Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0345

 

М.Е-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч М.Е

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслахад албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 110/2025/0081/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Е-ээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслахад албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслахад албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

“...3.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тухайн өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын харьяа Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын харьяа Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчийн албан тушаалд тухайн өдрөөс түр томилж, туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, дараа нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул би нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүгчийн 2025 оны 04 дүээр сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00347 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хээгсэхгүй болгосон.

Би үүний дагуу үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байхад 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим бүтэц, орон тоог цөөрүүлэх болох хасах болсон тул таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаач чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас өгсөн.

Дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” Б/91 дүгээр тушаалаар тухайн өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/80, А/132, А/60 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-ын 6.2-т “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлын төсвийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь жил бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлөн төсөвлөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-д заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өргөн мэдүүлнэ”, 6.3-т “Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь энэ журмын 6.2-т заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу хэлэлцэн батлана” гэж журамласан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх” гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлдын чиг үүргийг хуульчилсан.

Хууль, журмын дээрх зохицуулалтуудын хүрээнд тус төвийн орон тоог баталж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 тоот тушаалаар шинэчлэн баталж, эрхлэгч, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан, багш, үйлчлэгч тус тус нэг, бүгд 6 орон тоотой баталсан.

Дээрх хууль, журам хүчин төгөлдөр үйлчилж байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн санг бууруулж баталсан гэх үндэслэлээр орон тоог хасаж, улмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгтр ажлаас чөлөөлж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн барилга нь аймгийн Цагдаагийн газрын хашаан дотор 2018 онд Жайка төсөл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд бид тухайн байрыг түшиглэж хохирогчдод үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайн байр нь том хүнд үйлчилгээ үзүүлэх 6 ортой 2, хүүхдэд үйлчилгээ үзүүлэх 6 ортой 2 өрөөтэй, гал тогоо, сургалтын танхим, эмчийн үзлэгийн өрөө, сэтгэл зүйчийн өрөөтэй, иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангасан.

2025 онд Deseret олон улсын байгууллагын 23 678 800 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ор, цагаан хэрэглэл, ширээ сандал, цахилгаан хэрэгсэл зэрэг зүйлсээр хангасан.

Тус төв нь 2024 онд 104, 2025 оны 10 дугаар сарын байдлаар 48 хохирогчийг байрлуулж үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээтэй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг байхгүй болгосноор иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, тэдний туслалцаа авах эрх нь зөрчигдөх нөхцөл бүрдэнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга тус төвийн орон тоог хасах шийдвэр гаргахдаа Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2 дахь хэсгийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийнх Хурлын ээлжит V хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийгдэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн санг бууруулж баталсантай хоблогдуулан байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх үндэслэлийг заасан байна.

Энэ нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн санд ямар ч хамааралгүй.

Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн үйлчилгээ үзүүлэх зардлын төсвийг тухайн шатны Засаг дарга жил бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлан төлөвлөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-д заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх ёстой.

Тухайн шатны хурал нь өргөн мэдүүлсэн төсвийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу хэлэлцэн батлах ёстой.

Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн санг бууруулж баталсан гэх үндэслэлээр тус төвийн орон тоог хасаж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болно.

3.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байрны шинжилгээний тайлан гаргасан.

Дээрх тайлан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба тухайн тайлангийн санал зөвлөмжийн 10-д гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах чиг үүргийн уялдаа холбоог хангах зорилгоор манай төвийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шилжүүлэх санал дүгнэлт гаргасан.

Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3-02/778 тоот албан бичгээр Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хандаж, тус газар 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 195 тоот албан бичгээр харьяалалд авах боломжтой талаар хариу ирүүлсэн.

Дараа нь Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/285 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг төвийн байрыг эд хөрөнгийн хамт хүлээж авсан.

Одоо тус төв нь Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяанд ажиллаж байгаа ба Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалаар нэг сэтгэл зүйч, хоёр түр хамгаалах байрны нийгмийн ажилтны орон тоог баталж, дээрх орон тоонуудад гаднаас хүмүүс авч ажиллуулж байгаа юм байна.

Хэрэв тухайн үед хариуцагч бидний орон тоог хасахгүйгээр хамгаалах байрны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хамт тус газарт шилжүүлж өгсөн бол бид тэнд ажилтай болох бүрэн боломжтой байсан.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлууд, түүнд холбогдох нотлох баримтуудад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч М.Е-ээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслахад албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамжаар 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2 дахь заалтын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн төсвийн тодотгол хийж, төрийн байгууллагуудын төсвийн цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бол аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын А/43 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог тус тус шинэчлэн баталсан байна.

2.3. Нэхэмжлэгч М.Е-ийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд дээр дурдсан захирамж, тушаалуудаар түүний ажиллаж байсан “Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгч”-ийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

2.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч М.Е-т 2 834 000 төгрөгийн тэтгэмжийг ажил олгогчоос 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн, тус төвд ажиллаж байсан бусад ажилтнуудаас төвийн бүтэц, орон тоог Тамгын газрын бүтцэд оруулж батлаагүй, хассантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь тус тус тогтоогдсон, ... Хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг  төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар заасан, харин эрхлэгчийг ажиллуулахаар зохицуулаагүй бөгөөд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын даргын тус Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог баталсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул уг маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэг цэгийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.Е-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.

2.5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны актад холбогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

2.6. Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалууд нь гагцхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар М.Е-ээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслахад албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН