Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 16

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нямбилэгт

шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат,

шүүгдэгч Б.Мөнх-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ихэс Боржигон овогт Болд-Эрдэнийн Сэргэлэнбаатар, Боржигон овогт Бээжинсүрэнгийн Мөнх-Оргил нарт холбогдох эрүүгийн 201708000005 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 64-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Ихэс Боржигон овогт Болд-Эрдэнийн Сэргэлэнбаатар /РД:ЕЙ96090613/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мааньзавын 4-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Бээжинсүрэнгийн Мөнх-Оргил /РД:ЗЮ96022413/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь Б.Мөнх-Оргилтой бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, “Тумбааш” нэртэй хүнсний дэлгүүрт тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, цонхоор нь хууль бусаар нэвтэрч 253.000 төгрөгний эд зүйл, 527.000 төгрөг бэлнээр хулгайлж нийт 780.000 төгрөгний хохирол учруулсан,

 Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь Б.Сэргэлэнбаатартай бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, “Тумбааш” нэртэй хүнсний дэлгүүрт тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, цонхоор нь хууль бусаар нэвтэрч 253.000 төгрөгний эд зүйл, 527.000 төгрөг бэлнээр хулгайлж нийт 780.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 5-ныг шилжих шөнө Б.Мөнх-Оргилыг тосох гээд суудал руу явсан. Вокзал руу явж байтал өөдөөс Мөнх-Оргил ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт очсон. Гэрт ороход манай ах Ууганбаатар зурагт үзээд хэвтэж байсан. Мөнх-Оргил бид хоёр хонхор луу найзындаа очъё гээд манай гэрээс гарсан. Манай гэрээс гараад явган хүний замаар “Дугуй”  дэлгүүрийн хажуугаар алхаж байгаад энэ дэлгүүрт юу байгаа бол орох уу, хялбар аргаар яаж мөнгө олох уу гэж ярилцаж байгаад орохоор болсон. Би хашааг нь түрүүлж давж ороод хойд талын цонхны төмөр хаалгыг татаж дийлэхгүй болохоор нь Мөнх-Оргилыг дуудсан. Бид хоёр төмөр хаалтыг хамт татаж авч хажууд нь тавихад хөөсөнцөр байсан. Мөн адил хөөсөнцрийг нь хугалж аваад хажууд нь тавихад цаана нь цонх байсан. Тэгэхээр нь бид хоёр болиод баруун тийшээ харсан цонх руу очихоор болсон. Тэгээд цонхыг татаад цуг татаад дийлэхгүй болохоор нь хөшихөөр зүйл хайсан. Тэгээд айлын гадаа байсан төмөр иштэй сүхийг аваад төмөр хаалтыг хөшч онгойлгосон. Цонхыг нь хагалаад гараа хийж онгойлгосон. Би арай туранхай, уян болохоороо би дэлгүүр лүү орьё гэж тохироод нарийн хаалт байсан түүгээр орсон. Худалдагчийн лангууг онгойлгоод дотор нь байсан хайрцагтай мөнгө, 3 ширхэг гар утсыг аваад Мөнх-Оргилд өгсөн. Тэгээд хүн харж байгаад хашаа даваад зугтаасан. Гэртээ очиход Ууганбаатар ах унтаж байсан. Тэгээд нөгөө мөнгөө хувааж аваад,  2 утсыг нь би аваад, 1 утсыг нь  Мөнх-Оргилд өгсөн. Дараа нь бид хоёр манай гэрээс гараад Хонхорт  найзындаа очиж хоносон. Би өглөө 09 цагийн автобусаар Улаанбаатар хот явсан             гэв.

 

2. Шүүгдэгч Б.Мөнх-Оргил мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой Дорноговь аймгаас суудлаар ирсэн. Б.Сэргэлэнбаатар надруу залгаад найзтайгаа коток тоглож байна, орой тосно, маргааш мөнгөний ажил байгаа, ажил хийж хувцас авч өмсөх үү гэж байсан. Бид хоёр урьд нь жоншны ажил хийж байсан болохоор нэгэнт очиж байгаа юм чинь ажил хийе гэж хэлсэн. Тэгээд шөнө 01 цаг 50 минутанд воганоос буугаад алхаж байтал Б.Сэргэлэнбаатар ган замын урт талын явган хүний замаар ирж байсан. Бид хоёр уулзаад Б.Сэргэлэнбаатарынд ороход Ууганбаатар ах унтаж байсан. Нөгөө өрөөнд нь орчихоод буцаад гарсан. Хонхор луу Б.Сэргэлэнбаатарын найзынд очъё гээд явган хүний замаар явж байгаад “Тумбааш” дэлгүүрийн хажуугаар явахдаа энд мөнгө байгаа болов уу гэж ярилцсан. Тэгээд Б.Сэргэлэнбаатар түрүүлж ороод би хашааны наана хүн хараад байж байсан. 10 минутын дараа Б.Сэргэлэнбаатар намайг дуудсан. Би хашаа давж ороод хойд талын хөөсөнцрийг цуг татсан. Тэгээд болохгүй болохоор нь баруун талын цонхон дээр очиж хөшиж үзсэн. Хөших зүйл хайж байгаад хажуу талын айлын амбаарын гаднаас Б.Сэргэлэнбаатар сүх авсан. Би наана нь цогсож байсан. Бид хоёр сүхээр баруун талын цонхыг хөшч онгойлгосон. Б.Сэргэлэнбаатар түрүүлж ороод би хүн хараад зогсож байсан. Тэгээд Б.Сэргэлэнбаатарын гэрт очсон. Б.Сэргэлэнбаатар 160 000 төрөг, 2 гар утастай нь хамт авсан. Би 140 000 төгрөг, 1 гар утсыг нь авсан. Бид хоёр хонхорт найзынд нь хоноод өглөө 08 цаг өнгөрөөгөөд гарсан.  Б.Сэргэлэнбаатар өглөөний автобусаар Улаанбаатар хот явсан гэв.

 

3. Хохирогч Д.Даваажаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 2-3-нд би эхнэр Батцэцэгийн хамт  Улаанбаатар хотруу бараанд явсан. Хотод байхад 01 сарны 05-ны өглөө манай галч Жагдал утсаар яриад цонхоор хулгайч орсон байна гэсэн. Тэгээд би Говьсүмбэрийн цагдаад дуудлага өгчихөөд тэр орой нь ирээд худалдагч Чанцалнямаас ямар эд зүйл алдагдсан талаар асуухад худалдагчийн лангууны доор байсан шургуулганаас бараа материалын мөнгө 527.000 төгрөг, 3 ширхэг гар утас, юнителийн 8000 төгрөгний нэгж алдагдсан гэж хэлсэн…Би хохирлын мөнгө болох 527.000 төгрөг, 3 ширхэг гар утсаа буцааж авсан. Одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

4. Гэрч Б.Жагдал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би урд орой нь 21 цаг өнгөрч байхад гэрээсээ ирээд зууханд нүүрс хийчихээд гэртээ харьсан. Өглөө 06 цаг 45 минутанд дэлгүүр дээр ирж галаа хийчихээд 07 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хойд талаас цаасан хайрцаг, модон хайрцаг авч галдаа хийх гээд гарахад дэлгүүрийн баруун талын цонхны гадна талын төмөр хаалтыг нааш нь татаад цонхны дээд талын жижиг салхивчны шил нь хагараад онгойсон байхаар нь дэлгүүрийн эзэн Даваажаргалд утсаар нь дэлгүүрийн чинь цонх хагарсан байна гэж хэлсэн. Даваажаргал өөрөө цагдаад дуудлага өгсөн байсан мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

 

5. Гэрч Л.Чанцалням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө намайг гэртээ унтаж байхад эмээ Өлзийсайхан дуудаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эмээ бид 2 дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалтны доод тал хөндийрсөн, цонхны салхивч онгойсон байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд дуусахад бүх юмаа бүртгэхэд миний суудаг лангууны мөнгө хийдэг шургуулга онгойсон байсан. 3 ширхэг гар утас, жи мобайлын нэгж зарсан 123000 төгрөг, юнителийн нэгжний 8000 төгрөг, нарийн боовны материалын 236.000 төгрөг, хүнсний эд зүйл зарсан мөнгөний үлдэгдэл 40000 төгрөг байхгүй байсан. Дээрх мөнгөнүүд нь тус тусдаа цаасан хайрцаг, төмөр хайрцагт хийсэн байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

6. Гэрч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би Мөнх-Оргилын эхнэр болж байгаа юм. Танилцаад нэг жил болж байна. Албан ёсоор гэр бүлийн ббаталгаа байхгүй. Би удахгүй 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр төрөх жирэмсэн юм. Мөнх-Оргил урд нь хэрэгт орж байгаагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/

 

7. Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Мөнх-Оргил манай хамгийн бага дүү байгаа юм. Багадаа Шивээговь сумын цэцэрлэгт явж байгаад арван жилийн сургуульд ороод Политехникийн коллежийг автын ангид сурч байгаа. Хүнд итгэмтгий, урд нь хэрэгт орж байгаагүй хүүхэд байгаа юм гэсэн мэдүүлэг. / хх-ийн 21 дүгээр хуудас/

 

8. Гэрч Б.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Сэргэлэнбаатар 1994 онд төрсөн манай 2 дахь хүүхэд байгаа юм. Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийг төгсөөд одоогоор ажилгүй байгаа. Гэртээ 2 дүүгийн хамт амьдардаг. Сургуульд байхдаа сайн сурдаг хүүхэд байсан. Даруу төлөв зантай хүний үгэнд ордог хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Урд ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар хуудас/

 

9. Гэрч Ш.Отгонтунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 Би Мөнх-Оргилын ах Мөнхдалайтай суугаад 5 жил болж байна. Мөнх-Оргил даруу төлөв зантай, энд тэнд ахтайгаа ажил хийгээд явдаг хүүхэд байгаа юм. Намайг эднийд бэр болсоноос хойш анх удаа ийм хэрэгт Мөнх-Оргилийг орсоныг сонсож байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

10. Гэрч М.Сэргэлэнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 Сэргэлэнбаатар манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Багадаа ааш зан сайтай хүүхэд байсан. Аав, ээж нь сургуульд байхад нь салаад тусдаа амьдардаг. Одоохондоо ажил төрөл хийдэггүй. Урд нь хэрэгт орж байгаагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/

 

11.  Гэрч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө гэрээсээ гарахад манай сүмийн баруун талаас ордог дэлгүүрт хулгай орсон бололтой цагдаа нар ирсэн байсан.”Тумбааш” дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалтыг доогуур нь салгаад цонхны салхивчны шилийг хагалсан байсан. Би өглөө босоод нүүрс хагалахаар амбаарт орж сүхээ хайсан чинь манай сүх байхгүй болохоор галч Жагдалаас сүхээ асуусан чинь танай сүх дэлгүүрийн дотор талд байна лээ сүхийг чинь авч орсон юм шиг байна гэхээр нь би дэлгүүрт орсон чинь манай төмөр иштэй сүх лангуун дээр байж байсан. Би урд орой нь өөрийн төмөр иштэй сүхээр амбаар дотор нүүрс хагалчихаад тавьсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

12. Эд зүйл хураан авсан тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, харьцуулах шинжилгээнд зориулан хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-7, 80-81 дугаар хуудас/

 

13. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын Үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 34, 39 дугаар хуудас/

 

14. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 008/008 тоот дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр болон сэжигтэн Б.Сэргэлэнбаатарын өмсөж явсан гутал нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөр нь сэжигтэн Б.Сэргэлэнбаатарын гутлын мөртэй тохирч байна. Ерөнхий дүрслэл болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна.

Шинжээч Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /хх-ийн 31-33 дугаар хуудас/

 

15. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 008/009 тоот дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр “Тунбааш” дэлгүүрийн лангуу дээрээс олдсон төмөр иштэй сүхээр “Тунбааш” дэлгүүрийн хойд талын цонх, баруун талын төмөр хаалгыг хөшиж эвдлэх боломжтой.

Шинжээч Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-63 дугаар хуудас/

 

17. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нар нь бүлэглэж орон байранд нэвтэрч 2017 оны 01 сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж 253.000 төгрөгний эд зүйл, бэлнээр 527.000 төгрөг хулгайлж нийт 780.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Даваажаргалын “...худалдагч Чанцалнямаас ямар эд зүйл алдагдсан талаар асуухад худалдагчийн лангууны доор байсан шургуулганаас бараа материалын мөнгө 527.000 төгрөг, 3 ширхэг гар утас, юнителийн 8000 төгрөгний нэгж алдагдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Б.Жагдалын “...дэлгүүрийн баруун талын цонхны гадна талын төмөр хаалтыг нааш нь татаад цонхны дээд талын жижиг салхивчны шил нь хагараад онгойсон байхаар нь дэлгүүрийн эзэн Даваажаргалд утсаар нь дэлгүүрийн чинь цонх хагарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Л.Чанцалнямын “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө намайг гэртээ унтаж байхад эмээ Өлзийсайхан дуудаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эмээ бид 2 дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалтны доод тал хөндийрсөн, цонхны салхивч онгойсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нар нь бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 18х11 см урттай, бариул 45 см урттай төмөр сүх 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Ихэс Боржигон овогт Болд-Эрдэнийн Сэргэлэнбаатар, Боржигон овогт Бээжинсүрэнгийн Мөнх-Оргил нарыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нарын  эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн    хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 18х11 см урттай, бариул 45 см урттай төмөр сүх 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний баримт бичиг хураагдан ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, хяналт тавих үүргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Мөнх-Оргилд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнцэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт тус тус даалгасугай.

7. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Б.Мөнх-Оргил нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАНДАХ