Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/897

 

 

 

 

 

 

    2023            11           23                                      2023/ШЦТ/897

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Билгүүн  

Шүүгдэгч: Д.Соёмбо, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг /ҮД:3245/,

Хохирогч Н.Од, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/,

Иргэдийн төлөөлөгч Г.Цэрэнчимэд,

Шинжээч Б.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авж овогт Дарханбаатарын Соёмбод холбогдох 2305013321000 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 1-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн.

Авж овогт Дарханбаатарын Соёмбо /РД:УК98071937/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Соёмбо нь “...2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны гадна хохирогч Н.Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, элэг, цээжин тус газар гараар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Соёмбо нь “...2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны гадна хохирогч Н.Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, элэг, цээжин тус газар гараар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Соёмбын ”...Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305013321000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Одын хохирогчоор өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 13-ны орой ажлынхантай хүүхдийн 100-д байрлах Бруселд тавуулаа нийлээд 2 том пиво уусан. Бид хэд ууж эхэлж байхад Соёмбо нь би бокс тоглодог гээд зодоон, нүдээний талаар яриад байсан. Тэгэхээр нь би “Чи тав тухгүй болгоод байна, хоёулаа зодолдох уу” гэж би хэлсэн. Тэгэхэд Соёмбо “дахин ийм зүйл ярихгүй” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед бид хэд ажлаас гараад Луна руу орсон. Ороод сөжү уусан. Тухайн үед би 9 хоног амралтгүй ажиллаад маш их ядарсан байсан. Тийм болохоор хурдан тасарсан байх. Тэндээс гараад таксинд Соёмботой хамт байснаа санаж байна. Мөн хальт тэр намайг зодож байсныг санаж байна, би доор нь орсон зодуулж байсан. Тэгээд өөр зүйл санахгүй байна. Өглөөсэрэхэд аавынд байсан. Сэрэхэд толгой хагарах гэж байгаа юм шиг өвдөөд байсан. Бас аав, ээж хоёр санаа нь зовсон байдалтай байсан. Тэгээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Эмч үзээд намайг шууд хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтсэн. Соёмбо нь нэг удаа эмнэлэг дээр ирж уулзсан. Тэр үедээ “хэрэгтэй юм юу байна” гэж асууж байсан. Дараа нь эмнэлгээс гарсан байхад нэг уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Хонгорзулын гэрчээр өгсөн “...Надад хэлэхдээ бид хоёр зодолдох нь зодолдсон. Гэхдээ зүв зүгээр гэрт нь оруулж өгсөн. Би Одыг гэртээ дагуулж ороод нүүрийг нь угаагаад хувцсыг нь солиод хүргэж өгсөн. Ээж “хар шөнө цус нөжтэй согтуу хүн орж ирлээ гээд хөөсөн” гэж хэлсэн. Одыг өөр хүн зодсон байх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг нотолсон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3879 дугаартай шинжээчийн “...Н.Одын биед баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-20 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 939 дугаартай шинжээч нарын “Н.Одын биед баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирчээ. Гавлын баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3879 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 128-132 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Соёмбын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Соёмбод холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Соёмбо нь “...2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны гадна хохирогч Н.Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Н.Одын биед баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулсан...” болох нь хохирогч Н.Одын мэдүүлэг, гэрч Ч.Хонгорзулын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг нотолсон гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3879 болон хэргийн материалаар хийгдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 939 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Баянгол дүүргийн прокуророос 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 544 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 /жар/ хоногоор хойшлуулсан.

  

   Шүүх хуралдааныг хойшлуулсан дээрх хугацаанд хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 939 дугаартай дүгнэлт үйлдэгдсэн байх ба уг дүгнэлтэд хохирогч Н.Одын эрүүл мэндэд учирсан гэмтэл тус бүрийг гэмтлийн хөнгөн, хүнд ангиллаар нь ялган хавтаст хэрэгт хавсаргасан байна.

 

Тодруулбал, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 939 дугаартай шинжээч нарын дүгнэлтээр “Н.Одын биед баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирчээ. Гавлын баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.

 

   Шүүгдэгч Д.Соёмбын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны гадна хохирогч Н.Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, элэг, цээжин тус газар гараар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун талын хөхлөг сэртэн, суурь яс, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, 3-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн мөрний хазагдсан шарх, зүүн чамархай, зулайн хуйх, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Соёмбод холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч Д.Соёмбо нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Д.Соёмбыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Соёмбо нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас бий болсон хохирогчийн эмчилгээний зардалд 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг төлсөн хохирогч гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч Н.Одын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Соёмбыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан хэдий ч хохирогч Н.Од гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Соёмбо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Соёмбод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Соёмбод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуульчилсан байх ба  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг мөн зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүхээс, шүүгдэгч Д.Соёмбод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Соёмбыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9-т зааснаар ял оногдуулна гэж хуульчилсан байх тул дээрх 183 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Соёмбын биечлэн эдлэх ялыг нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Соёмбо нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 13-ны шөнө бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсоныг дурдаж байна.

 

Шүүгдэгч Д.Соёмбыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Авж овогт Дарханбаатарын Соёмбод холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Авж овогт Дарханбаатарын Соёмбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Соёмбыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Соёмбод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Соёмбод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар хохирогч Н.Од нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

 9. Шүүгдэгч Д.Соёмбо нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Соёмбод авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

                                           ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

                                           ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ