Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0346

 

С.Г-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Н.М

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч Л.Б

Хариуцагч Н.М, өмгөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0217/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч С.Г-ээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.М-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.М-ын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0080082 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан С.Г-ийн гомдлыг хнангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.М-ын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0080082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.1-д “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 12 Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолно, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэж заасныг үндэслэсэн байна.

            Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхдээ 14 хоногийн дотор зөрчлийн асуудлыг шалгаж холбогдох арга хэмжээг зөрчил гаргагчид авч болохоор хуульчилсан бөгөөд энэ хугацаанд холбогдох нотлох баримт цугларсан гэж үзвэл зөрчлийн арга хэмжээ хэдийд нь ч авч болохоор хуульчилж өгсөн байна.

            Мөн энэхүү хуулийн зохицуулалт нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд эрх олгосон агуулга бүхий зохицуулалт юм. Гэвч шүүхээс тухайн хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэхдээ эрх бүхий албан тушаалтан заавал холбогдогчоос мэдүүлэг авах хүртэл зөрчилд шалган шийдвэрлэх хугацаа сунгах хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой мэтээр дүгнэж буй үндэслэлгүй байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.2-т “Гэтэл хариуцагч зөрчлийн хэрэг нээснээс хойш зөрчил гаргасан эсэхийг шалгаж, тогтоон зөрчилд холбогдогчоос тайлбар авахгүй, түүнд хэргийн материал танилцуулалгүйгээр 6 хоногийн дотор шийгэлийн хуудас гаргасан, үүний улмаас холбогдогч С.Г нь дээрх хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, холбогдох тайлбар, нотлох баримт гаргах эрх хязгаарлагдана гэж үзнэ” гэж, 5.3-д “Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэсэн нь түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явьуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж эрх бүхий албан тушаалтны эрх үүргийг тусгайлан заасныг буюу хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь МУҮ холбооны ерөнхийлөгч Б.Г нь гомдол, санал гаргаснаас хойш тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор улсын байцаагч миний бие удаа дараа С.Г-г ирж тайлбар мэдүүлэг өгөхийг шаардсан байдаг.

            Тодруулбал, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 15 минутад холбогдогч С.Г-ийн 9999**** дугаар утсанд холбогдоход “Би шүүх хурлаар хэрэг шийдвэрлэж байгаа” гэх тайлбар өгсөн боловч энэ талаар тайлбар мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөхөөс татгалзсан болно. Мөн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Г-ийн утсанд холбогдож тамга, тэмдгийн асуудал тодруулахад “би өмгөөлөгч авч очно” гэх тайлбар өгсөн боловч ирээгүй. Ингээд миний зүгээс хүрэлцэн ирэхгүй байсан тул С.Г-ийн өмгөөлөгч гэх Н.Б гэдэг хүнтэй 9911**** гэх дугаартай холбогдсон боловч өмгөөлөгч нь 2026 оны 01 сарын 17-ны өдөр очих боломжтой гэх тайлбар ирүүлсэн байдаг.

            Ийнхүү миний бие С.Г-ийн утсаар ярьж буй тайлбар өмгөөлөгчийн мэдүүлгээс дүгнэхэд эдгээр этгээдүүд маань тамга, тэмдгийн асуудлаар эрх бүхий этгээдтэй уулзаж, холбогдох баримтыг шүүхийн шийдвэрийг гаргаж өгөх идэвхтэй үйлдэл гаргахгүй байсан болох нь тодорхой болсон тул миний зүгээс зөрчлийн хэрэгт арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

            Өөрөөр хэлбэл холбогдогч С.Г хүрэлцэн ирж тайлбар мэдүүлэг өгөхийг удаа дараа шаардаж өөрийнх нь өмгөөлөгч гэх хүнтэй хүртэл холбогдож энэхүү маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх гэсэн боловч С.Г нь утсаар ярьж очихгүй гэж тайлбарлахаас өөрөөр идэвхтэй үйлдэл гаргахгүй байсан тул миний зүгээс зөрчлийн арга хэмжээ авсан болно. Түүнчлэн өмгөөлөгч нь өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй бол түүнийг нотолсон баримт, С.Г-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ гэх мэт баримтыг ирүүлээгүй нь холбогдогч түүний өмгөөлөгч нарыг энэхүү ажиллагаанд ач холбогдол өгөхгүй бай гэж үзсэн болно. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан оролцогчийн эрхийг хязгааргасан зүйл байхгүй ба оролцогч өөрөө ирж тайлбарлах, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн болно.

            Түүнчлэн холбогдогч С.Г нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тамга тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх ...” журам зөрчсөн болох нь мөн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30/26 дугаартай англи хэл дээрх албан бичгээр тогтоогдох бөгөөд тухайн бичгийн агуулганд “М У Ү х”-г төлөөлөн М.Ч-ыг Мөсөн авиралтын дэлхийн Цомын тэмцээнд оролцох талаар дурдаж Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яаманд хандаж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд С.Г нь Төрийн бус байгууллагын тухай хууль, Холбооны дүрэм, Иргэний хуульд заасан хэм хэмжээг зөрчиж МУҮХ түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй атлаа тамга, тэмдэг ашиглаж албан бичиг явуулсан болох нь тогтоогддог. Мөн тамга тэмдэг ашиглаж байсан болох нь 2025 оны 04 дүгээр сард шүүхэд төлөөлөх итгэмжлэл дээр холбооны тамгын эрх бүхий этгээдий зөвшөөрөлгүй хэрэглэсэн болох нь тогтоогддог.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.6-д “Мөн 2025.11.18-ны 30/26 дугаартай англи хэл дээрх албан бичигт тамга дарагдсан ч үүнийг хаана дарсан эсэхийг хариуцагчаас шалгаж, тодруулаагүй, гомдол гаргагч нь МУҮХ-ны ерөнхийлөгчөөр Б.Г-г 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах маргаанд холбоог төлөөлөн итгэмжлэлээр оролцсон, уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0700 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр тухайн өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болжээ” хэмээн дүгнэсэн дээрх шүүхийн шийдвэрийг С.Г надад огт тайлбарлаагүй бөгөөд ийм маргаан шийдвэрлэж дууссаныг би Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоход Б.Г надад авч ирж өгснөөр мэдсэн болно. Өөрөөр хэлбэл С.Г нь дээрх шүүхийн маргаан явж байгаа тул тамга, тэмдэг ашиглах эрхийн хүчинтэй очиж тайлбар өгтөл хугацаа олгож өгнө үү гэж хандаагүй. Шүүхээс дээрх маргаан хэлэлцэж байгаа талаар манай байгууллагын мэдээллийн санд тусгаагүй байсан. Мөн С.Г нь маргаан байгаа талаар дурдаж шүүхийн шийдвэр, тайлбар мэдүүлгээ өгөөгүй ба зөвхөн надад 2025 оны 12 сарын 17-ны өдөр С.Г-ийн 9999**** дугаар утсанд холбогдоход “Би шүүх хурлаар хэрэг шийдвэрлэж байгаа” гэх тайлбар өгсөн тул байгаа мэдээллийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Нөгөөтээгүүр, холбогдогч этгээд эрх бүхий этгээдийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч нь зөвхөн өөрийн боломжит цаг хугацааг хэлсэн боловч Улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн зүгээс өмгөөлөгчийн заасан хугацаандз ажлаа явуулах боломжгүй ба мөн өмгөөлөгч холбогдогчийг өмгөөлөх эрхтэй талаар баримтаа ирүүлээгүй, С.Г нь шүүхийн маргаантай талаар баримтаа ирүүлээгүй, тайлбар, мэдүүлгээ өгөөгүй энэхүү ажиллагаанд идэвхгүй оролцож байсан ба зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мэдүүлэг бичгэн баримтаар тогтоогдсон гэж үзэж зөрчлийн арга хэмжээ авсан болно.

            Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2.1. Гомдол гаргагч С.Г-ээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.М-ын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0080082 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...“УҮХ” НҮТББ-ын тамгыг холбооны хэрэгцээ, үйл ажиллагаанд зохих журмын дагуу хэрэглэж байсан, ... холбооны тамга түших эрхтэй эрхтэй этгээд нь С.Г, ... хяналтын улсын байцаагч Н.М нь шийтгэлийн хуудсанд С.Г-г тамга хууль бусаар ашигласан гэж дүгнэсэн нь буруу, ... улсын байцаагч зөрчлийг нотлох хангалттай баримт сэлтийг бүрдүүлэлгүйгээр утсаар дуудан дарамтлах, айлган сүрдүүлж, хууль бусаар бичлэг хийх зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлсэн...” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... Б.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МУҮХ-ны ерөнхийлөгчөөр бүртгүүлэн эрх бүхий этгээд болсон ч үүнийг эс зөвшөөрч тус холбооноос маргасан, энэ хугацаанд гомдол гаргагч нь холбооны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл олгох албан бичгээр тамгыг ашиглаж байсан талаар баримтыг шүүхэд гаргаснаас үзэхэд гомдол гаргагчийг тамга ашиглах эрхгүй этгээд гэж шууд үзэх боломжгүй байхад хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчил гаргасан гэдгийг шалгах тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдогчоос тайлбар авалгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн гомдол гаргагчийн гомдлыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй байна.

2.3. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “МУҮХ” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар саналын эрх бүхий гишүүдийн 91.3 хувийн саналаар Б.Г-г тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байх бөгөөд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/03/15 дугаар шийдвэрээр тус өдрийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоосон нь хүчин төгөлдөр байна.

Улмаар Б.Г-аас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох бүртгэлүүдийг хийлгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “МУҮХ” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр Б.Г-г сонгосныг бүртгэжээ.

“МУҮХ” НҮТББ-аас дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 700 дугаар магадлалаар “МУҮХ” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Г-г бүртгэсэн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

2.4. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллагаас “МУҮХ” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Г-г бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байхад тус холбооны тамга тэмдгийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөлгүй хууль бусаар хэрэглэсэн С.Г-ийн үйлдсэн зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд гомдол гаргагч С.Г-г Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн” зөрчил гаргасан гэж үзнэ.

2.5. Нөгөөтээгүүр, хариуцагчаас иргэн Б.Г-аас гаргасан гомдол, мэдээлэлтэй холбоотойгоор болон Зөрчлийн хэрэг нээснээс хойш тайлбар, мэдүүлэг авахаар гомдол гаргагч С.Г болон түүний өмгөөлөгч нартай удаа дараа холбогдсон байх боловч эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ эдлээгүйд нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч С.Г-ээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М-д холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.М-ын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0080082 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.М-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас анх шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

              ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА

 

 

              ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН