Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00753/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-Уул аймаг, ... сум, ... дүгээр баг,... дугаар хороолол, ...дүгээр гудамжны ... тоотод оршин суух .... овогт Б.Х /утас ...., ... /-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...-Уул аймаг, .... сум, .... дүгээр баг, .... дүгээр хэсэг, ... тоотод оршин суух, ... овогт С.З /утас ... /-д холбогдох,

 

“72,000,000 төгрөг гаргуулах тухай, ...-Уул аймгийн ... сумын ... дүгээр баг ... хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 1120 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан болохыг тогтоолгох  тухай”  үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.Х нь 2018 онд иргэн С.Зтай “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, өөрийн өмчлөлийн ...-Уул аймаг, Орхон сум, ... дүгээр баг, ... хаягт байрлах ...  улсын бүртгэлийн дугаартай 1120 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн. Гэрээний үнийг тухайн үед бид амаар 100,000,000 төгрөг хэмээн тохиролцсон боловч үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварыг бага төлөх зорилгоор гэрээндээ үнийн дүнг 5,000,000 төгрөг гэж бичиж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Одоо дээрхи үл хөдлөх хөрөнгө нь С.Зын хүүхдүүд болох иргэн Г.Ц, Ц.Т нарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

С.З нь надад 28,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 72,000,000 төгрөгийг төлнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл төлөхгүй байна С.З бид үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 50,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 22,000,000  төгрөгийн “Зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан. С.З нь өөрөө үлдэгдэл төлбөрийн дүнгээр “Зээлийн гэрээ” байгуулах санаачилгыг гаргаж, би төлбөрөө төлнө санаа зоволтгүй гэж худал хэлж явсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд хариуцагч С.Зд би ...-Уул аймаг, ... сум, ..-р баг, ... байрлах .... улсын бүртгэлийн дугаартай 1120 м.кв, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгө худалдсаны үлдэгдэл төлбөр 72,000,000 төгрөгийг хариуцагч Б.Заас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...-Уул аймаг, ... сум, ... дүгээр баг, ... хэсэг тоот /одоогийн шинэчлэн бүртгэсэн хаяг 22а тоот/-д байрлах 1120 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь анх бүрэн ашиглах боломжгүй барилга байсан бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.З нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж Г.Б гэх хүнээс 4 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд газар тариалан, хүнсний ногооны чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн үүсгэн байгуулсан “...” ХХК-д гэрээгээр шилжүүлэн түүнээс хойш одоог хүртэл өөрийн хөлс хүч хөрөнгөө зориулан засан сайжруулалт хийж бүрэн гүйцэд барилга болгосон.

Уг үл хөдлөх хөрөнгө нь 0,9 га талбай бүхий газарт байрладаг, 1000 тоннын хүнсний ногооны багтаамжтай зоорь ба автомашины зогсоолтой, зүүн хэсэгтээ залгаа орон сууцны зориулалтын талбайтай үл хөдлөх хөрөнгө бөгөөд ...-Уул аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ...дугаар захирамжийг үндэслэн “...” ХХК-д гэрээгээр шилжүүлэн түүнээс хойш одоог хүртэл тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, түүнээс хойш одоог хүртэл тухайн газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л төлбөр, ашиглалтын зардал, татвар зэргийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн болохын хувьд С.З 17 жилийн турш төлж, компанийхаа үйл ажиллагааг явуулан мөн амьдарч байгаа билээ.

2004-2008 оны хугацаанд С.З хавдар гэх оноштойгоор эрүүл мэндийн байдал эрс муудаж компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломжгүй болж гүйцэтгэх удирдлагыг өөрийн төрсөн эцэг Н.Сд шилжүүлсэн.

Н.Сыг “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд Б.Х болон Н.С нарын хооронд 1000 тоннын зооринд ногоо хадгалж, хамтарч ажиллан ашиг хуваах тохиролцоо хийгдсэнээр уг үл хөдлөх хөрөнгө Б.Хын нэр дээр шилжсэн байдаг.

Тухайн үед Б.Х нь Н.Сыг залилан мэхлэх замаар “...худалдах, худалдан авах гэрээгээр л шилжүүлэхгүй бол банк барьцаанд авдаггүй юм байна. Худалдаж авсан дүр үзүүлж түр худалдан авах гэрээ байгуулъя” гэж хэлж гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан байдаг.

Хэдийгээр ийнхүү дүр үзүүлсэн гэрээ байгуулсан боловч уг хөрөнгийг Б.Хт худалдан борлуулсан хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Б.Х нь тус гэрээнд зааснаар 10,000,000 төгрөгийг Н.Сд төлөөгүй, зоорины өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар Б.Хт шилжсэн байсан ч хөрөнгийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч нь С.З байсан, авсан цагаасаа эхлэн одоо ч өөрийн гэр бүлийн хамт амьдарч оршин сууж байгаа болох нь холбогдох ашиглалтын зардал, үл хөдлөх хөрөнгийн татварыг төлсөн баримт зэргээр нотлогдох бөгөөд мянган зоорь гэдгээр нь сум орон нутгийн хүмүүс бүгд мэдэх юм.

Компанийн тухай хуулийн /1999 оны/ 60 дугаар зүйлийн 60.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгчтэй компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгч өөрөө хэрэгжүүлнэ” гэж зааснаар “...” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь С.З бөгөөд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэсэн байхад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.З нарын зөвшөөрөлгүйгээр компанийн үл хөдлөх хөрөнгийг Б.Хт 10,000,000 төгрөгөөр дүр үзүүлэн шилжүүлсэн нь анхнаасаа хууль зөрчсөн зүйл болсон. Тухайн үед С.З нь өөрийн компанийн хөрөнгө нь хууль бус аргаар Б.Хт шилжсэнийг дараа нь мэдсэн боловч түүний эрүүл мэнд урт хугацааны туршид хүнд байснаас шалтгаалан шүүх цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан болно.

2018 оны 02 сард Б.Х нь “... би их хэмжээний өрөнд орчихсон байгаа, зоорийг чинь хувь хүмүүст барьцаалсан, мөнгө нэхээд ажил дээр ирээд тайван байлгахгүй байна, та нар барьцаалсан 21,000,000 төгрөгийг өрийг төлчих тэгээд зоорио өөрсдийн нэр дээр болгож ав, тэр хүмүүс рекитүүд юм, энд ирвэл миний хөрөнгө биш гэдгийг мэдчихээд асуудал үүснэ шүү дээ” гэж хэлсэн. С.З нь өөрийн хөрөнгөө өмчлөлдөө бүртгүүлж, авахын тулд Б.Хын бусдаас зээлсэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэх 21,000,000 төгрөгийг өгсөн боловч нэмж мөнгө нэхсэн тул нийт 29,000,000 төгрөгийг түүнд өгснөөр гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрчилгээг С.Зын нэр дээр шилжүүлэх өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Х нь дахин нэг зээлийн гэрээг урьдаас бэлдчихсэн “... энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол хөрөнгийг чинь шилжүүлэхгүй” гэсэн учир насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд аргагүйн эрхэнд 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Б.Х нь нэхэмжлэлдээ 28,000,000 төгрөгийг төлсөн гэсэн байх боловч үнэн хэрэгтээ 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 28,000,000 төгрөгийг түүний ... тоот дансааар шилжүүлж, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Түүний дараагаар Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр С.Зын хадам аав нас барж ажил явдал тохиолдсон, сэтгэл зүйн хямралтай байдлыг далимдуулан ганданд ном уншуулаад явж байхад нь ирж сэтгэлзүйн дарамтанд оруулж 22,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд гэрээнд тусгагдсанаар бэлнээр мөнгө өгсөн, С.З түүнийг хүлээн авсан үйлдэл байхгүй бөгөөд энэ талаараа ч Б.Х нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. Тухайн өдөр Б.Х нь 25,000,000 төгрөг гаргуулахаар заасан шүүхийн шийдвэр барьж ирсэн бөгөөд “... энэ дээр гарын үсэг зураад өгчих, би татварт өрөнд орчихсон байгаа, энэ зээлийн гэрээг үзүүлчихвэл болох гээд байна” гэсэн ба С.Зын хувьд ямар ч гэрээнд гарын үсэг зурсан байсан ч төлбөр төлөхгүй гэдгээ илэрхийлж байсан.

2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн болон 2019 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг аль алиныг нь А... гэх нотариатч баталгаажуулсан, гэрээнд зааснаар бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн, авсан зүйл байхгүй, ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй талаар мэдэж байгаа болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Б.Хаас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Б.Х нь С.Зын өмчлөлийн хөрөнгийг эзэнд нь буцаан шилжүүлж өгөхдөө өөрийн хөрөнгөө худалдсан мэтээр нэхэмжилж байгаа үйлдэл нь хүчин төгөлдөр бус, хуурамч зээлийн гэрээнүүдийг ашиглаж өөртөө хөрөнгө босгож ашигтай байдал бий болох гэсэн хууль бус үйлдэл юм. “... Б.Хаас үл хөдлөх хөрөнгийг С.Зд шилжүүлсэн, С.З түүнийг хүлээн авсан зүйл байхгүй бөгөөд гагцхүү гэрчилгээг буцаан шилжүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээнд заагдсаны дагуу хөрөнгийг өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн, С.З түүнийг хүлээн авсан, төлбөр төлсөн харилцаа огт үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“1. С.З нь ...-Уул аймгийн Орхон суманд төрсөн ба 16 наснаасаа эхлэн одоог хүртэл сумандаа газар тариалан эрхэлж хүнсний ногоо тариалан амьдардаг бөгөөд 2002 онд газар тариалангийн үйл ажиллагааг өргөжин тэлж хөгжүүлэх зорилгоор ...-Уул аймаг, ... сум, ... дүгээр баг, ...  хэсэг тоот /одоогийн шинэчлэн бүртгэсэн хаяг 22а тоот/-д байрлах 1000 тоннын багтаамж бүхий хүнсний ногооны зоорийг худалдан авсан ба өөрийн үүсгэн байгуулсан “...” ХХК-д дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн.

2004-2008 оны хугацаанд С.З хавдар гэх оноштойгоор эрүүл мэндийн байдал эрс муудаж компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломжгүй болж гүйцэтгэх удирдлагыг өөрийн төрсөн эцэг Н.Сд шилжүүлсэн. Н.Сыг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд буюу 2005 онд С.Зын хөрөнгө болох 1000 тоннын зоорь нь Б.Хын өмчлөлд шилжсэн.

Б.Х нь бусдын хөрөнгийг хууль бус замаар өөртөө шилжүүлж авсан боловч С.Зын хувьд урт хугацааны турш эрүүл мэндийн шалтгаантай байсан тул шүүх болон цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан. Б.Хыг болон түүний эхнэрийг хүндэлдэг байсаны хувьд цаг нь болохоор буцаагаад өгнө гэж итгэж өөрийн хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч чадалгүй явсаар ирсэн.

2018 оны 02 сард Б.Х нь “... би их хэмжээний өрөнд орчихсон байгаа, та нар зоорийг барьцаалсан 21,000,000 төгрөгийн өрийг төлчих тэгээд зоорио өөрсдийн нэр дээр болгож ав” гэж хэлсний дагуу С.З нь өөрийн хөрөнгийн гэрчилгээг өмчлөлдөө шилжүүлж авахын тулд түүнд 28,000,000 төгрөгийг нөхөр М.Г дансаар шилжүүлж, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг өгсөн.

С.З нь өөрийн хөрөнгөө Б.Хаас авахын тулд түүнтэй өр төлбөрийн ямар ч тооцоогүй атлаа үндэслэлгүйгээр 29,000,000 төгрөгийг өгсөн байх тул уг мөнгийг Б.Хаас буцаан гаргуулж өгнө үү.

2. Б.Х нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг байгуулан С.Зын хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ дахин 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг урьдаас бэлдчихсэн “... энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол хөрөнгийг чинь шилжүүлэхгүй” гэсэн учир С.З нь хөрөнгөө өөрийн болгож авч чадахгүй байдалд хүрэхвий хэмээн санаа зовсон учир 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Х нь 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд С.Зын сэтгэл зүйн хямралтай байдлыг далимдуулан түүний хадам аав нас барсан, гэр бүлээрээ ажил явдал тохиолдсон, ном уншуулаад явж байхад гандангийн гадаа ирж машиндаа суулган авч явж нотариатч А дээр очиж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед С.З “хуурамч гэрээнд гарын үсэг зурсан ч ямар ч төлбөр мөнгө өгөхгүй” хэмээн маргалдаж үүнийгээ илэрхийлж байсан.

Иймээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2019 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн 22,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнүүдийн дагуу С.З нь Б.Хаас 72,000,000 төгрөг авсан үйлдэл байхгүй, уг гэрээний дагуу ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Сөрөг нэхэмжлэлд намайг хууль бус замаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан болохоо мэдэхгүй байна.  Харин ч би хариуцагч болон түүний хамаарал бүхий компанийн бүхий л өр төлбөрийг дарж, хариуцагчийн аав Н.Сын ятгалгаар түүнийг ажилд авч ажиллуулан тодорхой хугацаанд ажиллаад хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан өр төлбөрт орж, ашиггүй ажилласан байдаг. Тиймдээ ч би үл хөдлөх хөрөнгийг зарахаар шийдэж, хариуцагчтай төлбөрийн уян хатан нөхцөл тохирсон атал одоо надад үндэслэлгүйгээ мөнгө өгсөн хэмээн буцаан нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Хариуцагч нь хүчин төгөлдөрт тооцуулъя хэмээн шаардлага гаргасан зээлийн гэрээнүүдийн үр дагаврыг сайтар ойлгож, гарын үсэг зурсан байдаг бөгөөд миний зүгээс түүнийг дарамталж, хүч хэрэглэсэн зүйл байхгүй ба тус зээлийн гэрээнүүд нь хариуцагч нь надад тодорхой хэмжээний төлбөртэй болохыг нотолж буй баримтууд юм.

Иймээс сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь  хариуцагч С.Заас худалдах худалдан авах гэрээний үүрэг 72,000,000 төгрөг гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан үндэслэлээр  ...-Уул аймаг, ... сум, ..., Баян-... хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 1120 м.кв, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр С.Зд худалдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч С.З нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд тэрээр нэхэмжлэгч Б.Хт холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр өгсөн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2019 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн 22,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Маргааны зүйл болох ...-Уул аймгийн ... сумын ..  багт байрлах, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 1120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2002 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Б.Зын өмчлөлд, С.Зын Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө нь “...” ХХК-ний өмчлөлд 2002 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-72-79, 89/

Эрх шилжүүлэх тухай 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр  “...” ХХК-ний захирал С.З нь Н.Ст “...” ХХК-нийн эрх үүргийг бүрмөсөн шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-80/

2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “...” ХХК-ний нэрийн өмнөөс захирал Н.С, Б.Х нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “...” ХХК-ний өмчлөлийн ... сумын ... багт байрлах 1120 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилгыг 10,000,000 төгрөгөөр Б.Х худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэн авчээ. /хх-83-87/

Б.Х, С.З нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Б.Х                нь С.Зд ... сумын ... багт байрлах 1120,0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжиж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ Б.Зд олгогдсон байна. /хх-90-95/

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Б.З нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг Г.Ц, Ц.Т нарт шилжүүлсэн /хх-97-101/  зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй ба тэрээр татгалзаж буй үндэслэлээ “...2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.З нь энэхүү хөрөнгийг худалдаж аваад өөрийн үүсгэн байгуулсан “...” ХХК руу шилжүүлж, тус компаний үүсгэн байгуулагчийн хувьд С.З гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч тодорхой шалтгааны улмаас өөрийн эцэг Н.Ст тус компаний гүйцэтгэх удирдлагыг шилжүүлсэн. Н.С гүйцэтгэх удирдлага байх хугацаандаа Б.Хтай ярилцаад тухайн үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулж ашиг олох тохиролцоог хийж, нэг үгээр хэлбэл хамтран ажиллах гэрээг амаар байгуулж 2005, 2006 онд хамтран ажилласан. Б.Хын нэр дээр тухайн зоорийг барьцаанд тавьж, зээл авах боломжтой байсан учраас Б.Хтай худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Өмнөх гэрээ буюу Н.С, Б.Х нарын хооронд байгуулсан гэрээний үр дагаврыг арилгах зорилгоор  өөрийн хөрөнгө болох дээрх үл хөдлөх хөрөнгийг буцаан нэр дээрээ шилжүүлэхийн тулд  Б.Хтай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. С.З нь дээрх худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах хүсэл зорилгоор байгуулаагүй, өөрийн хөрөнгийг хүнээс 100,000,000 төгрөгөөр авна гэж байхгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрх Б.Хт байхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Тус шүүх нь зохигч талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх тул “...” ХХК /захирал Н.С/, Б.Х нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхгүй болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу ... сумын ... багт байрлах 1120,0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу 1000 тонны зоорины өмчлөх эрх Б.Хт шилжиж, өмнөх өмчлөгч “...” ХХК-ний өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  “...2002 оноос хойш одоог хүртэл тус үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу 1000 тонны зооринд С.З амьдарч эзэмшиж, ашиглаж байгаа, энэ үл хөдлөх хөрөнгө С.Зын өмч хөрөнгө...” гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч Б.Х нь “...2005 оны 09 дүгээр сард зоорио өөрийн өмчлөлд шилжүүлчихээд өөрийн “... ...” ХХК-ний нэр дээр 100,000,000 төгрөгийн зээл аваад 1000 тн лууван худалдан авч зооринд хийсэн....Тухайн үед Н.Сын олон жил хүнсний ногоотой харьцсан туршлагатай хүн гэдэг байдлыг нь хараад зоорины эрхлэгчийн албан тушаалд тавьсан. Тэр үед С.З, Г нар нь хоёр нялх хүүхэдтэй амьдрах орон байр байхгүй учир зоорины булангийн дотор талын өрөөнд амьдарч байсан. Өөр амьдрах орон байргүй гэхээр нь хөөж гаргаж чадалгүй байрандаа байлгасан...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Хэрэгт авагдсан гэрч Р.М, Б.Ө, С.Э, Б.Ч, Д.Б нарын мэдүүлгүүд  болон 2005 оны 09 дүгээр сараас хойших хугацаанд Б.Хын зээлийн барьцаанд дээрх 1000 тонны зоорийг барьцаанд тавьж ХААН банк, Дэвжих нэхий ББСБайгууллага, Худалдаа хөгжлийн банк нараас зээл авч байсан талаарх бичгийн баримт /хх-176-196/-ууд зэргээс үзэхэд Б.Х нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, тэрээр өмчлөлдөө шилжүүлснээс хойших хугацаанд 1000 тонны зооринд өөрийн “... ...” ХХК-ний тодорхой үйл ажиллагааг явуулан, эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Б.Х, Б.М, Ц.О нар нь дээрх 1000 тонны зоорийг С.З нь өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, Б.Хыг танихгүй мэдэхгүй...” гэсэн мэдүүлгийг өгсөн боловч нэхэмжлэгч Б.Х нь С.Зыг тус зооринд амьдарч байсныг үгүйсгээгүй, харин Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 2005 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 04 дүгээр 11-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь  Б.Х байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч тал “...Н.С гүйцэтгэх удирдлага байх хугацаандаа Б.Хтай ярилцаад тухайн үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулж ашиг олох тохиролцоог хийж, нэг үгээр хэлбэл хамтран ажиллах гэрээг амаар байгуулж 2005, 2006 онд хамтран ажилласан...” гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа ба ... ... ХХК-ний 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай “1000-ын зоорины эрхлэгчээр Н.Сыг томилсон” тушаалаар /1-р хх-170/ үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу зохигч талуудын  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу ... сумын ... байрлах 1120,0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу 1000 тонны зоорины өмчлөх эрх шинэ өмчлөгч С.Зд шилжиж, өмнөх өмчлөгч Б.Хын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

1. Зохигч талууд нь С.Зд өмчлөх эрх үүсгэсэн Худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээнд “...Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов...” гэсэн боловч нэхэмжлэгч Б.Х нь “...бодит байдал дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар С.Зтай тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдсаны татварыг бага төлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээндээ үнийг 5,000,000 гэж бичсэн ...” гэж үндэслэлээ тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр С.Зд худалдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.14-т “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар тогтооно” гэж заажээ.

Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг  тогтоодог тул онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал  байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь талууд гэрээний зүйл, үнийг  тохирсон байхыг шаарддаг тул талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээний үнийг шүүх тогтоохгүй болно.

Нэхэмжлэгч талын гаргасан худалдах худалдан авах гэрээний үнийг тогтоох тухай шаардлага нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Харин талууд худалдах худалдан авах гэрээний зүйл болох ... суманд байрлах үйлдвэрийн зориулалттай барилга буюу 1000 тонны зоорины үнийг хэдээр тохиролцож худалдсан, мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд гэрээний үнийг багасгаж гэрээндээ тусгасан эсэх үйл баримтуудыг нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч талууд хүлээхээр зохицуулсан болно.

Хэрэгт авагдсан 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дэвжих нэхий ХХК, Б.Х нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээнд ... суманд байрлах Үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 32,000,000 төгрөгөөр /хх-184/,

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ХААН банк, Г.Ц Ц.Т нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээнд уг үл хөдлөх хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр /хх-104-105/, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Болорзоос ББСБ, С.З нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр /хх-112/ тус тус үнэлснээс үзэхэд Б.Х, С.З нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох ... суманд байрлах 1120,0 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилгын зах зээлийн үнэ, ханш  5,000,000 төгрөг биш болох нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч талын гаргасан “...үл хөдлөх хөрөнгө худалдсаны татварыг бага төлөхийн тулд бага үнээр бичгээр байгуулсан гэрээндээ зааж, улсын бүртгэлд бүртгүүлсэн...” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Х нь “...1000 тонны ногооны зоорийг худалдахаар болвол С.З нь надад худалдаарай гээд гуйгаад байсан учир би С.Зд 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. С.З нь 28,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд тэрээр үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлчихвэл барьцаанд тавьж зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн учир түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээ гаргуулсан. С.З нь 50,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлнө, үлдэгдэл төлбөрийг удахгүй өгчихнө гэсэн учир бид 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. С.З нь уг үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлснээс хойш хэлснээрээ төлбөрөө төлөхгүй байсан учир 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 22,000,000 төгрөг нь дээр зээлийн гэрээ хийж, уг төлбөрийг баталгаажуулсан.

1000 тонны ногооны зоорийг 100,000,000 төгрөгөөр худалдсанаас С.З нь 28,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 72,000,000 төгрөгийг баталгаажуулж, дээрх зээлийн гэрээнүүдийг хийсэн...” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч С.З нь нийт 72,000,000 төгрөгийн зээлийн 2 гэрээ байгуулсан үйл баримтыг “...Б.Х нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг байгуулан С.Зын хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ дахин 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг урьдаас бэлдчихсэн “... энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол хөрөнгийг чинь шилжүүлэхгүй” гэсэн учир С.З нь хөрөнгөө өөрийн болгож авч чадахгүй байдалд хүрэхвий хэмээн санаа зовсон учир 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Х нь 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд С.Зын сэтгэл зүйн хямралтай байдлыг далимдуулан түүний хадам аав нас барсан, гэр бүлээрээ ажил явдал тохиолдсон, ном уншуулаад явж байхад гандангийн гадаа ирж машиндаа суулган авч явж нотариатч А дээр очиж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед С.З “хуурамч гэрээнд гарын үсэг зурсан ч ямар ч төлбөр мөнгө өгөхгүй” хэмээн маргалдаж үүнийгээ илэрхийлж байсан...” гэж тайлбарласан,

 Тэрээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэнд 28,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримтыг “... 2018 оны 02 сард Б.Х нь “... би их хэмжээний өрөнд орчихсон байгаа, та нар зоорийг барьцаалсан 21,000,000 төгрөгийн өрийг төлчих тэгээд зоорио өөрсдийн нэр дээр болгож ав” гэж хэлсний дагуу С.З нь өөрийн хөрөнгийн гэрчилгээг өмчлөлдөө шилжүүлж авахын тулд түүнд 28,000,000 төгрөгийг нөхөр М.Гийн дансаар шилжүүлж, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг өгсөн. С.З нь өөрийн хөрөнгөө Б.Хаас авахын тулд түүнтэй өр төлбөрийн ямар ч тооцоогүй атлаа үндэслэлгүйгээр 29,000,000 төгрөгийг өгсөн ...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Б.Хаас 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэгт авагдсан иргэн М.Г /хариуцагч С.Зын нөхөр/-ийн ХААН банкин дахь эзэмшлийн ... тоот данснаас нэхэмжлэгч Б.Хын ХААН банкин дахь эзэмшлийн ... тоот данс руу Золоо, З гэсэн гүйлгээний утгатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

            Хариуцагч С.Зын гаргасан  “Б.Хт 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх, “2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулахаар Б.Х нь С.Зын сэтгэл зүйн хямралтай байдлыг далимдуулсан, дарамталсан” гэх, “С.З нь өөрийн хөрөнгөө Б.Хаас авахын тулд түүнтэй өр төлбөрийн ямар ч тооцоогүй атлаа үндэслэлгүйгээр 29,000,000 төгрөгийг өгсөн ...” гэх үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Талуудын хооронд бичгээр хийгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэх бичгийн баримт болон хариуцагч С.Зын  2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн дансны гүйлгээгээр 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд Б.Х нь үл хөдлөх хөрөнгө буюу ... суманд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга /1000 тонны ногооны зоорь/-ыг 100,000,000 төгрөгөөр С.Зд худалдахаар тохиролцож, С.З нь 28,000,000 төгрөгийн төлж, үлдэгдэл төлбөр 72,000,000 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэл төлбөрөө баталгаажуулахаар дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч С.Зын гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 72,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Хариуцагч С.З нь “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “56.1.1-56.1.10-т заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэж хуулиар тогтоосон байх тул шүүх дээрх хуульд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохгүй болно.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор хуулинд зохицуулсан байна.

            Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тус тус хариуцагч С.Зын өмчлөлд мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч С.Хаас шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд хариуцагч талын гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч С.Заас 72,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, үлдэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үнийг 100,000,000 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,150 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978,850 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Заас улсын тэмдэгтийн хураамж 542,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА