Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/813

 

 

 

 

 

 

    2023          10           17                                    2023/ШЦТ/813

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/

Шүүгдэгч: Р.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Р******* Б*******т холбогдох 2305008060747 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******74 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хишиг арвин ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Р******* Б******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Б******* нь “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М*******ын эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Б******* нь “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М*******ын эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******ийн “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305008060747 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.М*******ын хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн зүүн хаалганы орчим дэлгүүрээс нэг шил архи аваад гараад явж байхад нэг залуу ирээд эгчээ шартаад байна ганц татуулчихаач гэсэн. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйд авч ясван архинаасаа нэг татуулчихаад байж байхад эгчээ утсаа өгөөч нэг ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 2022 онд 750,000 төгрөгөөр худалдан авч айсан Самсунг А-13 загварын цагаан өнгөтэй гар утсаа гаргаж ирээд тухайн залууд өгтөл аваад зугтаачихсан. Тэгэхээр нь би миний гар утсыг аваад зугтаачихлаа гээд орилтол нэг танихгүй тэр хавиар явж байсан бололтой эрэгтэй хүн араас нь хөөж очоод миний гар утсыг аваад зугтаасан эрэгтэйг бариад авсан юм. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-723 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Б*******ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Гандантэгчилэн хийдийн зүүн хаалганы орчим байдаг нэрийг нь сайн санахгүй байна дэлгүүрийн гадаа байж байхад уг дэлгүүрээс нэг настай эгч архи аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би тухайн эгчийн гартаа барьж байсан архинаас нь гуйж байгаад нэг татчихаад утсаа өгч байгаач нэг яриатхая гэж хэлээд утсаа өгөхөөр нь аваад зугтаасан. Зугтааж яваад тухайн гар утсыг хаячихсан байсан. Тэр үед нэг эрэгтэй намайг араас хөөж ирээд намайг бариад цагдаад дуудлага өгсөн. Би тухайн гар утсыг зараад ммөнгө олж архи уух гэж авч зугтаасан юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Б*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Р.Б******* нь “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М*******ын эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч Р.Б*******ийн мэдүүлэг, хохирогч Г.М*******ын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-723 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Р.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Р.Б*******ийн “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М*******ын эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Р.Б*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Р.Б******* нь хохирогч Г.М*******д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Б******* нь “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М*******ын эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Р.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Р.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 30 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч Р.Б*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Р.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Р.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч Р.Б*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Р******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоосугай

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Б*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Р.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ