Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 345

 

Г.А, “С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Д.Батжаргал, өмгөөлөгч Л.Даваасүрэн, нэхэмжлэгч Г.А-ын өмгөөлөгч Л.Очбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнээ, М.Амарнасаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0367 дугаар магадлалтай, Г.А, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар иргэн Г.А, “С” ХХК-ийн захирал Б.Батжаргал нарын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Баттулга, С.Төмөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан мөн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0367 дугаар магадлалаар: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын давж заалдах гомдлыг буцааж,

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “С” ХХК-ний “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн Б.Баттулга, С.Төмөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь, “С” ХХК-ний “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2,3 дахь заалтын дугаарыг 3,4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК, Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас бүрэн дүгнээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч Г.А-ын зүгээс урьд нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 дүгээр шийдвэртэй хэрэгт хэргийн оролцогчоор оролцож байгаагүй болно. Иймд Г.А-ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр М ХХК-д олгосон газрын дулааны төв шугам байрлаж байгаа газартай залгаа хэсгээр тодруулбал “С” ХХК-ийн эзэмшлийн бохирын шугам төв шугамтай холбогдох хэсэгтэй 3-аас 4 метр газраар давхцаж байгаа хэдий ч энэ нь М ХХК-ийн төлөвлөсөн барилгажих талбайд ороогүй байгаа нь “С” ХХК-ийн дулааны шугам сүлжээний аюулгүй байдал нэхэмжлэгч нарын бохирын шугам ашиглах эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Өнөөдрийн байдлаар “С” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа дулаан болон бохирын шугамын аюулгүй байдал алдагдахаар нөхцөл байдал үүсээд байхад шүүх эсрэгээр нь аюулгүй байдал алдагдахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/3908 дугаартай дүгнэлтээр Нийслэлийн Засаг дарга нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаартай захирамжаар М ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо хэд хэдэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, шугам сүлжээний аюулгүй байдал алдагдахаар байгаа талаарх тодорхой дүгнэлт гаргасан байхад шүүх дүгнээгүй, нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

М ХХК-ийн зүгээс “С” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11/2016 дугаартай албан бичиг болон удаа дараагийн шаардлагаар бохирын дулаан болон бохирын шугамыг зайлуулах буюу нийтийн эзэмшлийн талбайд байрлуулна гэсэн албан шаардлага бүхий бичгээр тогтоогдоод байхад аюулгүй байдал алдагдахгүй, шугам сүлжээний хэрэглэгч, ашиглагчийн эрх зөрчигдөхөөргүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг маань хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч Г.А миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны өмнөх өдөр өгсөн байсан боловч анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр энэхүү хүсэлттэй танилцаж хангахгүй орхиж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.3 дэх хэсэгт заасан үндэслэл илэрч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.А, “С” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Баттулга, С.Төмөр нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Маргаан бүхий 2007 оны 370 дугаар захирамжаар өмнө нь өмчилсөн газрын кадастрыг өөрчилсөнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Орхоны 1-р гудамжны 31 тоот хашааны 310 мкв газрыг Б.Баттулгад, 32 тоот хашааны 584 мкв газрыг С.Төмөрт тус тус нэмэгдүүлэн өмчлүүлсэн, тухайн иргэд уг газраа С.Алтантуяад шилжүүлснээр тэрээр 25-29, 31а, 32 тоотуудын өмчлөгч болон тухайн газраа орон сууц барихаар “Энх ертөнц” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар “Энх ертөнц” ХХК-д 3372 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ.

Улмаар дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар “Энх ертөнц” ХХК-д 1063 мкв, Б.Баттулгад 1210 мкв, С.Алтантуяад 1099 мкв-аар тус тус хувааж эзэмшүүлсний дараа маргаан бүхий 2015 оны А/595 дугаар захирамжаар М ХХК-д сургалтын зориулалтаар 3372 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нараас дээрх маргаан бүхий 2 захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ “...урд талын 31, 32 тоотын айлуудын хашаагаа сунгаснаас гудамж нарийн болж эрүүл, аюугүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, ....”С” ХХК-ийн ашиглаж байгаа дулааны шугам, бохир ус зайлуулах шугам сүлжээнд давхцуулан М ХХК-д газар эзэмшүүлсэн..., ...манай шугамыг шилжүүлэх шаардлага тавьж байгаа...” гэж тайлбарлажээ.

“С” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн Б.Баттулга, С.Төмөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 шийдвэр хүчин төгөлдөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Г.А-ын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх дээрх захирамжийн улмаас зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, дээрх 454 дүгээр шийдвэр түүнд хамааралгүй байхад анхан шатны шүүх түүний энэ захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нарын хөрш зэргэлдээх газар буюу 2004 оноос Б.Баттулга, С.Төмөр нарт өмчлүүлж, улмаар бусад этгээдэд удаа дараа шилжиж байсан газрыг 2015 оны А/595 дугаар захирамжаар М ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг шүүхүүд тодорхой дүгнэжээ.  

Тодруулбал, нэхэмжлэгч “С” ХХК-аас нэхэмжлэлийн үндэслэлээ бохирын шугам, сүлжээ шилжүүлэхтэй холбогдуулан, эрх ашиг хөндөгдсөн хэмээн тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/704 албан бичигт нэхэмжлэгчийн ашиглаж буй шугам сүлжээг “...1988 оноос ашиглаж ирсэн, ...дундын өмчлөлд байдаг...” талаар дурдсан, тухайн шугам сүлжээ бүхий газар нь нийтийн эзэмшилд байдаг талаар хэргийн оролцогчдоос тайлбарласан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй зэргээс үзэхэд шугам сүлжээ ашиглахтай холбоотой асуудал нь хариуцагчийн газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжтай хамааралгүй болно. 

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнээ “... нэхэмжлэгч талын маргаж байгаа бохирын шугам нь бохир ус цуглуулах шугам буюу дундын шугам юм. Үүнийг холдуулахгүй байх нь нэгэнт хууль зөрчөөгүй, техникийн нөхцөл авахад ямар нэг байдлаар саад болохгүй, зөөх шаардлагагүй болсон...” гэж тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

“С” ХХК-ийн нэхэмжлэлээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу удаа дараагийн шүүх хуралдаанд шүүхээс хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарласан, мөн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн дээрх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын хүсэлтийг хэрэгсэхгүй болгон түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 Иймд нэхэмжлэгч нарын “...шүүх нотлох баримт үнэлээгүй,... нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрхийг хязгаарласан,... итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхийг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0367 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ