Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00091/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар  баг, ... тоотод оршин суух, Б овогт Г.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...  аймаг, ... сум, ... дугаар  баг, ... тоотод оршин суух, Б овогт Ц.Б-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь нөхөр Баттулгатай 2010 онд танилцаж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2011 оны 10 дугар сарын 28-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 11-нд том хүү Б.Т, 2014 оны 02 дугаар сарын 22-нд бага хүү Б.С нар төрсөн. Нөхөр Баттулга нь сүүлийн жилүүдэд ажил хамт олон найз нөхөдтэйгөө архи ууж улмаар гэр оронд ирж агсан согтуу тавьж гадуур хонодог болсон. Г.Н миний биед хэд хэдэн удаа гар хүрч энэ байдлууд олон дахин давтамжтайгаар үйлдэгдэж, бидний харьцаа хөндийрч, гэр бүлийн гадуур харилцаа бий болсон. Одоогоор тус тусын амьдралаа хөөж гэр бүлтэй болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Иймээс гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Ц.Б нь Гансүх овогтой Г.Наас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Иймээс эхнэр болох Г.Нд 2 хүүхдээ асрамжиндаа авах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ц.Бд холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Гэрлэгчид болох Г.Н, Ц.Б нар нь 2010 онд танилцаж, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад албан ёсоор 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Б.Т, 2014 оны 02 дугаар сарын 22-нд хүү Б.Б.С төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоосон, цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Г.Н, Ц.Б нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Б.Т, 2014 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн хүү Б.Б.С нарыг эх Г.Ны асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Г.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ц.Б, эх Г.Н нар нь хүүхдүүд болох Б.Б.Т, Б.Б.С нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Г.Н,  Б овогт Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүү Б.Т, хүү Б.С нарыг эх Г.Ны асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Г.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА