Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 145

 

Ц.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, 201701070082 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ц-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг энэ хэрэгт нь цагаатгаж, Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд Багануур дүүргийн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 04 дүгээр эсэргүүцэлд “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх цагаатгах тогтоолд “Ц.Г нь найз Г.Г-ийг өмөөрч, Б.Б-ыг хүрмээрээ хэд, хэдэн удаа ороолгож цохисны улмаас баруун нүдийг нь хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. Ц.Г энэ хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Ц.Г-ийн эхний үйлдэл нь хүрмээ тайлж баруун гартаа барьж хохирогчийг нэг удаа ороолгосон, энэ үйлдэл 2 минут завсарласны дараа хохирогчийг хүрмээрээ дахин 4 удаа ороолгосон, хохирогч болон гэрчүүд хэргийн сэдэлт, зорилгын талаар Ц.Г нь найз Г.Г-ийг өмөөрч энэ үйлдлийг хийсэн тухай мэдүүлсэн” гэж дүгнэжээ. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар яллагдагч Ц.Г нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Үүнд: Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Б-ийн мэдүүлэг зэрэг баримтаар шүүгдэгч Ц.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл буюу эс үйлдэхүй байдлаар илэрдэг. Ихэвчлэн ахуйн болон мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм горимуудыг ноцтой зөрчсөн, эсхүл сахиагүй зэрэг хамаардаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой” гэж дурджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Г нь хохирогч Б.Б-ын нүдийг сохлох субъектив санаа, зорилго байгаагүй, Б.Батбаатарын эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдэлгүй үйлдсэн байна. Мөн нөгөө талаар Ц.Г нь хүний эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйлийг хэрэглэж хохирогчийн нүд рүү цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг санаатай үйлдэх нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас ойлгож, ухамсарласан, өөрөөр хэлбэл нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг мэдсэн хэрнээ хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байдаг. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Б-ын буруутай үйлдэл нөлөөлсөн байдаг. Камерийн бичлэгт хохирогч Б.Б нь Г.Г, Ц.Г хоёрыг баарнаас гарч ирэх үед араас нь ирж толгой руу нь цохисноос Г.Г нь эргэж харж Б.Б-тай зодолдох гэхээр нь Ц.Г тэр хоёрыг зодолдуулахгүйн тулд холдуулах зорилгоор гартаа барьсан хүрэмээрээ 3-4 удаа эргүүлж савсан, тодруулбал хохирогч Б.Б-ыг ойртож, довтлох тоолонгоор хүрэмээ савж, эргүүлсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд Ц.Г нь Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ. Ц.Г-ийн хувьд хохирол, хор уршиг учрахыг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж дүгнэх бүрэн боломжтой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Г-ийн гэм бурууг санаатай гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалуудыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй дүгнэсэн. Ц.Г-ийн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцэхгүй, тохироогүй тул шүүх хэргийг цагаатгасан. Энэ асуудал прокурорын буруутай үйлдлээс үүссэн. Давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд мөрдөн байцаалт болон прокурор нь хэргийн бодит байдлыг шалгаж тогтоох ёстой байтал бүрэн дүүрэн тогтоож, хэргийг шүүхэд ирүүлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тусгасан. Санаатай гэмт хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэж, хэргийг буруу зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь алдаа болсон. Анхан шатны шүүх болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг нь цагаатгаж хэргийг дахин тогтоож, шалгах үүргийг прокурорт хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 3-д зааснаар хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохыг дэмжиж байна. Гэхдээ анхан шатны шүүх Ц.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн цагаатгасан үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэж шүүх дүгнэсэн. Ц.Г-д холбогдох хэргийг цагаатгаж, прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир хэргийг урьдчилсан  хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Багануур дүүргийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ц.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч нь хохирогч Б.Б-ыг хүрмээрээ ороолгож цохисны улмаас түүний баруун нүдийг хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж, Ц.Г-ийг цагаатгаж, прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны гадна Б.Б-г хүрмээрээ савж баруун талын нүдийг нь сохолж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх эсхүл аргагүй хамгаалалт хэрэглэсэн эсэх асуудлыг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН