Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

  2020            4              21                                          2020/ДШМ/490

 

 

Ц.Б-өд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808019541564 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өндөрийнхөн овгийн Ц.Б, 19.. оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ............суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 245 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 382 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 24 хоногийг өршөөсөн,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэснийг Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай магадлалаар 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан;

Ц.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан Хангай” караокены хаалгыг эвдэн орж караокены 2 ширхэг төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-өд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б- гаргасан гомдолдоо: “...Миний бие өөрийн хүү болох Өнө-Болдтой хамт хоёул амьдардаг. Миний хүү Өнө-Болд нь одоо 15 настай бөгөөд                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                9 дүгээр ангид сурдаг. Миний хүүг одоогоор асран халамжлах хүнгүй. Би ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ авч явдаг байсан. Тус хэрэгт бусдад төлөх төлбөргүй. Иймд миний хувийн байдал, төлбөр тооцоогүй байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг гуйж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Ц.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Энэ байр суурь одоог хүртэл хэвээрээ байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “өмгөөлөгч маргасан учир шүүгдэгч Ц.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэхгүй” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж маргасныг шүүгдэгчид халдааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор А.Тунгалагтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хавтас хэрэгт зөрүүгүй мэдүүлдэг. Шүүхийн шатанд ч мөн зөрүүгүй мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан Хангай” караокены хаалгыг эвдэн орж караокены 2 ширхэг төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цэгмидийн “... Батмөнх гэх залуутай хамт засвар хийж байгаад 17 цагийн үед хаалгаа цоожлоод маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр караокены урд хаалгаар дотогш ортол караокены арын хаалга эвдэрсэн байдалтай  байхаар нь эд зүйлээ шалгатал манай караокены төхөөрөмж хулгайд алдагдсан байсан. ...” /хх 26/,

Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “... дахиж архи уумаар санагдаад мөнгө байхгүй байсан учир тухайн барилгын хойд хаалгыг нь хөшиж татаж онгойлгоод дотогш орж нийтийн том заалны текэн дээр байсан хоёр ширхэг караокены төхөөрөмжийг дангаар нь авсан. ... гудамжинд явж байсан явуулын хүнд зарсан учир хэнд зарснаа мэдэхгүй, нийлүүлээд 50.000 төгрөгөөр зарчихсан. ...” /хх 160/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн караокены төхөөрөмжийг 920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27-29/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу  анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон буюу шүүгдэгч Ц.Б-ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Ц.Б-ийн хохирогч Б.Цэгмидийн караокены үйл ажиллагаа явуулдаг байшингийн хаалгыг хөшиж онгойлгон 920.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б- “...бусдад төлөх төлбөргүй болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Б-өд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ