Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/898

 



 

   2023           11           23                                          2023/ШЦТ/898

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр

Шүүгдэгч: М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ц.Баярсайхан /ҮД:2316/

Хохирогч Ц.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас хустай овогт Мягмарнарангийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 2305000001910 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ДУАЗ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 42 байрны 8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Хан хустай овогт Мягмарнарангийн Мөнхбат /РД:ЧК72073176/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Мөнхбат нь “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 142а байрны дундах замд “өөртэй нь хүндэтгэлтэй харьцаагүй” гэх шалтгаанаар Ц.Идэрийг өдөж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Идэрийг газар унагах, газар байсан тоосгыг авч толгойн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, цээжинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Мөнхбат нь “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 142а байрны дундах замд “өөртэй нь хүндэтгэлтэй харьцаагүй” гэх шалтгаанаар Ц.Идэрийг өдөж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Идэрийг газар унагах, газар байсан тоосгыг авч толгойн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, цээжинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбатын “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Идэрийн “...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001910 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэж авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Идэрийн хохирогчоор өгсөн “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 142а байрны дундах зам дээр хурд сааруулагч хийлгээд байж байхад бороо орохоор нь дээгүүр нь гялгар уутаар бүтээгээд орсон. 21 цаг 40 минутын орчим гарч ирэхэд манай байрны 2 дугаар орцонд амьдардаг Мөнхбат гэж оршин суугч согтуу ирээд чи намайг таних уу гэхээр нь би таньж байна гэж хэлсэн. Тэгтэл чи надад хутгалуулах юм уу гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгээд намайг тонгорч унагаад, дээр дарж суугаад хажууд байсан тоосгыг гартаа барих гээд байхаар нь би болиулаад гарыг нь хориод байж байхад надтай хамт гарч ирсэн манай байрны Чинчулуун бид хоёрыг салгасан. Босож ирээд Мөнхбат гэх хүн над руу дайраад, агсарч байгаад дахин намайг хавирч унагаад босохдоо баруун гартаа тоосго барьж байгаад миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 35 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11772 дугаартай шинжээчийн “Ц.Идэрийн биед духанд няцарсан шарх, цээжинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

 

2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Хүний биед үзлэг хийсэн” мөрдөгчийн “дух хэсэгт нь цус урсаж хатсан, толгойн зүүн тал хагарсан, цээж, хэвлий, ар нуруу хэсэгт ил харагдах гэмтэлгүй, хөлийн 2 өвдөгт улайлттай” гэх тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбатын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь хохирогч Ц.Идэрийн биед духанд няцарсан шарх, цээжинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 16-17 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11772 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11772 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 11772 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч М.Мөнхбатын “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 142а байрны дундах замд “өөртэй нь хүндэтгэлтэй харьцаагүй” гэх шалтгаанаар Ц.Идэрийг өдөж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Идэрийг газар унагах, газар байсан тоосгыг авч толгойн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, цээжинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид гэмтэл учруулсан үйлдэлд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Ц.Идэр нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Идэр нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч М.Мөнхбатад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхбатыг 700 / долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн  хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан ба шүүхээс, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал,  хувийн байдал, оногдуулсан ял биелэгдэх нөхцөл байдалд дүгнэлт хийж торгох ял сонгож оногдуулсан болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч М.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хас хустай овогт Мягмарнарангийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхбатыг 700 / долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Идэр нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол М.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ