Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1720

 

 Н.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00841 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Х” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 377 910 төгрөг, алданги 1 074 403 төгрөг нийт 13 452 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч,  хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд баригдсан “50 хүүхдийн цэцэрлэг барилга”-ын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Т Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай зүгээс гэрээгээр тохирсон ажлыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиалагч талд 100 хувь гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн. Хэнтийгээс Улаанбаатрын хооронд ажлын хөлсөө авахаар 2 жил хөөцөлдөхдөө маш их цаг хугацаа, зардал зарцуулсан байна. Иймд ажлын хөлсны үлдэгдэл 12.377.910 төгрөгийг,  нэг хоногийн алданги 1237 төгрөг байгаа ба үүргийн гүйцэтгэлийг 868 хоног хэтрүүлсэн нь 1.074.403 төгрөг, нийт 13 452 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хэнтий аймаг Мөрөн суманд “50 хүүхдийн цэцэрлэгийн барилга"-ын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Гансүхийн С-тай хамтран ажиллахаар тохирсон, Н.С-н эцэг Б.Гансүх нь тухайн үед манай компанид ерөнхий менежерээр ажил эрхэлдэг бөгөөд Ц.Жаргалсайхан надаас хүү маань банкнаас зээл авах гэсэн юм, ажил гүйцэтгэх гэрээг 19.026.000 төгрөгөөр байгуулаад өгөөч гэж гуйсны дагуу 2015 оны 06/15 тоот гэрээг байгуулсан байдаг. Материалын менежер Д.Мөнгөнтулга нь гэрээнд гарын үсэг зурах этгээд биш юм. Н.С нь гадна цахилгааны ажил гүйцэтгэхдээ өөрийн эцэг Б.Гансүхийн заавраар хамтран ажиллаж байсан бөгөөд материалын урьдчилгаанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эцэг Б.Гансүхийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ төсвөө гаргаж өгөөгүй бөгөөд аман гэрээгээр 9.500.000 төгрөгт тохирсон. Үүнийг дотор заслын ажлын бригадын ахлагч Б.Алтангадас гэрчлэх болно. Н.С-н бодит гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь барилгын зургийн дагуу хяналтын төсвийн тоо хэмжээнээс бага ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлаа албан ёсоор бичиж өгөөгүй болно. Манай компани урьдчилгаа 5.000.000 төгрөг эцэг Б.Гансүхын дансанд, 100.000 төгрөг Б.Гансүхэд бэлнээр, 700.000 төгрөгийг Н.С-н дансанд, 1.000.000 төгрөг Н.С-н дансанд, 200.000 төгрөг Н.С-т бэлэн, 520.000 төгрөг Болдбаатарт /Гадна гэрэлтүүлэг угсарсаны төлбөр/ , 2.000.000 төгрөг Н.С-н дансанд тус тус ажлын хөлсийг тохирсоны дагуу нийт 9.520.000 төгрөг төлсөн болно. Иймд манай компани Н.С-т төлбөрийн үлдэгдэлгүй болно. Б.Гансүх нь албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хүүд давуу эрх олгон хяналтын төсөв харуулан зээл авах нэрээр хуурамч гэрээ хийж манай компанийг хохироож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн  232.6-д заасныг баримтлан “Т Х” ХХК-аас 8.351.626 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-т олгож, Д.С-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.100.687 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148,576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Т Х” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үүргээ нэхэмжлэгчийн өмнө хүлээх ёстой. Гэвч шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг Б.Гансүхэд хүлээлгэж өгсөнийг Н.С-т хүлээлгэн өгсөн гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...С-н аав Гансүх хариуцагч "Т Х" ХХК-ийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг нь ажлын хөлсийг гүйцэтгэсэнд тооцох үндэс болно" гэж дүгнэсэн ба талуудын тайлбараар Б.Гансүх нь “Т Х” ХХК-ийн дэд захиралаар ажиллаж байсан нь талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссээгүй гэдэг дүгнэлтийг няцааж байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №06/15 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба нэхэмжлэгчид гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх 5.000.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн байна. Нотлох баримтыг үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Т Х” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Т Х" ХХК, иргэн Сүхбаатар нарын хооронд хийсэн "Барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ №06/15 тоот гэрээг хууль бус нэхэмжлэгчийн гуйлтаар хийсэн гэрээ гэдгийг хариуцагч тайлбартаа дурдсан. Үүнийгээ нотлох зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрч асуулгах болон шинжээч томилуулахаар хүсэлт шүүхэд гаргахад шүүхээс хоёр хүсэлтийнхээ нэгийг нь л өг, нэг хүсэлтээсээ татгалз гэхээр нь би татгалзах ёстой юм байх гэж ойлгоод гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан. Гэтэл миний шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангалгүй, шууд хуралдаж шийдвэр гаргасан нь шүүх миний эрх ашгийг шууд хохироосон үйлдэл болсон. Хариуцагч хариу тайлбартаа ажил гүйцэтгэгчид төлөх ёстой гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн барагдуулснаа дурдсаар байтал шүүх энэ асуудлыг огт үнэлж үзэлгүй, нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Хариуцагч гүйцэтгэсэн болон гүйцэтгэх ажлын зураг төслөө ажил гүйцэтгүүлэгч талд өгөхийг тухайн ажил гүйцэтгэх явцад шаардаж байхад юу ч гаргаж өгөлгүй, ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн гэх мэт олон асуудал хөндөгдсөөр байтал шүүх энэ асуудлыг тодруулж шийдээгүй. Нэхэмжлэгч Гансүх манай "Т Х" ХХК-д ерөнхий менежер хийдэг албан тушаалаа ашиглаж, гэрээ хийсэн гэдгийг хариуцагч тал тайлбартаа дурдаж, холбогдох гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус болох үндэслэл болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа "Цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад бэлэн болсон гэж үзэж ашиглалтад... оруулахыг зөвшөөрсөн байна" гэж үзсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Үүнийг ямар нотлох баримтаар шүүх үнэлснээ заагаагүй нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар шийдсэн гэж үзэх нэг үндэслэл болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэрэг хянан шийдвэрлэх боломжоор хангаж, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  Н.С нь хариуцагч “Т Х” ХХК-д холбогдуулж ажлын хөлсний үлдэгдэл 12 377 910 төгрөг, алданги 1 074 403 төгрөг, нийт 13 452 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 06/15 дугаар Барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд баригдаж буй 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 19 026 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон гэрээний агуулга, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, “Т Х” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч, Н.С нь туслан гүйцэтгэгч болох талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд “Т Х” ХХК-ийн менежер Д.Мөнгөнтулга захиалагч талаас гарын үсэг зурсан, “Т Х” ХХК-ийн захирал Ц.Жаргалсайхан уг гэрээг баталж гарын үсэг зурж, тамга дарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоноор байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул Д.Мөнгөнтулга гэрээнд гарын үсэг зурах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 42/2015 тоот актаар барилгын ажлыг 2013 оны 8 дугаар сараас барьж эхэлж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр барьж дууссан ...ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 47-49/

Гэрээнд зааснаар талууд ажлын хөлсийг 19 026 000 төгрөгөөр тохиролцсон ба уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хариуцагч “ажлын хөлсийг тохирсоны дагуу нийт       9 520 000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч 520 000 төгрөгийг Болдбаатар гэгчид өгсөн нь ажлын хөлсөнд тооцогдох үндэсгүй гэж дүгнэсэн нь зөв боловч хариуцагч 5 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Гансүхэд шилжүүлснийг нэхэмжлэгчид ажлын хөлс төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хариуцагч 5 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Гансүхэд шилжүүлснээс хойш зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу Н.С өөр этгээдэд буюу Б.Гансүхэд ажлын хөлс шилжүүлэхийг зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөг бэлнээр, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 700.000 төгрөгийг дансанд, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг дансанд, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг бэлнээр, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансанд тус тус нийт 4 000 000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй ба  хариуцагчаас авах ажлын хөлсний үлдэгдлийг  12 377 910 төгрөг гэж өөрөө тодорхойлж, алданги        1 074 403 төгрөгийн хамт нийт 13 452 300 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан гэрчээр Б.Алтангадас, Д.Бямбаа, Д.Мөнгөнтулга нарыг оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө нэг бүрчлэн тодруулж улмаар хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.