Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Шүүгдэгч Д.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогооч овогт Даваасамбуугийн Сайнбаярт холбогдох эрүүгийн 201710010021 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, Цоолгонт гэх газарт нутгалдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Тогооч овогт Даваасамбуугийн Сайнбаяр /РД: ЕГ78062115/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Д.Сайнбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цоолгонт гэх газар нутаглах малчин Х.Бат-Идэрийн гэрт согтуугаар Н.Хишигтoгтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн тохойн тус газар архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Сайнбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой Х.Бат-Идэрийн гэрт очсон. Улсын мал тооллог дуусаад бүгд уулзая гэж тохиролцоод Бат-Идэрийнд очсон юм. Тэнд очоод мал тоолуулсан тухай болон бусад зүйлийн талаар ярьж байтал Хишигтогтох хэл амаар доромжлоод байсан. Би болье гэж хэлтэл миний дээлний мөрнөөс татаад гарч уулзая гээд байсан. Тэгээд би түүнийг өөрөөсөө холдуулах санаатай хөлөөрөө гэдэс рүү нь жийсэн. Тэгээд сууж байтал дахин ирж  дээлнээс татаж дээлний суг урсан тэгээд би уур хүрээд хажууд байсан архины шил аваад далаатал Хишигтогтох зүүн гараа өргөөд цохиулсан. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 300.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн гэв.     

- Хохирогч Н.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ....2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комисст малаа тоолуулчихаад саахалт айл Батбаярын гэрт Багабаяр, Батбаяр нарын хамт 2 шил тал архи хувааж уусан. Тэгээд бид хэд Бат-Идэрийн гэрт дахиад нэг архи хувааж уугаад сууж байтал гаднаас Сайнбаяр эхнэр хүүхдийн хамт архитай орж ирсэн. Ингээд бид хоорондоо юм яриад сууж байтал Цэрэнханд яриан дундуур орж ирээд Сайнбаяр намайг өвлийн хүйтэнд малтай маань хаяад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сайнбаярыг чи авгайгаа яагаад өвлийн хүйтэнд хаяад явчихсан юм гэтэл чамд миний амьдрал ямар хамаатай юм гээд надад уурласан байдал гаргахаар нь хоорондоо бага зэрэг маргалдаад чимээгүй болсон. Тэгээд би зуухны хажууд гал түлээд сууж байтал Сайнбаяр гэрийн баруун хойноос босч ирээд миний гэдэс рүү хөлөөрөө жийхээр нь босч ирээд чи яасан надтай үзэх гээд байна уу гарч үзэх үү гэтэл Сайнбаяр ууж байсан архины шилээ газраас аваад миний толгой руу цохих гээд далайхаар нь зүүн гараараа хаатал тохойн тус газар цохиж таарсан. Тухайн үед архины шил хагараагүй бөгөөд зүүн гарын тохойны цохиулсан хэсгээс 1 см-н хэмжээтэй язарч цус гарахаар нь өмсөж байсан футболкоо ураад шархыг боосон. Харин Батбаяр эхнэр хүүхдээ аваад гэртээ харьсан. Би Багабаярын гэрт очиж хоносон. Өглөө сэрэхэд миний зүүн гар хавдчихсан хөдөлж болохгүй байхаар нь Сайнбаярт энэ талаараа хэлээд Багабаярын хамт Сайншанд сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд зөөлөн эдийн бяцрал, тохойн ясны хугаралтай гэж эмч хэлсэн. Ингээд би Сайнбаярт зүүн гарын тохойн яс хугарсан талаараа утсаар хэлэхэд энэ талаараа цагдаад битгий хэлээрэй гээд эмчилгээний зардал мөнгийг өгнө гэсэн. ...Одоо надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр өгсөн гэжээ. /хх-ийн 10-11/

-Гэрч Х.Багабаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр малаа тоолуулж дуусаад Бат-Идэрийнд орой цугалж тооллогны хүмүүст задалж өгөөд дуусаагүй архинаас ууж ярьж сууцгаасан юм. Архиа ууж дуусаагүй байсан Хишигтогтох ширээний баруун хойно газар суучихсан. Сайнбаяр ширээний баруун талд сандал дээр сууж байсан. Тэгээд архи дууссаны дараа Хишигтoгтох, Сайнбаяр 2 маргалдаж эхэлсэн. Маргааны эхлэлийг Хишигтогтох тавьсан. Тэр Сайнбаярт чи авгайгаа хаяад явдаг хүн гээд янз бүрийн юм яриад тэр 2 маргалдаж байгаад Сайнбаяр босоод гэрийн зүүн талын орны хөл рүү очоод суучихсан. Тэгээд Бат-Идэр гарч бие засна гээд гарсан. Хишигтогтох гэрээс гараад үзчихье гээд Сайнбаяр луу агсараад ноосон цамцаа тайлаад босоод гэрийн баруун талын урд талд очсон. Тэгтэл Сайнбаяр сууж байсан орон дээрээсээ босоод дэргэд байсан архины хоосон шилийг аваад Хишигтогтохыг цохьсон гэжээ. /хх-ийн 21/

-Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өргөн сумаас гарсан. Улсын мал тооллогын комисс Өргөн сумын 1 дүгээр багийн Цоолгонт хавийн айлуудын малыг тоолж дуусаад явсан. Тэгээд хоорондоо утсаар холбогдож малаа хашчихаад Бат-Идэрийнд цугалж тооллогын комиссынхонд задалж өгөөд уугаагүй үлдсэн архиудаа нийлүүлж орой зурагт үзэнгээ ууцгаая гэж ярилцсан юм. 16 цаг өнгөрөөгөөд Багабаяр, Хишигтогтох нар мотоцикльтой манайхаар дайраад Бат-Идэрийх руу явсан. Би араас нь тэвштэй машинтайгаа очсон юм. Дараах нь зүүнтэйгээс Сайнбаяр эхнэр Цэрэнхандын хамт мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд Бат-Идэр, Багабаяр, Сайнбаяр манайх гээд нийт 4 айлаас үлдсэн 4 хагас шил архиа ууцгаасан. Бүгдээрээ задалсан 0,75 литрийн архи байсан. ....Бат-Идэр тэжээж байгаа морь малын талаар ярьж байсан юм. Хишигтогтох ширээний баруун хойно газар суучихсан, Сайнбаяр ширээний баруун талд сандалтай сууж байсан чинь Хишигтогтох, Сайнбаярт янз  бүрийн юм яриад тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би Бат-Идэртэй ширээний зүүн хойно юм яриад сууж байсан учир нарийн сайн сонсоогүй. Тэгтэл Сайнбаяр юм ярилгүй тэндээсээ босоод гэрийн зүүн талын орон дээр очоод суучихсан чинь Хишигтогтох ямар овоо пацаан бэ, гэрээс гарч зодолдоё гээд байсан. Тэгэхэд нь Бат-Идэр гарч бие засчихаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгтэл Хишигтогтох цамцаа тайлаад футболктойгоо босоод ирсэн. Сайнбаяр ч зүүн орон дээрээс босч ирээд аргалын хайрцагны хажууд байсан архины шилийг аваад цохиход Хишигтогтох зүүн гараараа хаасан юм. Тэгэхэд архины шил хагараагүй.  Би араас нь босч Сайнбаярыг барьж авсан... Тэгээд Сайнбаярыг эхнэр Цэрэнхандтай нь машинаараа гэр лүү нь хүргэж өгчихөөд гэр лүүгээ харьсан. ...харин маргааш нь Багабаяр Хишигтогтохын гарыг эмнэлэгт үзүүлнэ гээд мотоцикльд сундлаад аваад явж байхдаа манайхаар дайраад гарсан. Тэгэхэд Сайнбаяр гарыг нь архины шилээр цохисноос болж гар нь өвдөөд урьд шөнө унтсангүй, Сайншандад эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гэж байсан гэжээ. /хх-ийн 26-27/

-Шинжээчийн 48 тоот дүгнэлт: 1.Н.Хишигтогтохын биед зүүн тохойн сэртэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 31/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 32-36/

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/  

-Шүүгдэгч Д.Сайнбаярын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-52/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Д.Сайнбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цоолгонт гэх газар нутаглах малчин Х.Бат-Идэрийн гэрт Н.Хишигтoгтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн тохойн тус газар архины шилээр цохиж зүүн тохойн сэртэн ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Хишигтогтохын “...ууж байсан архины шилээ газраас аваад миний толгой руу цохих гээд далайхаар нь зүүн гараараа хаатал тохойн тус газар цохиж таарсан. Тухайн үед архины шил хагараагүй бөгөөд зүүн гарын тохойны цохиулсан хэсгээс 1 см-н хэмжээтэй язарч цус гарахаар нь өмсөж байсан футболкоо ураад шархыг боосон. ...Одоо надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Х.Багабаярын “...Хишигтoгтох, Сайнбаяр 2 маргалдаж эхэлсэн. Маргааны эхлэлийг Хишигтогтох тавьсан. Тэр Сайнбаярт чи авгайгаа хаяад явдаг хүн гээд янз бүрийн юм яриад тэр 2 маргалдаж байгаад Сайнбаяр босоод гэрийн зүүн талын орны хөл рүү очоод суучихсан. Тэгээд Бат-Идэр гарч бие засна гээд гарсан. Хишигтогтох гэрээс гараад үзчихье гээд Сайнбаяр луу агсараад ноосон цамцаа тайлаад босоод гэрийн баруун талын урд талд очсон. Тэгтэл Сайнбаяр сууж байсан орон дээрээсээ босоод дэргэд байсан архины хоосон шилийг аваад Хишигтогтохыг цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Батбаярын “...Хишигтогтох Сайнбаярт янз бүрийн юм яриад тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би Бат-Идэртэй ширээний зүүн хойно юм яриад сууж байсан учир нарийн сайн сонсоогүй. Тэгтэл Сайнбаяр юм ярилгүй тэндээсээ босоод гэрийн зүүн талын орон дээр очоод суучихсан чинь Хишигтогтох ямар овоо пацаан бэ, гэрээс гарч зодолдоё гээд байсан. Тэгэхэд нь Бат-Идэр гарч бие засчихаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгтэл Хишигтогтох цамцаа тайлаад футболктойгоо босоод ирсэн. Сайнбаяр ч зүүн орон дээрээс босч ирээд аргалын хайрцагны хажууд байсан архины шилийг аваад цохиход Хишигтогтох зүүн гараараа хаасан юм.” гэх мэдүүлэг, шинжээчийн 48 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь хэрэг гарсан өдрийг 2016 оны 12 сарын 10 гэж мэдүүлж байсан боловч хохирогч Н.Хишигтогтохыг 2017 оны 02 сарын 10-ны өдөр дахин хохирогчоор байцаахад хэрэг 12 сарын 11-ний өдөр гарсан болохоо мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11/, Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 32-36/ зэргээр хэрэг 2016 оны 12 сарын 11-ний орой гарсан нь батлагдаж байна гэж үзлээ.     

Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн, согтуурсан үедээ хэрэг үйлдсэн, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогооч овгийн Даваасамбуугийн Сайнбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Даваасамбуугийн Сайнбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сайнбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сайнбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Д.Сайнбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА