Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2018/0496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б /РД:**********/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: З.Д, Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот 36 мкв талбай бүхий хувийн байшингийн өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар гэрчилгээ, Ү-****** дугаартай улсын бүртгэлийг, Г-2****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот хаягтай 16841******* нэгж талбарын дугаартай гэрбүлийн хэрэгцээний 665,56 мкв талбайтай газрын өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******7 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.н Б намайг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ш. нь 2013 оны 1 сарын 19-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаархорооны засаг дарга асан Дуламжав нь З. Ш. нь тус хорооны хувьсгалчдын ******* тоотод ам бүл хоёр, дүүгийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов, өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй гэсэн хуурамч нотолгоог үндэслэн З.Дт өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг албан ёсны нотлох баримтаар тогтоохгүй, хөнгөн хийсвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг олгуулахыг уламжилсан байдаг.

Уг үйлдлийн улмаас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсоор өмчлөх эрх зөрчигдсөн З.Ш.н ганц хүү болох Ш.Б миний эрх ашгийг ноцтой зөрчсөн эрх зүйн үр дагавар бий болсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.16, 28.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу З.Дын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны Засаг дарга асан Дуламжавын ( Хорооны засаг даргын тодорхойлолт ) албан тушаалтын буруутай үйлдлээс хийгдсэн эрх зүйн бичиг баримтыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний 462 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 19-ний өдрийн дугаар 101/ШШ2016/01649 тоот шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Д.Д*******гийн З.Дт олгосон 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 031, 032 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай Ш.Б миний бие нэхэмжлэл гаргасан бөгөөд нотариатч Д.Д******* нь ЧД-ийн 7-р хорооны засаг дарга асан Дуламжавын гаргасан засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатч Д.Д******* миний буруутай үйлдэл гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 19-ний өдрийн дугаар 101/ШШ2016/01649 тоот шүүгчийн захирамжаар З.Дт олгосон 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 031, 032 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Иймд З.Дын РД:/АЮ3*******/ Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын ******* тоот хаягтай 665,56 м.кв газар хувийн сууцны 1 хүний өмчийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах, Зэвэгийн Ш.н /РД:ХД3*******/ 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон нэг хүний өмчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2****** дугаартай 665,56м.кв газар, 2007 оны 03 сарын 21-ний өдөр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2****** дугаартай 665,56 мкв газар, 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай 36 мкв талбай бүхий хувийн сууц Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын А-6 дугаар гудамжны 127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар ГД-00******* гэрчилгээг тус тус хүин төгөлдөр болохыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******, Г-2****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-6 дугаар гудамжны 127 тоот 36 м.кв талбайтай хувийн орон сууц болон 665,56 м.кв талбайтай гэр бүлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн З.Ш. /ХД3*******/ бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 04 дугаартай нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн З.Д /АЮ3*******/-ын өмчлөлд, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бэлэглийн гэрээгээр одоогийн өмчлөлд болох иргэн Г.О /АЮ*******/-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу уг мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.

Бүртгэлийн байгууллага нь өв залгамжлалын талаар ямар нэгэн бие даасан шийдвэр гаргадаггүй бөгөөд өвийн асуудлыг гэрчлэх эрх бүхий субъект болох нотариатчийн олгосон гэрчилгээг үндэслэн улсын бүртгэл хийдэг болно.Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллагад өв нээх, өвлөгчийг тогтоох, өөр өвлөгч байгаа эсэхийг шалгах, нотариатчийн үйлдлийг хянаж шалгах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй болно.

Мөн иргэн З.Д /АЮ3*******/-т олгогдсон өмчлөх эрхийн , тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болж өнөөдрийн байдлаар өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа иргэн Г.О /АЮ*******/-т олгогдсон өмчлөх эрхийн , тоот гэрчилгээнүүд хүчинтэй хэвээр байгаа болно.

Иргэн Ш.Бын нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 462 тоот шийдвэр, БЗД,СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01649 тоот шүүгчийн захирамжийг өнөөдрийн байдлаар манай байгууллгад ирүүлээгүй, энэ тухай мэдээлэл хувийн хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хашаанд манай ээж З.Д 1995 оноос хойш өөрийн ах болох З.Ш. гуайтай амьдарч эхэлсэн. 1993 онд н.Дашрэнцэн гэх хүн худалдаж авсан гэх боловч З.Ш. гуайн нэр дээр бүртгэгдсэн байдаг. З.Ш. гуай тухайн үед хотын захиргаанд дүүгээрээ асруулах хүсэлт гаргасны дагуу манай ээж Архангай аймгаас шилжин ирсэн. Үүнтэй холбоотой 1995 онд хотын даргын захирамж гарсан байдаг. Миний хувьд 2000 онд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод шилжин ирж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В 586 тоотод газар худалдан авч амьдарч байсан. Гэтэл ээж, түүний ах бидэнтэй хамт амьдраач, хашаагаа зараад манайд ирээч гэж гуйсны дагуу би нүүж очсон.

Үүнээс хойш хоёр хөгшнийг асраад тухайн хашаа, байшинд амьдарч байна. З.Ш. гуай нас барахаасаа өмнө миний хүү н.Хатанбаатарт хашаа, байшингаа шилжүүлж өгнө гэж ярьдаг байсан. Харамсалтай нь шилжүүлж өгч амжилгүй нас барсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар аав нь ирэх хэрэггүй гэж хэлж байгаагүй. 2000 оны хүн амын тооллогод өрхийн тэргүүн З.Ш. амьдарч байгаа хүний тоонд З.Д ач н.Хатанбаатар гэж бүргэгдсэн байдаг. Тухайн үед бид Чингэлтэй дүүргийн нотариатч н.Энхтуяа гэдэг хүнд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад өвлүүлэгч нас барснаас хойш 3 сарын дараа өвлөх эрх үүснэ гэж хэлсний дагуу 3 сарын дараа н.Д******* гэдэг нотариатчаар өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж авсан. Олон жилийн турш З.Ш. гуайг асарч хамт амьдарсан учраас тухайн хашаа, байшинг эзэмших эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд Ү-****** дугаартай 36 мкв талбайтай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот талбай бүхий хувийн байшингийн өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар гэрчилгээ, Г-2****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот хаягтай 16841******* нэгж талбарын дугаартай гэрбүлийн хэрэгцээний 665,56 мкв талбайтай газрын өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******7 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.н Б намайг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

1. Ү-****** дугаартай 36 мкв талбайтай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот талбай бүхий хувийн байшингийн өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар гэрчилгээ, Г-2****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот хаягтай 16841******* нэгж талбарын дугаартай гэрбүлийн хэрэгцээний 665,56 мкв талбайтай газрын өмчлөх эрхийг Ггийн Оийн нэр дээр олгосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******7 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн маргаж буй эрхийн улсын бүртгэлийн Ү-******, Г-2****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын а-6 дугаар гудамжны 127 тоот 36 мкв талбайтай хувийн сууц болон 665,56 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр З.Ш. бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 031, 032 тоот З.Дт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн З.Дын өмчлөлд, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Г.Оийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь талийгаач З.Ш.гийн үрчлэгдсэн хүү болох нь хэрэгт авагдсан үрчлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3548 дугаар захирамжаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр З.Дт олгосон 031, 032 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Ш.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Д******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01649 дугаар шийдвэрээр Ш.Быг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01081 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6 дугаартай гудамжны 127 тоот хаягт байрлах Г-2****** дугаартай 665.56 мкв газар, Ү-****** дугаартай 36 мкв талбайтай хувийн байшингийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох З.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлж ажилласан, өвлөх эрхийн гэрчилгээ үнэн зөв болох талаар шалгах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй буюу улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй боловч дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримтлан бүртгэлийн үндэслэл болсон баримтууд хууль бус болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байгаа тул Г.Оийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

2. Дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.н Б намайг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Баас улсын бүртгэлийн байгууллагад маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 13 дугаар зүйлд заасны дагуу гаргаагүй тул улсын бүртгэлийн байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасан баримтыг хавсарган мэдүүлэг гаргаагүй тул шүүхээс бүртгэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасны дагуу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ш.н Быг бүртгэхтэй холбоотой эс үйлдэхүй гаргаагүй байх тул шүүх энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ү-****** дугаартай Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын ******* тоот хаягт байрлалтай 36 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ггийн Оийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон ****** дугаартай гэрчилгээг, Г-2****** дугаартай, дээрх хаягт байрлалтай 16841******* нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний 665,56 мкв талбайтай газрыг Ггийн Оийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бын Дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.н Б намайг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА