөгийг       36 сараар тооцон 10,800,000 төгрөгийг “Ш.г” ХК-аас гаргуулан олгох үндэслэлтэй байна. /НДД дэвтэр 691697 хэргийн 79-81 хуудас /

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нөхөн төлбөр нь компанийн ажилтанд буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй ажилтанд хамааралтай” гэсэн тайлбар нь дээрх үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байгаа, Хөдөлмөрийн хуулийн дагуу зохих  ажил олгогч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тухайн үед нь биелүүлсэн нөхөн төлбөрийг олгож байсан  тул,  “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх болон татгалзалын үндэс болсон  ажил олгогч байгууллагын сарын хөдөлмөрийн хөлсийг 144,000 төгрөгөөр тооцох талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нас барсан тохиолдол бий болсон тул хуульд заасан нөхөн төлбөрийг шаардах, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлгч Ө.Э “... Би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй болно. Эзгүйд шүүх хуралдаан хийж өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн тул түүний оролцоогүйгээр шүүх хуралдаан хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-т зааснаар “Ш.г“ХК-аас 10,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураажмийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Х тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “Ш.г“ ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 187.750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ